Португалын экс ерөнхийлөгч Жорже Сампайю, Намбийн нүдний мэс засалч Хелена Ндуме
Нэгдсэн үндэсний байгууллагаас /НҮБ/ Нелсон Манделагийн нэрэмжит шагналаар Португалын экс ерөнхийлөгч Жорже Сампайю, Намбийн нүдний мэс засалч Хелена Ндуме нарыг шагнаж урамшууллаа. Тэднийг хүн төрөлхтөний сайн сайхны төлөө хийсэн үйлсийнх нь төлөө Нелсон Манделагийн шагналаар шагнажээ. Шагналыг албан ёсоор ирэх долдугаар сарын 24-нд гардуулан өгөх аж.
Өдгөө 75 настай Жорже Сампайю нь 1970-аад оны Португалын хувьсгалд оролцсон оюутан ахуй цагаасаа ерөнхийлөгч болсон хойноо ч ардчилалын төлөө тэмцсээр иржээ. Тэрээр 1996-2006 оны хооронд Португалын ерөнхийлөгчөөр ажилласан юм. Жорже Сампайю Европын нэгдэх үйл явцыг дэмжихийн хажуугаар Португалын өнөөгийн ардчилсан, орчин үеийн дүр төрхийг бүтээж чаджээ. Мөн тэрээр Макаог Хятадад эргүүлэн өгсөн байна.
Харин нүдний мэс засалч Хелена Ндуме нь өвчний улмаас хараагүй болсон Намбийн иргэдэд үнэ төлбөргүй мэс засал хийж, Анголд нүдний эмчилгээний кэмпүүд байгуулж, ядуу буурай орны иргэдэд туслах олон улсын байгууллагад ажиладаг сайхан сэтгэлтэй эмч бүсгүй юм.
НҮБ-ын Ерөнхий ассамблей өнгөрсөн жил Нелсон Манделагийн нэрэмжит шагналыг бий болгосон юм. Өмнөд Африкийн анхны хар арьст ерөнхийлөгч Нелсон Мандела 2013 оны арванхоёрдугаар сард таалал төгссөн билээ. Арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тууштай тэмцэгч, Нобелийн энх тайвны шагналтан Нелсон Мандела Өмнөд Африкт улс төрийн шилжилтийг тайван замаар хийж чадсан гавъяатай.
Эх сурвалж: Agence France-Presse
Б.АНХТУЯА