Хуучирсан мэдээ: 2019.07.02-нд нийтлэгдсэн

76:1

"Элдэвтэй" гишүүн

"Элдэвтэй" гишүүн

“NEWS” агентлаг 76:1 буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын тухай онцолж байна.


Өнөөгийн парламентад анх удаа төрийн түшээгээр ажиллаж буй 20 гаруй гишүүн бий. Тэдний нэг нь “MCS”-ийн  тодотголтой Л.Элдэв-Очир гишүүн.  2016 оны сонгуулиар Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшин, Ерөнхийлөгч Х.Баттулгыг ялж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Түүнийг “царцаа”-ны аргаар ялалт байгуулсан гэх яриа ч байдаг.

Л.Элдэв-Очир гишүүнд өвдөг шороодсон Х.Баттулга Ерөнхийлөгч тухайн үед Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, “2900 царцаанаас болж ялагдлаа. Энэ аймаг шиг бүтээн байгуулалт хийсэн аймаг байхгүй. Би энэ 2900 царцааны асуудлаар шүүхэд хандана. Бид ялагдлаа. Гэхдээ ялагдал гэдэг ялалтын эхлэл" хэмээн мэдэгдэж байсан юм. Ирэх жил нь тэрбээр мэдээж Ерөнхийлөгчөөр сонгогдож ялалт байгуулсан.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир улс төрд бол шинэ хүн. Харин бизнесийн салбарт туршлагатай нэгэн. Тэрбээр  "М-Си-Эс" группын үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд томоохон хувьцаа эзэмшигч нь. 2003-2012 онд “MCS групп” ХХК-ийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад, улс төрийн замнал нь 2012 оноос эхлэлтэй аж.

Л.Элдэв-Очир Ерөнхий сайд асан С.Батболдын  Хөдөөгийн бодлого эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байхдаа 2012  онд УИХ-ын сонгуульд Баянхонгорт аймагт нэр дэвших бэлтгэлээ хангаж байсан ч намаас нь Монгол Улсаас Канад улсад суух Элчин сайдын гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллах үүрэг хүлээлгэсэн гэдэг. 2013 онд тус улсаас эргэж ирээд, Баянхонгор аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж, энэ үеэс Баянхонгор аймагт суурин амьдарч эхэлсэн.

Л.Элдэв-Очир гишүүн хэдийгээр шинэхэн улс төрч ч гэлээ хэлэх зүйлээ хэнээс ч айхгүй хэлчихдэг. Ялангуяа тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгатай таарамж муу, үргэлжид тэд бие биедээ өширхдөг гэж хэлж болно.  Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг "30 гэр бүлийн нэг" гэдэг. Ерөнхийлөгчөөс төмөр замыг байнга нэхдэг ганц хүн нь мөн л Л.Элдэв-Очир гишүүн. Ер нь боломж таарвал Баянхонгорын хоёр бие биедээ хатуухан үг чулуудчихдаг.

Өнгөрсөн өвөл Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдлын эсрэг хэлэлцүүлгийн үеэр Л.Элдэв-Очир гишүүнд хандан, “100 тэрбум төгрөгөөр зуух шахсан хүн миний хажууд сууж байна” гэж хэлсэн нь хэсэгтээ л Л.Элдэв-Очир гишүүний ундууцлыг төрүүлсэн. Үүний хариуд Л.Элдэв-Очир гишүүн “ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга гэж хүн болчимгүй үйлдэл хийдгээ болихгүй байна. Ерөнхийлөгч буурь сууж, төлөвшихгүй байна” хэмээн дараа өдөр нь хариу барьсан билээ. Тэрбээр УИХ-ыг тарахыг шаардсан Ерөнхийлөгчийг эсэргүүцэж, хатуухан тайлбар ганцаараа чулуудсан "элдэвтэй" гишүүн.

Л.Элдэв-Очир гишүүний хувьд ЖДҮ-д холбогдоогүй цөөхөн гишүүдийн нэг. Тэр зарим гишүүд шиг тэр бүр попроод байдаггүй. Харин хэлэх үгээ бол хэний ч өмнө хэлчихнэ. Тэрбээр олон жил MCS компанийг удирсаны хувьд мөнгөний амтыг сайн мэднэ. Энэ утгаараа тэрбээр УИХ-аар хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцэх үеэр “Халамжийн бодлогыг зогсоо, таван хүүхэдтэй айлын эцэг эх сардаа 100 мянган төгрөг аваад түүгээрээ тансаглаж байна” гэж хэлсэн нь хэсэгтээ  л олон нийтийн дургүйцлийг хүргэсэн.

Хэдий түүний хэлсэн үг хатуу ч гэлээ үнэний ортой. Мөнгөний үнэ цэнийг мэдэх хүний хувьд хүнд зүгээр мөнгө өгөхгүй нь тодорхой. Тэр ч үүднээс дээрх үгийг хэлсэн болов уу. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын ХОМ-ийг сонирхвол тэрбээр 13 тэрбум 979 сая төгрөгийн, гэр бүл нь 9 сая төгрөгийн орлоготой. Амины орон сууц гурав, зуслан нэг, машины гараж гурав, нийт үнэлгээ нь 4 тэрбум 407 сая төгрөг. Нэг тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 106 сая төгрөгтэй, нэг тэрбум төгрөгийн авлагатай гэж ХОМ-дээ мэдүүлжээ.

Түүний хувь эзэмшдэг аж ахуйн нэгжүүд:

  • "Эй Эф Ай" ХХК – 1000 ширхэг буюу 100%,
  • "Гранд Смарт" ХХК – 2080116 ширхэг буюу 45%,
  • "Эко Могул" ХХК – 2490610 ширхэг буюу 30%,
  • "М-Си-Эс Монголиа" ХХК – 225 ширхэг буюу 1.376%,
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК – 3216 ширхэг,

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

1981 онд Нийслэлийн 41 дүгээр дунд сургууль

1986 онд Политехникийн дээд сургууль, цахилгааны инженер

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын трест, конторт монтёр, мастер, инженер, ерөнхий инженер, дарга

1992-1996 онд “Моn Star” ХХК-ийн дэд захира

1996-1998 онд “MCS international” ХХК-ийн дэд захирал

1998-2003 онд “Спирт бал бурам” ХК-ийн захирал

2003-2008 онд “ZHT & MCS distribution” ХХК-хийн гүйцэтгэх захирал

2003-2012 онд “MCS групп” ХХК-ийн дэд ерөнхийлөгч

2012-2013 онд Канад Улс дахь Монгол улсын Элчин сайдын яаманд элчин зөвлөх

2013 оноос Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017-2019 онд Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

ШАГНАЛ:

2003 онд Алтангадас одон

2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ:

Англи, Орос

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж