Кино урлагт Батын дүрээр, Хотын бүтээн байгуулалтад хийсэн ажлаараа мөнхөрсөн эрхэм

Хуучирсан мэдээ: 2015.06.23-нд нийтлэгдсэн

Кино урлагт Батын дүрээр, Хотын бүтээн байгуулалтад хийсэн ажлаараа мөнхөрсөн эрхэм

П.Ганбаатарыг “Нийслэлийн хүн” гэж нэрийддэг. Учир нь тэрээр улсад хөдөлмөрлөсөн 40 шахам жилийнхээ 20 жилийг нийслэл болон дүүргийн бүтээн байгуулалтад зориулсан хүн юм. Улаанбаатар, Сөүл хотын хооронд ах дүүгийн харилцаа тогтоож, хамтран ажиллах эхлэл тавьж, Октябрийн районы суурин дээр Баянгол, Сонгинохайрхан дүүргийг байгуулж, хилийн цэсийг тогтоон УИХ-аар батлуулсан. СХД-ийн бэлэгдэл, сүлд, тугийг санаачлан батлуулж, дүүргийн сүлд дуутай болгосон. Баянгол дүүрэгт анхны халамжийн төвийг бий болгосон гээд түүний санаачлан хийсэн ажлын зах зухаас дурдахад л юу амжуулсан ямар хүн бэ гэдэг нь харагдана. Би хийж бүтээлээ гэж цээжээ дэлдэхгүй эгэл даруухан амьдарч ирсэн энэ эрхмийг “Хүмүүс” буландаа урьж ярилцлаа.

-Та 1976 оноос эхлэн хоёр нийгэмд тасралтгүй төрийн ажил хийжээ. Ямар онцлог ялгаа харагддаг вэ?

-1976 онд Киев хотын УАААДС-ийг төгсөөд Улсын төлөвлөгөөний комисст томилогдон ажилласан. Улс ардын аж ахуйг хөгжүүлэх зургадугаар таван жил, долдугаар таван жилийн төлөвлөгөөг боловсруулахад оролцож байсан. Тэр үед Улсын төлөвлөгөөний комисс бүх яамдын төлөвлөгөөг нэгтгэж зангиддаг, улс ардын аж ахуйн нэгдсэн баланс гаргана. Компьютер байхгүй учраас нэг их олон боть цаас хэвлэдэг, түүнийгээ засаж нийлнэ гэж их ажилтай. Манайх төлөвлөгөөгөө зөвхөн өөрсдөө боловсруулах бус Зөвлөлт холбоот улс, ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудтай төлөвлөгөөний зохицуулалтаа хийдэг байлаа. Тэднээс авах зээл тусламжаа зохицуулах гэж том ажил байв. Төлөвлөгөөний төслөө Намын Тов Хороо, Сайд нарын Зөвлөлд танилцуулна. Ардын Их Хуралд төлөвлөгөөний төслөө оруулж батлуулах Содном даргын илтгэлийг орос хэл дээр орчуулах ажлыг бидний хэдэн нөхөд хийж, Новости Монголий сонинд тавъдаг байлаа. Харин зах зээлд шилжээд бүх зүйл өөрчлөгдсөн. Гэвч төрийн ажил бол ажил. Өөрийн мэдлэг чадвараа шавхаад хот, дүүрэгт ажиллаж ирсэн.

-Нийгэм солигдож район дүүрэг болон задарч, өөрчлөгдөхөд та гар бие оролцож явсан. Тухайн үед хэрхэн дүүрэгт хувааж байсан юм бэ?

-1991 онд Октябрийн районы Ардын хурлын гүйцэтгэх захиргааны даргаар томилогдон очсон юм. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, аймаг, орон нутгийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөөд Нийслэлийн район  дүүрэг болсон юм. Тэр үед Улаанбаатар хот 512 мянган хүн амтай байснаас Октябрийн районд 245 мянган хүн ам амьдарч байсан. Хотын хүн амын бараг тал нь гэсэн үг.  Тиймээс Октябрийн районыг гурав хуваана гэж ярьж байгаад хоёр хуваасан юм.

Толгойт, Баянхошууг нэг дүүрэг болгохоор тэр чигтээ гэр хороолол болчих гээд байсан учраас Нэгдүгээр хорооллыг оруулаад хоёр хуваасан хэрэг. Би Баянгол дүүргийнхээ Засаг даргаар үлдээд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Ж.Цэндсүрэн гуай томилогдож байсан. Баянгол дүүргийн нэрийг өгөх гэж нэлээд их ярилцсан. Төмөр зам, Гандантэгчинлэн хийд манай дүүрэгт багтаж байсан учраас нэлээд бодоод хамба лам Чойжамц гуайтай уулзахад “Баянгол” гэдэг нэр өгье гэсэн юм. Тэгээд л дүүргийн иргэд маань баян тансаг амьдарч, сайн сайхан бүхэн голын урсгал шиг тасралтгуй урсч байхыг билэгдсэн нэртэй болсон доо. Дүүрэгтээ ямар ч гол усгүй байж голын нэр өглөө гэж бусад дүүргийнхэн шоолж л байсан. /инээв/

-1990-ээд оны эхээр энэ хоёр дүүрэгт том бүтээн байгуулалт өрнөсөн шүү дээ. Ажил их байсан биз.

-Октябрийн районд томилогдон очсоноо би азтай гэж боддог. Тэр бол Улаанбаатар хотын хамгийн их бүтээн байгуулалт хийгдсэн үе юм. Зөвлөлтийн бэлгийн орон сууц болох III хороолол, I хороолол, VI бичил хороолол дарааллаад баригдсан. Хотын төлөвлөгөөний комисст байхдаа эдгээр хорооллын төлөвлөгөөг боловсруулж байсан хүн дүүргийн даргаар очсон үедээ энэ бүтээн байгуулалтын ажлыг барьж байгуулахад нь оролцсондоо баяртай байдаг. 

-Та Баянгол дүүрэгт улсдаа анхны халамжийн төв байгуулсан. Зах зээлийн ороо бусгаа үед хамгийн хэрэгтэй байгууллага байсан биз?

-Бусад дүүрэг 10 гаруй хороотой байхад манайх 38 хороотой том айл байлаа. Тэр  үед дүүргийн төсөв бүрдүүлнэ гэж том ажил. Гэвч амьдралын түвшин доогуур айл өрх, хүүхдүүдэд зориулан анх удаа дүүрэгтээ халамжийн төв байгуулж, нээлтэнд маань Ерөнхий сайд П.Жасрай гуай хүрэлцэн ирж байсан. Халамжийн цэцэрлэг, харах, сонсох эрхтний согогтой хүүхдийн тусгай цэцэрлэг зэрэг олон төвүүдийг байгуулсан. Тиймээс Ерөнхийлөгч П.Очирбат гуай “Хүүхдийн нөхөр-Буяны эзэн” шагналаар намайг шагнасан юм. Халамжийн төв нээсний дараа манай гэрийн орцны үүдэнд хүүхдүүд шавдаг болсон. Тэтгэмж өгдөг хүн гэж ойлгосон  байгаа юм. /Инээв/

-1995 онд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон. Тухайн үед хотод олон ажлыг санаачлан хийсэн байдаг?

-Манай буурал Ц.Ганхуяг УИХ-ын гишүүн болоод би Засаг даргын орлогчоор хоёр жил шахуу ажилласан юм. Тухайн үед Нийслэлийн Засаг дарга Ц.Баасанжав ганцхан орлогчтой байлаа шүү дээ. Одоо бол зургаан орлогч ажиллаж байна. Өмч хувьчлалын ажил дөнгөж эхэлж байсан, сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй, төсөв, хөрөнгө дутмаг хэцүү байсан үе. Хот байгуулалт,орон сууц,тохижилт уйлчилгээний асуудлыг Ерөнхий менежер Д.Бямбаа гуай хариуцна. Ер нь ажил их ч, сонирхолтой байсан даа.

Би 1996 онд Улаанбаатар Сөүл хотыг ах дүү хот болгох ажлыг хийсэн. Сөүл хотын даргыг Улаанбаатарт уриад Нацагдоржийн гудамжийг Сөүлийн гудамж болгож тохижуулах ажлыг эхлуулсэн. Хүүхдийн Паркийн Туяа кафег Солонгосын талтай хамтран хөрөнгө оруулалт хийж засч янзлаад Сөүл ресторан байгуулж байлаа. Ахмадын филармони байсан газарт Сөүлийн соёлын төвийг байгуулсан.

-Та хотод ажилласан 20 жилийн хугацаанд хэдэн Засаг даргатай хамтран ажилласан бэ?

-5 Засаг даргатай хамт ажилласан. С.Мөнхжаргал дарга хатуу чанга, зарчимч, шаардлага өндөртэй. Бид даргаас их айна, ажлаа ч сайн хийнэ. С.Мөнхжаргал дарга өөрөө барилга – архитектурын хүн учраас хот байгуулалт тал дээр сайн анхаарна. Ц.Баасанжав даргын хувьд нөмөр нөөлөгтэй их л энгийн даруу хүн байж билээ. Тэр үед бүтээн байгуулалт ч өрнөж байсан даа. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хийхдээ Сүхбаатарын талбайгаас урагшаа нэг ч өндөр байшин барихгүй, Богд уултай холбосон ногоон бус  байх ёстой гэсэн хот байгуулалтын зарчмыг баримталдаг байсан. Аюулгүй байдлын талаасаа Төрийн ордон, талбайн эргэн тойронд өндөр байшин барьж болохгүй гэсэн бодлоготой байсан. Одоо энэ бүхэн хамаагүй болж, газар сайгүй өндөр байшин босгож дээ.

Харин Л.Энэбиш дарга орон сууц, нийтийн аж ахуйн мэргэжлийн хүн байсан болохоор хотыг орон сууцжуулах, инженерийн байгууламж талаас их анхаарна. Гадаадад явахдаа сонирхолтой байшин барилга, гудамж талбай, зүлэг хайсны зураг аваад бидэнд үзүүлдэг байж билээ. 

Бид Улаанбаатар хотын хүн амыг хязгаартай барих бодлого барьж байсан. Хөдөөнөөс орж ирж байгаа хүмүүст хотын паспорт авна гэдэг амаргүй даваа. Хотод шилжин суух зөвшөөрлийг төлбөртэй болгож 13500 төгрөг болгоод удалгүй 26 мянга болгож нэмсэн юм. Гэтэл ХЭҮК-оос монгол хүн хаана ч амьдрах эрхтэй байхад зөвшөөрлийн мөнгө авлаа гэж эсэргүүцсэн. Хотын хүн амын бөөгнөрөл дэд бүтэц, цахилгаан, дулаан гээд олон зүйлийг бодож гаргасан шийдвэрийг шахсаар байгаад хүчингүй болгосон. Тэгээд л хот руу чиглэсэн хөдөөгийнхний урсгал задгайрч, хотын зах гэр хорооллоор дүүрсэн дээ.

-Өмнө нь хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу явж байсан ажил нийгэм солигдонгуут хаягдсан хэрэг үү?

-Хотыг хөгжүүлэх тав дахь ерөнхий төлөвлөгөө 1990 он хүртэл тооцсон байсан юм. Тэр үед хотын хүн амыг 650 мянгад хүрнэ гэж тооцож байсан. Хотод хүн амаа бөөгнөрүүлэх бодлого барьдаггүй байлаа. Хотын орон сууцны хангамжийг анхаарч, нийт хүн амынхаа 50 хувийг орон сууцанд хамруулах, нэг хүн амд ноогдох орон сууцыг тухайн үед 9м квадратад хургэх зорилт тавъж байсан. Хотыг ерөнхий төлөвлөгөө барьж хөгжүүлэхгүй бол болохгүй л дээ.

-Ингэхэд та аль намын гишүүн бэ?

-Би Киевд оюутан байхдаа хотын оюутны зовлолийн даргын сонгуульт ажлыг хийдэг байсан. Энэ уед МАХН-ын гишүүн болсон доо. 

-Та Ж.Наранцацрал агсантай Нийслэлийн Засаг даргын сонгуульд өрсөлдөж, ялаад дараа нь нэрээ татсан гэдэг байх аа?

-1996 онд УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам олонх болсон. Гэтэл намар нь орон нутгийн сонгууль болоход сонгуулийн хуулийг өөрчилж хотын нэг дүүрэгт нэг хүн нэр дэвшихээр болгосон. Би Баянгол дүүрэгт Ж.Наранцацралттай өрсөлдсөн. Нэг дүүрэг гэдэг УИХ-ын дөрвөн тойрог гэсэн үг шүү дээ. Их хүнд сонгууль байсан ч би 66 хувиар ялж, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч болсон юм. Хотын зургаан дүүргээс зургаан хүн дэвшиж үлдсэн нь намын жагсаалтаар орж ирсэн. Дараа нь Хотын даргад МАХН-аас миний бие, Ардчилсан намаас Ц.Наранцацралт, Социал демократ намаас С.Мэндсайхан нар дэвшсэн. Уг нь ИТХ-д Хувьсгальт намаас 23, Ардчилсан намаас 14, Социал демократ намаас гурван хүн байсан юм. Гэвч МАХН-аас зургаан хүн урваж Ж.Наранцацралт Хотын дарга болсон. Тэгээд Ц.Баасанжав хурлын дарга болоод би ажилгүй болсон доо.

-Ажилгүй болоод хэр удсан бэ?

-10 сар шахам ажилгүй байсан. Тэгээд Ж.Наранцацралт намайг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар 1997 онд тавьсан юм. Сонгинохайрхан дүүрэгт олон ажил хийсэн дээ. Тэднээс онцолбол, тухайн үед хотын дүүргүүд өөрийн бэлэгдэл туг, сүлдгүй байсан. Би Сонгионохайрхан дүүргийг тугтай, сүлдтэй, дуутай болгосон. Дараа нь 2000 – 2004 оны хооронд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар ажилласан. Тэгээд л ерөнхийдөө төрийн ажлаас хөндийрч хувийн салбарт ажиллаж байгаад өнгөрсөн жил тэтгэвэртээ гарсан.

-Та одоо хэдэн төгрөгний тэтгэвэр авч байна?

-Тэтгэврээ тогтоолгоход дараалсан таван жилийн цалингаар тэтгэвэр тогтоодог. Гэтэл надад дараалсан таван жил олдоогүй. Дандаа улс төрийн шалтгаанаар сонгуульт ажил тасалдаж байсан. Тэгээд маш багаар тэтгэвэр тогтоолгосон. Сард 360 мянган төгрөг авдаг. Сая нэмэгдээд 400 орчим болсон. Надтай адил ажил эрхэлж байсан хүмүүс 600-аас 900 мянга гаргаад авдаг юм билээ. Манай тэтгэврийн тогтолцоонд анхаарах зүйл байх шиг. Улсад ажил хийгээгүй ч дараалан таван жил өндөр шимтгэл төлөөд тэтгэврээ өндөр тогтоолгосон хүмүүс байдаг. Тэтгэврийг дараалсан таван жилээр бус нийт ажилласан жилийн цалингийн дунджаар тогтоох нь зөв юм билээ.

-Та гэр бүлээ танилцуулаач. Хэдэн хүүхэдтэй вэ?

-Манайх гурван хүүхэдтэй. Хоёр охин, нэг хүүтэй. Нэг охин маань Гадаад харилцааны яаманд ажилладаг. Хоёр хүүхэд маань хувийн салбарт ажилладаг. Гэргийг маань Д.Ичинхорлоо гэдэг. Бид хоёр Төлөвлөгөөний комисст байхдаа танилцаж суусан. Компьютерийн программ зохиодог мэргэжилтэй. Социализмын үед ховор мэргэжил байлаа. Төлөвлөгөөний комиссын дэргэдэх Тооцоолох төвд ажилладаг байсан. Монголын хүн амын мэдээллийн санг байгуулж, регистржүүлэх программыг зохиоход оролцож байсан юм.

-Та хүүхэд насаа кино урлагт мөнхөлсөн азтай хүмүүсийн нэг. Яаж яваад “Улаан дарцаг”-ын Бат болчихсон юм бэ?

-Би Улаанбаатар хотын унаган хүүхэд Нэгдүгээр сургуулийг алтан медальтай төгссөн. П.Цагаан багштай тооны ангид сурч байсан. Долдугаар ангид байхад Гэгээрлийн яам, Кино үйлдвэрийн хүмүүс ирж, ангиудаар явж дүр сонгосон юм. Хотын бүх сургуулиар л явсан юм билээ. 

Ангид орж ирээд биднийг харж байснаа хэдэн хүүхдийг нэр цохоод завсарлагаанаар хичээл ангид ороод ир гэсэн. Хичээл ангид орно гэдэг бөөн айдас. Тэгсэн хэсэг хүүхдүүдийг маргааш өглөө 09:00 цагт Кино үйлдвэр дээр очоорой  гэдэг юм байна. Маргааш нь Кино үйлдвэрт очоод “Миний нутаг” шүлэг уншаад эхний даваагаа давчихсан. Тэгсэн “Чиний өмнө цагааны цэрэг аавыг чинь бариад зодож байна, чи яаж харах уу” гээд л фото зураг авлаа. Тэгээд 20-иод хүүхдээс гурав нь киноны гол дурд шалгарч үлддэг юм байна. Бид гурвыг маргааш нь Кино үйлдвэрийн үсчинд дагуулж ороод халимаг үсийг маань хусчихдаг юм байна. Тэр үед хотод халзан хүн ховор. Согтуу хүмүүсийг 101-т орохоор үсийг нь авчихдаг байсан болохоор хүмүүсийг буруугаар ойлгох вий гэж хэрдээ санаа зовж байв. Тэгээд “Кинонд тоглоход халзан парик байдаггүй юмуу” гэж асуугаад загнуулж билээ. Бид гуравт лам дээл өмсгөөд Чойжин ламын сүмийн дэргэд аваачиж кино пробонд оруулсан. Тэгээд л би Батын дүрд тоглох болсон доо.

-Хотын хүүхэд морь унаж чаддаг байв уу?

-Би морь унаж чадахгүй. Намайг Идэрт тоглосон Ганхуяг маань дагуулж морь унуулж сургасан. 1970 оны зун Тэрэлжид хоёр сар зураг аваад намар нь Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд хоёр сар кино зураг авсан. Өвөл нь кино үйлдвэрт павилоны зураг авч, дуу оруулаад 1971 оны хавар нь кино маань гарсан. Анх “Хувьсгалын хараацай” нэртэй байснаа “Улаан дарцаг” болж үзэгчдэд хүрсэн энэ кино Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан хийгдсэн кино юм.

-Кинонд тоглоод хүмүүст танигдаад гоё санагдаж байв уу. Кино урлагт урвах бодол төрсөн үү?

-Би ч нэг их авьяастайдаа тоглоогүй байх. Дүрд нь төрх маань тохирсон биз гэж боддог юм. Харин кинонд тоглосны дараа хүмүүс их танимхайрна. Ялангуяа хүүхдүүд “Бат ах” гээд тойрч гүйлдэнэ. Охидоос захиа их ирдэг байлаа. Харин кинонд тоглосон гээд 400 төгрөг авсан. Тэр мөнгөө ээждээ өгөөд, хамтдаа УИД орж плитка худалдан авч байснаа дурсах сайхан байна. 

Харин мэргэжлийн тухайд би багаасаа л тоонд дуртай, олимпиадад ордог хүүхэд байлаа. Багш нар ч олон нийтийн ажилд явуулах дургүй байсан. Тооны ангид байсны ачаар 10 дугаар ангидаа математикийн улсын олимпиадад манай ангиас дөрвөн хүүхэд эхний дөрвөн байранд шалгараад, Польши улсад болсон олон улсын математикийн олимпиадад оролцоод ирсэн. Өндөр амжилт үзүүлээгүй ч бид дөрвийг улсын шалгалтгүйгээр мэргэжлээ сонгох эрх өгсөн юм. Нөгөө гурав маань математикийн мэргэжлийг сонгосон бол би эдийн засагч болохоор Киев хотын улс ардын аж ахуйн дээд сургуулийг сонгосон.

Х.МОНГОЛХАТАН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж