Говиос хэлхсэн гоё мэдээ

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

Говиос хэлхсэн гоё мэдээ

Говиос хэлхсэн гоё мэдээ

Жилийн цэвэр ашиг нь 806 тэрбумаар тоологдох “Эрдэнэс Тавантолгой” гэж төрийн өмчит “Эрдэнэт”-ээс дутахгүй баян компанитай болсныг хэлэх үү, дагаад улстөрчдийн шунал хүсэл, ашиг сонирхол, олны хэл ам, хардлага сэрдлэг үл тасарна. Улсаараа хувьцаатай тус компанийн Улаанбаатар дахь төв оффисийг нь тойрсон улс төрийн хэм ид улайсч байгаа бол уурхай дээр нүүрс олборлох, тээвэрлэх ажил чөлөө завгүй явагдаж байна.

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн шүлэгт гардагчлан гангийн нар дээрээс нь хуйхалчихсан юм уу гэмээр энэ жил хур бороо багатайгаас болсон уу говь нутагт  зуншлага тааруухан  харагдана. Газрын өнгө одооноос л ногоорч байгаа шинжтэй, ноостойгоо ноолорсон тэмээ зам зуурт цөөнгүй харагдав. Улаанбаатараас Өмнөговь чиглэлийн зам ёстой л там болжээ. Энхэл донхол, эвдэрч муудсан тэр л замаар 10 гаруй цаг явж, "Эрдэнэс Тавантолгой"-н кэмп дээр очлоо.

Цогтцэций сумаас 30-аадхан километрийн зайтай “Эрдэнэс Тавантолгой”-н гэр кэмпүүд нь дотроо халуун ус, бие засах газартай.  Уурхайчдыг тав тухай амраах нөхцөлөөр хангахын тулд номын сан, амрах төв, спорт  заал барьж хэрэндээ хичээсэн харагдана. Гэхдээ хувийн том кэмпүүдийг яаж гүйцэхэв. Мэдээж, төрийн өмчит компанид зовлон их.  Хөрөнгө мөнгийг нь дээрээс "хамчихдаг". Тиймээс кэмпээ сайжруулъя, уурхай хүртэл хар зам тавъя гэхээр бас л нөгөө том дарга нарын амыг харахад хүрдэг аж.  Компанийн гүйцэтгэх захирал бол ТУЗ-ийн шийдвэргүйгээр юу ч шийдэж чадахгүй.  Ийм зовлонгүй  төрийн өмчит компани Монголд байхгүй.

Уурхайн ажлын ид оргил үед Тавантолгойн зүүн, баруун Цанхид 600 орчим хүн өдөр, шөнөгүй ажилладаг аж. Тэдний хүчээр “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жил 806 тэрбумын цэвэр ашиг олж, тэр мөнгийг нь ҮАБЗ-ийн зөвлөмжөөр Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр болсон билээ.

Тавантолгойн орд нь коксжих нүүрсний чанараараа Монголдоо төдийгүй дэлхийд дээгүүрт тооцогддог орд. Эрчим хүчний болон коксжих нүүрсний нөөц нийлээд 6.4 тэрбум тонн.

Өнгөрсөн жил гэхэд тус ордоос 13 сая тонн нүүрсийн экспортод гаргасан бол энэ жил 18 сая тонн нүүрс экспортод гаргах зорилт тавьжээ.

Одоогоор 8.3 орчим сая тонн нүүрс экспортод гаргасан талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Ц.Баярмагнай ярьж байна. Зүүн Цанхид “TTJVCO”, баруун Цанхид “Моннис”, “Хишиг арвин индустриал” олборлолт хийж байгаа бөгөөд тэд ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутагт зориулсан бүтээн байгуулалт хийж эхэлснийг мөн дуулгав.

"Жилийн ашгаа компанийн хөгжилд хэрэгтэй бүтээн байгуулалтад зарцуулсан бол" гэх бяцхан харамсал уурхайчдын дунд байгаа ч тус компанийн зүгээс 2019 онд хийхээр төлөвлөсөн, хүнд даацын автомашины зам тавих, нөхөн сэргээлтийн чиглэлээр хийж буй ажлуудаа болж бүтэхээр нь явуулж байна.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн компаниуд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг болсон.  Орон нутгийг хөгжүүлэх, байгаль орчныг сэргэхэд чамгүй хөрөнгө зарцуулдаг болсон билээ.

“Эрдэнэс Тавантолгой” ч говийнхны өмнө хариуцлагаа ухамсарлаж,  их говийг ногооруулах  гоё төслийг эхлүүлээд байгаа аж. Төслийн нэр нь “Ногоон говь”. Нийтдээ 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилттэй уг төслийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд говьд ямар мод ургах талаар эрдэмтэдтэй хамтарсан туршилт явуулжээ.

ЭЛСЭН ГОВЬД 100 МЯНГАН МОД ТАРИНА

“Эрдэнэс Тавантолгой” компани ХААИС-тай хамтран хэрэгжүүлж буй  “Ногоон говь” төслийн үндсэн зорилго нь кологийн сүйрэлд өртөж яваа говийн бүс болоод тоос, шороон дунд амьдарч суугаа говийнхны эрүүл мэндийг хамгаалах үүднээс г 2011 оноос хайлаас, сухай, бургас, шар хуайс зэрэг 10 гаруй мод тарьж, аль нь говийн хөрсөнд зохицож ургаж болохыг туршсан байна.

“Нийтдээ 85 мянган га талбайг ногооруулах төлөвлөгөөтэй. Говьд сухай, хайлаас, шар хуайс зэрэг мод сайн ургаж байна. Уул уурхайн байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах үүднээс энэхүү төслийг элүүлсэн” гэж ХААИС-ийн Агроэкологийн их сургуулийн захирал А.Буянбаатар ярилаа.

Цогтцэций сумын нутагт 100 мянган мод суулгах ажлыг 2015 оноос эхлүүлсэн гээд, “Моннис”, “Хишиг арвин индустриал”, “TTJVCO” өөрсдийн хөрөнгөөрөө мод тарих төслийг санхүүжүүлж байгаа аж. Говь ногоорсноор Цогтцэций сумын иргэдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байгаагаа ч нуусангүй.

85 мянган га талбайд 100 мянган мод тарих төслийг эхлүүлсэн аж. Говийн хөрсөнд бургас, шар хуайс, сухай илүү тохирсон тул эдгээр моддыг Цогтцэций сумын баруун хойхно тарьж эхэлжээ.

Хоёр настай нялх моддыг Сэлэнгээс авчирч тарьж байгаа тул арчилгаа, тордолгоо маш сайн хийх хэрэгтэйг Эрдэнэс Тавантолгой” компанийн нөхөн сэргээлт хариуцсан менежер Ц.Төмөрсүх хэллээ.

Уул уурхайн үйлдвэрлэлийн бүс болоод ч тэр үү, Цогтцэций багахан хүн амтай аймгийн төвөөс илүү тэлжээ. Хүнс, барааны дэлгүүр, зочид буудал цөөнгүй харагдана. Бараа бүтээгдэхүүний худалдан авалт ч сайтай байдаг бололтой. Уул уурхай дагасан аймгийн иргэдийн амьжиргаа бусдаасаа сайн байдаг , орон нутгийнхан ч ажил орлоготой амьдардаг нь сумын төвд буугаад мордох төдийд л илт.

ГУРВАН "Э"-Г ИЛЭРХИЙЛЭХ ЗАМ

Гурван Э гэдэг нь эдийн засаг, эрүүл мэнд, экологи гэсэн утгатай. Өнгөрөгч Ням гаригт нүүрсний жолоочдод дуулгах сайхан үйл явдал тохиосон нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүжилтээр баригдсан хүнд даацын автомашины 8.2 замыг нээсэн явдал. Замын нээлтэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг болон аймаг, сумын удирдлагууд оролцсон. Тавантолгойн ордоос  14 мянган машин нүүрс тээвэрлэдэг. Энд тэндгүй гаргасан хүнд даацын авто машины замаас болж Цогтцэций сумын иргэд нүүгэлтсэн тоосон дунд амьдрах.  Нөгөө талдаа, нүүрсний шороон замд олон арван осол гарч, тээвэрлэлтийн жолооч амь нас эрүүл мэндээрээ хохирдог.

Б.Ганхуяг захирал “Энэ зам олон талын ашигтай байх болно. Нэгдүгээрт, экспортыг нэмэгдүүлэх эдийн засгийн ач холбогдолтой. Хоёрт, тээвэрлэлтээс болж говийн хөрс элэгдэж, орчны тоосжилт ихтэй. Тиймээс сумын иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад багагүй үүрэг гүйцэтгэнэ. Гуравт, говийн экологийг хамгаална” гэж онцолсон.

Тавантолгойн нүүрсний замд аваар осол багагүй гардаг. Сүүлийн таван жил 55 хүн энэ замд амь насаа алдсан тооцоо бий. Тэгвэл нүүрсний автомашины зам тавигдсанаар осол эндэгдэл буурч, орон нутгийнхны эрүүл мэндэд ч хэрэгтэй гэдгийг Өмнөговь аймгийн ИХТ-ын дарга Х.Сугир хэлж байна. Тус замыг “Арж капитал” компани нэг жил зургаан сарын дотор барьжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг замыг зургадугаар сард ашиглалтад оруулах үүрэг өгсний дагуу зургадугаар 30-ны өдөр нээлтээ хийсэн нь энэ аж. Замын нийт санхүүжилт нь 31 тэрбум төгрөг. Цаашдаа Ханги-Мандалын замыг концессын гэрээгээр барих юм байна.  Нүүрс тээвэрлэлтийн жолооч нарт зориулсан амралтын ложистик байгуулахаар ажил эхэлж байгааг "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал танилцууллаа. Мөн л Ерөнхий сайдаас  өгсөн "гэрийн даалгавар" аж.  Гэхдээ заавал төр энэ асуудлыг шийдэх ёстой биш л дээ, тээвэрлэлтийн компаниуд нүүрснээс чамгүй ашиг олдгийн хувьд жолооч нарыгаа амраах, алжаал тайлах асуудлыг нь өөрсдөө нийгмийн ухамсараараа шийдэж болмоор. Ашиг орлогыг нь өөрсдөө хүртчихээд ажил хийх болохоор төрийг буруутгадаг гаж сэтгэлгээгээ нүүрс тээвэрлэлт эрхэлдэг компаниуд өөрчлөх ёстой ч юм шиг. Тэдгээр компаниудын эзэд нь Төрийн ордон хавьцаа суудаг тухай яриа эртнээс л чих дэлсдэг.    Долдугаар сараас тус замаар явж байгаа нүүрсний машинуудаас хураамж авах асуудлыг шийдэх аж. Одоогоор хэдэн төгрөгийн хураамж яаж авах вэ гэдгээ шийдээгүй байгаа гэнэ.

Замын нээлттэй давхцсан нэг арга хэмжээ болсон нь  “Эрдэнэс Тавантолгой” компани аймгийн онцгой байдлын хэлтэст фургон машин бэлэглэсэн явдал. Өнгөрсөн жил тус аймагт хоёр ч машин бэлэглэжээ. Ийнхүү өмнийн говьд уул уурхай дагасан бүтээн байгуулалт, томоохон төслүүд ид өрнөж байна. Гашуун ч гэсэн Монгол нүүрсээ ухаж зарахгүйгээр амьдарч чадахгүйгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж