Япон, Өмнөд Солонгосын хооронд "Худалдааны дайн 2" эхлэв

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

Япон, Өмнөд Солонгосын хооронд "Худалдааны дайн 2" эхлэв

Япон, Өмнөд Солонгосын хооронд "Худалдааны дайн 2" эхлэв

Японы засгийн газар Өмнөд Солонгос руу хагас дамжуулагчид болон ухаалаг гар утасны үйлдвэрлэлд ашигладаг өндөр технологийн химийн бодис экспортлох дүрэм журамдаа маш хатуу өөрчлөлт оруулж байгаагаа өчигдөр /2019.07.01/ зарласан юм. Энэхүү шийдвэр нь Өмнөд Солонгосын шүүх дайны үед боолчлогдож байсан хоёр иргэндээ Японы компаниудаар нөхөн олговор төлүүлэх шийдвэрийн хариу үйлдэл гэж Өмнөд Солонгосын тал үзэж байгаа аж.

Япон, Өмнөд Солонгос улсуудын хооронд 1910-1945 оны колоничлолын үеийн түүхээс улбаатай маргаан зөрчил одоо болтол үргэлжилдэг. Ийнхүү дипломат маргаан худалдааны салбар луу хальж, хоёр улсын харилцаанд улам ан цав үүссээр байна.

Тодруулбал, шинэ журмын дагуу энэ сарын 4-нөөс эхлэн гурван төрлийн химийн бүтээгдэхүүн, мөн зарим аж үйлдвэрийн технологийг Өмнөд Солонгост экспортлоход Японы үйлдвэрлэгчид засгийн газраас зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрөл өгөх хугацаа дунджаар 90 хоног байх аж. Энэ нь худалдааны шууд хориг тавиагүй ч экспортыг удаашруулах, төвөгтэй болгох арга хэмжээ авсан гэсэн үг юм. Дээрх зөвшөөрлийг нэг удаа аваад болох биш бүр бараа бүтээгдэхүүн экспортлох бүртээ авахаар шийдвэрлэсэн нь аль аль талыг ихэд бухимдуулсан шийдвэр болжээ.

Шинэ журамд багтаж буй химийн бодисуудыг ухаалаг гар утасны бичил чип, дэлгэц гэх мэт электроникийн эд ангиудыг үйлдвэрлэлд ашигладаг байна. Үүнээс гадна Өмнөд Солонгосыг үйлдвэрлэлийн технологи шилжүүлж авах эрхтэй орнуудын “цагаан жагсаалт”-аас хасах эсэх талаар олон нийтийн санал асуулга явуулах болсноо Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам мэдээлжээ.

Японы засгийн газрын шийдвэрийг зарласны дараа Өмнөд Солонгосын ухаалаг утасны үйлдвэрлэлийн зах зээлд хэлбэлзэл үүсч “Samsung” компанийн хувьцааны үнэ 0.74 хувиар унасан бол LG Electronics-ийн хувьцааны үнэ 2.45 хувиар унажээ.

Уг шийдвэр Японы компаниудад ч сөрөг нөлөө үзүүлнэ гэж зах зээлийн судлаачид үзэж байна. Японы “IwaiCosmo Securities” компанийн шинжээч Казуёши Сайто “Нийт борлуулалтынх нь 10-20 хувийг Өмнөд Солонгосын зах зээл эзэлдэг Японы үйлдвэрлэгчдэд уг шийдвэр богино хугацаанд сөрөг нөлөө үзүүлэх нь ойлгомжтой” хэмээн ярьсан байна.

Японы уг шийдвэрийн дараагаар Өмнөд Солонгосын засгийн газар энэ талаар Дэлхийн худалдааны байгууллагад /ДХБ/ гомдол гаргахаа мэдэгдэв. Тус улсын Аж йүлдвэрийн сайд Сун Юн Мо “Манай улс Япон улстай харилцан ашигтай эдийн засгийн харилцааг эрхэмлэн ихэд хүчин чармайлт гаргаж байгаа. Харин Японы Засгийн газар дайны үеийн нөхөн төлбөрийн асуудлыг хоёр улсын эдийн засгийн харилцаатай хольж хутгаж байгаад бид харамсаж байна” гээд Японы уг шийдвэр ДХБ-ын нйитлэг дүрэмтэй харшилж байгаа учир гомдол гаргах болно гэв.

Японы талаас энэ шийдвэр Өмнөд Солонгосын дээд шүүхийн шийдвэртэй огт хамаагүй асуудал гэж мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын чипний экспорт зургадугаар сарын үзүүлэлт өмнөх оныхоос даруй 25,5 хувиар буурч, 8,31 тэрбум ам.долларт болжээ. Энэ бууралт нь дэлхийн өнцөг булан бүрт ухаалаг гар утасны эрэлт хэрэгцээ буурсантай холбоотой гэж тус улсын Аж үйлдвэрийн сайд мэдэгджээ.

Эх сурвалж: KOREA TIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж