Улсын Дээд шүүх, Японы Олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагаас хэрэгжүүлсэн "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийн хоёрдугаар шатны үйл ажиллагаанд үнэлгээ өгөх санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Арга хэмжээнд Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, “Жайка”-ийн Эвлэрүүлэн зуучлах төслийн үнэлгээний багийн ахлагч Исои Миха тэргүүтэй албаныхан оролцсон юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан “Иргэний хэргийн анхан шатны 33 шүүхэд орон тооны 43 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж, зөвхөн энэ оны эхний хагас жилийн байдлаар 3169 өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай явуулсан” гэдгийг дурьдсан юм. Түүнчлэн энэ ажиллагааны үр дүнд шүүхийн ачаалал 3,7 хувиар буурсан байна.
Манай улсад таван жилийн турш хэрэгжсэн "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийн хоёрдугаар шат ирэх арванхоёрдугаар сард дуусах юм. Үүнтэй холбоотойгоор Япон дахь “Жайка”-ийн төвөөс үнэлгээний баг томилогдон ажиллажээ. Уг үнэлгээний багийн ахлагч Исои Миха төслийн үр дүнг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлсэн бөгөөд дээрх төслийг олон оронд хэрэгжүүлснээс Монгол Улс шиг ийм бодитой сайн үр дүн үзүүлсэн улс байхгүй гэж мэдэгдлээ.
Д.ЖАРГАЛ