"Монголчуудын төрх Хятан Их Ляо улсын язгууртнуудынхтай төстэй"

Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

"Монголчуудын төрх Хятан Их Ляо улсын язгууртнуудынхтай төстэй"

"Монголчуудын төрх Хятан Их Ляо улсын язгууртнуудынхтай төстэй"

Монголын өндөрлөгийн өмнөд хэсэг, одоогийн БНХАУ-ын умард хэсэгт X-XII зуунд буюу 916 онд Хятанчууд Их Ляо улсыг байгуулан, 200 гаруй жил аж төрж байсан түүхтэй. Тэдний түүхэнд холбогдох тоног хэрэгсэл, зан үйлийн эд өлөг зэрэг нь нүүдэлчдийн ахуй соёлтой салшгүй холбоотой болохыг илэрхийлдэг аж. Түүнчлэн царай төрхийн хувьд ч монголчуудтай ижил төстэй байсныг археологичид хэлж буй. Энэ тухай Өвөрмонголын соёлын өвийн археологийн хүрээлэнгийн орлогч захирал Жан Хүн Шинтай ярилцлаа.


-Өвөрмонголд Хятан Их Ляо улсын үеийн олдворуудаас гадна монголчуудын түүхэнд холбогдох  соёлын ямар дурсгалт зүйлс хадгалагдаж байна вэ?

Өвөрмонголын нутгаар хүн төрөлхтөн анх үүссэн буюу чулуун зэвсгийн үеэс авахуулаад бүхий л үеийн археологийн дурсгалт зүйлс хадгалагдаж байна. Түүнийг нээн илрүүлсэн. Нүүдэлчдийн Хүннү, Сяньби, Түрэг, Хитан, Монголын үеийн түүхэнд холбогдох археологийн дурсгалууд элбэг олдсон.

-Монголын Үндэсний музейд анх удаа дэлгээд буй Хятан Их Ляо улсын үед холбогдох археологийн дурсгалт үнэт олдворуудыг харж байхад маш сайн хадгалагдаж иржээ. Энэ нь хадгалалт хамгаалалтад байна уу, эсвэл эртний олдвор цуглуулгуудыг шинэ юм шиг харагдтал сэргээн засварласанд байна уу?

Өвөрмонголын нутагт буй язгууртны үеийн бунхан бүрэн бүтэн хадгалагдаж, тонуулчид ороогүй учраас дийлэнх олдворууд нь тэр цаг үеэс эдүгээ хүртэл бүрэн бүтнээрээ хадгалагдаж үлдсэн. Харин олдворт ямар нэгэн хэмжээгээр сэв суух, хагарч цав үүсэх зэргийг орчин үеийн технологиор сэргээн засварлаж хамгаалсан. Ер нь бид 2005 оноос эхлэн 10 гаруй жилийн турш Монголын археологийн байгууллагатай хамтран ажиллаж байна.

-Өвөрмонголын нутгаас олдсон Хятан Их Ляо улсын олдворуудыг анх удаа Монголд дэлгээд байна. Манай эриний өмнөх 923 оны үед амьдарч байсан энэ үндэстний гарал үүсэл нь монголчуудтай салшгүй холбоотой гэв үү?

-Нүүдэлчин үндэстэн гэх нүүдлийн соёлыг уламжлан авч үлдсэнээрээ монголчуудтай ижил төстэй тал бий. Өвөрмонголын нутгаас олдож буй олдворуудаас адуу морины тоног хэрэгсэл олдсоныг Монголын Үндэсний музейд дэлгэсэн.

Нөгөө талаасаа гадаад төрх байдлын хувьд монголчуудтай төстэй. Язгууртны булшин дахь ханын зураг хөргөөс харахад нүүр царайны хувьд их адилхан гэсэн үг. Харин бунхант оршуулгыг харахад Тан улсын нөлөө их харагддаг.

Монголчуудын оршуулах зан үйлтэй адилхан гэж хэлэхийн аргагүй Тан улсын бунхант оршуулгын хэв маягтай. Жишээ нь, газарт нүх ухаж бунханд хийж, шороогоор булдаг, дээр нь үүдэвчтэй байдаг нь Хятадын соёлоос ялгарах зүйлгүй.

-Хэдийгээр Хятадын соёлыг агуулсан гэх боловч зарим талаараа Хүннүгийн язгууртны бунхантай төстэй биш үү. Хүннүгийн үеийн язгууртнуудыг зарц шивэгчид, хайртай хүлэгтэй нь хамт оршуулдаг байсныг археологичид дагуул булш гэдэг бол Хятанчуудын язгууртны булшны ханын зурагт зарц шивэгчид нь үйлчилж буйгаар дүрсэлсэн байх. Мөн Хүннүгийн язгууртны бунхан дотроо хана нь эсгий ширдэгтэй байдаг. Хятанчуудын язгууртны булшны ханын зурагт хүлэг морь, эмээл, зарц шивэгчдийг нь дүрслэснээс гадна хар, цагаан, улаан өнгийг хослуулсан байдаг нь ямар утгыг илэрхийлдэг вэ?

Хятанчууд төдийгүй монголчууд бүгд л Төв Азийн өндөрлөгт амьдарч байсан нүүдэлчин гэдэг утгаараа уламжилсан соёлтой. Хүннүгийн үеийн язгууртнуудын бунхан ханаараа эсгий ширдэгтэй байсан, хятанчуудын язгууртны бунхнаас ханын зураг олддог нь өөр хоорондоо нийтлэг зүйл юм. Мөн булшнаас нь морины эмээл, тоног гарч ирэх нь түгээмэл. Гэхдээ хятанчууд оршуулгын зан үйлд баримтлах зарчимтай байсныг бунхны ханын зураг гэрчилдэг л дээ. Тэдний үзлээр тухайн хүн сэрүүн ахуй цагтаа ямар сууцад амьдарч байсан нас нөгчөөд ч бас тийм гэр сууцад амьдарна гэж итгэдэг байсан учраас зургаар илэрхийлдэг байж. Өнгөний тухайд хятанчууд хар, цагаан, улаан өнгийг оршуулгын зан үйлдээ нарийн баримталдаг байсан.

Ханын зурагт зарц шивэгчдийг дүрсэлдэг нь эзэндээ хойд насанд нь ч бас үйлчилнэ гэсэн утга агуулж байгаа юм. Энэ нь ч бас хүннүчүүдтэй төстэй. Дээр хэлсэнчлэн адилхан эсгий туургатай нүүдэлчидтэй салшгүй холбоотой байсан учраас тэр юм.

Хятан Их Ляо улсын угсаа гарвал нь тогтоогдсон уу. Нүүдэлчидтэй төстэй атлаа бас зарим талаараа Тан улсын өв соёлыг тээсэн байж?

Угсаа гарвалын тухайд одоо ч будлиантай асуудал хэвээр байгаа юм. Судалгааны хувьд эцсийн дүгнэлт гараагүй. Гэхдээ Хятан Их Ляо улс мөхсөний дараа нэг хэсэг нь тухайн үеийн монголчуудад аймаг болж нэгдсэн. Угсаа гарлын тухайд ямар нэгэн байдлаар холбоотой ч монголчуудын өвөг дээдэс гэж хэлж бас болохгүй юм.

-Монголчуудад дагаар орохдоо одоогийн Монгол Улсын нутгаар дайран өнгөрч байсныг илтгэх олдвор олдсон тухай та өмнө нь хэлж байсан. Ямар олдвор илрүүлсэн бэ?

-Хятан Их Ляо улс бутрах үед зарим язгууртан нь баруун Ази руу нүүсэн байдаг. Ингэхдээ Монголын нутгаар дайрч, хэсэг хугацаанд оршин тогтнож байх үедээ ямар нэгэн хэмжээгээр түүх соёлын дурсгалт зүйлсийг үлдээсэн. Энэхүү дурсгалт зүйлс нь одоогоор Монгол Улсын нутагт байгаа.  Хитанчуудын газар нутаг тухайн үед Монголын хэсэг газар нутгийг хамарч байсан. Харин монголчуудтай угсаа гарвалын хувьд ямар нэгэн холбоотой эсэхийг одоогоор ярих боломжгүй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж