Ардын зураач багш, шавь хоёрын “Урлагийн амьдрал” | News.MN

Ардын зураач багш, шавь хоёрын “Урлагийн амьдрал”

Ардын зураач багш, шавь хоёрын “Урлагийн амьдрал”

Ардын зураач багш, шавь хоёрын “Урлагийн амьдрал”

Монгол Улсын дүрслэх урлагийн салбарт нийт 12 Ардын зураач бий. Тэднээс өнөөдөр хоёр л Ардын зураач амьд сэрүүн үлдэж, уран бүтээлээ одоо ч туурвиж буй. Тэд бол Монгол, Франц улсын Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бадамжавын Чогсом, түүний шавь Төрийн шагналт, Ардын зураач Долгоржавын Болд нар юм.

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан багш, шавь хоёрын хамтарсан “Урлагийн амьдрал” уран бүтээлийн үзэсгэлэнг өчигдөр /2019.07.01/ Монгол арт галерейгаас зохион байгуулж, олны хүртээл болгон дэлгэлээ.

Үзэсгэлэнгийн бүх танхимд тэдний 200 гаруй бүтээлээс дээжлэн тавьжээ. Зарим бүтээлээс нь дурдвал Ардын зураач Б.Чогсом гуайн 1984 онд зурсан “Цахилгаан станц”, “Залуу малчид худаг дээр”, “Заан Тэрэлж”, “Гол дээр”, “Дарь эхийн сүм-Парис”, “Намрын уянга” зэрэг он удаан жилийн түүх өгүүлэх бүтээлүүдээс гадна судалбар зураг болон сүүлд 2019 онд зурсан шинэхэн бүтээлүүдээсээ дэлгэсэн нь олны сонирхлыг ихэд татаж байв.

“Урлагийн амьдрал” үзэсгэлэнд Б.Чогсом багшийн дэлгэсэн 1958-1982 оны судалбарууд болон Монгол арт галерейн сан хөмрөг дэх уран бүтээлүүд нь тухайн цаг үед улс оронд өрнөж байсан бүтээн босголтын үйл явцаас баримтжуулснаараа өндөр ач холбогдолтой, дахин давтагдашгүй, үнэ цэнэтэй.

“БИ НЭГ ОН АЛГАСАЛГҮЙ БҮТЭЭЛЭЭ ХИЙЖ ИРСЭН” 

Монгол, Франц улсын Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бадамжавын Чогсом

Тэрбээр үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Өнөөдөр би маш өндөр сэтгэгдэлтэй байна. Монголын дүрслэх урлагийн салбарын мөрөөдлийг биелүүлж, томоохон галерей байгуулсанд тун баяртай байна. Монгол Улсын соёл урлаг үргэлж мандан бадарч байх болтугай. Миний 110 орчим бүтээлийг дэлгэсэн бөгөөд энэ бүтээлүүдээрээ 1940, 1950 хэдэн оны Монголын амьдралыг өгүүлж, харуулсан байдаг. Би нэг он алгасалгүй бүтээлээ хийж ирсэн. Тэр болгоныг дэлгэн тавих нөхцөл алга шүү дээ. Одоо бодоод байхад нэлээдгүй бүтээл зуржээ. Өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодод хэчнээн уран бүтээлээ мартсанаа санахгүй байна” гэв.

Түүний урын сан дахь олон төрөл, зүйл сэдэв агуулгыг хамарсан 2000 гаруй бүтээл нь нийгмийн амьдралыг эерэгээр өөрчлөхүйц үлгэр жишээ, үйл явдлыг тусгахыг эрхэмлэсэн байдгаараа онцлог ажээ. Тойм дүрслэл, нягт цулгуй өнгө, бэлгэдлийн хэллэгээрээ тун шинэлэг, өвөрмөц байх ажээ. Үүнд Б.Чогсом зураач Москва хотноо олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж, Франц улсад эх орноо төлөөлөн ажиллахдаа дэлхийн урлагт шинэ бүхнийг эхлүүлж байсан модернизмын урлагийн олон урсгалыг шимтэн судалсан нь нөлөөлсөн гэлтэй.

“АБСТРАКТ ЗУРГУУДААРАА ӨӨРИЙНХӨӨ АМЬДРАЛЫГ ӨГҮҮЛСЭН”

Төрийн шагналт, Ардын зураач Долгоржавын Болд

Зураач До.Болдын хувьд 2017-2018 онд бүтээсэн абстракт зургуудаа түлхүү дэлгэсэн байна. Бүтээлийнхээ тухай тэрбээр танилцуулахдаа “Сүүлийн жилүүдэд миний амьдралд гарсан өөрчлөлтүүдээс үүдэн сэтгэл санааны байдлаа үзэгчидтэйгээ хуваалцаж байгаа юм. Хүний амьдрал эрээнтэй бараантай шүү дээ. Өнгөрсөн хугацаанд амьдралынхаа ханийг алдлаа. Элдвийг л туулж, үзлээ. Би зургаа зурсаар л байна. Энэ удаагийн үзэсгэлэнд ойрын хоёр гурван жил Энэтхэг улсад хийсэн бясалгалынхаа ачаар зурсан бүтээлүүдээс түлхүү дэлгэгдлээ. Бид хоёрын үзэсгэлэнгийн нээлт үнэхээр сайхан боллоо” хэмээн ярив.

Зургийн хавтгай дээр тоглох зураас, өнгө, тэдгээрээс үүссэн янз бүрийн үл танигдах дүрсүүд. Энэ бүгд нийгэмд илэрч байдаг баяр баясал, айдас, өөдрөг эсвэл гунигтай, сайн эсвэл муу мэдрэмж төрүүлэх ажээ. Эдгээр нь агуу В.Кандинскийн онолд тулгуурласан оюун санааны ертөнцийг илэрхийлэх арга юм.

Төрийн соёрхолт, Ардын зураач До.Болд гуай 67 настай бол энэ жил Монгол, Францын Ардын зураач Б.Чогсом гуайн 90 насны ой тохиож буй ажээ.

Монгол арт галерейн гүйцэтгэх захирал Н.Гүнчинсүрэн нээлтийн ёслолын үеэр ярихдаа “Манай галерей энэ удаа Монгол Улсын Ардын зураач Б.Чогсом, түүний шавь Төрийн соёрхолт, Ардын зураач До.Болд нарын хамтарсан “Урлагийн амьдрал” үзэсгэлэнг дэлгэж байна. Энэ бол манай галерейд нээлтээ хийж буй хоёр дахь үзэсгэлэн. Багш, шавь хоёрын 200 гаруй бүтээлийг дөрвөн давхрын бүх танхимдаа дэлгэсэн байгаа. Долдугаар сарын 4, 5-нд хоёр уран бүтээлч маань мастир класс зурж үзүүлж, үзэсгэлэнгийн туршид сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах болно” гэв.

Монголын урчуудын эвлэлийн захирал Б.Төмөрбаатар “Манай Улаанбаатар хотод “Монгол арт галерей” хэмээх уран зургийн сайхан галерей нээлтээ хийгээд сарын хугацаа болж байна. Монгол Улсын Ардын зураачдаас амьд сэрүүн байгаа хоёр ахмад зураачдынхаа үзэсгэлэнг дэлгэж байгаад баяртай байна. Монголын дүрслэх урлагийн түүх болсон уран бүтээлчдийнхээ үзэсгэлэнг зохион байгуулж буй “Монгол арт галерей”-н хамт олондоо талархаж байна. Удахгүй Ардын зураач Б.Чогсом гуайн 90 насны ой тохионо. Монголын урчуудын эвлэлээс хүндэтгэл үзүүлж, тэмдэглэх юм” гэж ярилаа.

Гэрэл зургийг: Г.БИЛГҮҮН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-02 203.91.118.180

юу гуцаад байгаан францын ардын зураач гэнэ шүү

Avatar

Шүтэн бишрэгч 2019-07-02 103.57.92.17

Монгол Франц улсуудын найрамдлыг бэхжүүлэхэд байгуулсан гавьяаг нь үнэлж БНФУ энэ эрхэм хүндтэй хүнд "Франц улсын ардын зураач" гэдэг шагналаа олгосон юм . Чам шиг Т1 хэзээ ч ойлгохгүй л дээ

Avatar

Zochin 2019-07-02 84.115.80.2

Aguu ih aviyastai ardyn zuraach nartaa uran buteeliin undur amjilt husch urt udaan naslahyg husen yureeye!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж