Хүүхэд харах үйлчилгээг гишүүд шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2015.06.23-нд нийтлэгдсэн

Хүүхэд харах үйлчилгээг гишүүд шүүмжлэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн хэлэлцлээ. Уг хуулийн төслөөр МАН-ын бүлгийнхэн өнгөрсөн долоо хоногт тав хоногийн завсарлага авсан  юм. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусчээ.  Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн зүгээс ямар санал, шүүмжлэл гаргасныг тоймлон хүргэж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа “Энэ асуудлыг бүлгийн хурал дээр нухацтай хэлэлцсэн. Манай бүлэг хүүхдийн аюулгүй орчин, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал гээд олон талаас нь хангах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Бидэнд хүүхдийн төлөө сэтгэл байна уу гэвэл байна. Гэхдээ хүүхэд харах үйлчилгээ нэрийн дор ямар ч стандартгүй нөхцөлд айлын хүүхдийг аваачаад хорьж болохгүй. Үр хүүхдийнхээ төлөө Монгол төрийн бодлого зөв байх ёстой. Бид ингэж  хөнгөн, хуумгай хандаж болохгүй. Юуны өмнө хуулинд тусгасан хариуцлагын тогтолцоог сайн уншаад үзээрэй. Тэгээд ч Засгийн газар 60,4 тэрбум төгрөгийг төсөвт суулгах боломжгүй гэдэг хариугаа өгсөн. Энэ хуулийг дэмжихгүй. Ямар нэгэн улс төр байх ёсгүй. Хүүхдийн асуудлыг нуцахтай ярихаас худлаа улстөржүүлж болохгүй.  Хүүхэд харах нэрийн дор харин ч хамгийн аюултай нөхцөл үүсгэж болзошгүй юм”  гэсэн бол  БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Цэцэрлэг барих боломж алга. Цэцэрлэг барих мөнгөтэй болно гэсэн найдлага ч алга байна. Хөрөнгөгүй, орлогогүй улс барилга барьж чадахгүй. Түүнээс цэцэрлэг барих мөнгө бидэнд байвал ийм хууль батлах ямар ч шаардлага байхгүй. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ байгаа хүүхдүүдэд сургалт, хүмүүжлийг ямар нэгэн байдлаар олгох хэрэгтэй. Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдэд улсаас зардал гаргаж байгаа. Гэртээ үлдсэн хүүхдүүдэд улсаас мөнгө өгдөггүй, ээж аавынх нь нэг ажил хийлгүй хүүхдээ харах хэрэгтэй болдог. УИХ-ын гишүүдийн зүгээс хүүхэд харах үйлчилгээг сургалтад ойртуулсан, аюулгүй стандартыг баримталж ажиллах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа нь зөв.  Өдөрт 60 минутаас хэтэрсэн хугацаагаар зурагт үзэхийг хориглоно гэсэн заалт орсон нь сургалтын орчин руу хүүхдийг ойртуулъя гэсэн асуудал хөндөгдөж байгаа хэрэг. Мэдээж хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхэд цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн хэмжээнд сурна гэж би бодохгүй байна. Гэвч, гэрт нь үлдээснээс дээр шүү дээ” гэлээ.

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Айлын хүүхэд харна гэдэг хурга, ишиг цуглуулаад хашаа хороонд хийх ажил биш. Хүүхэд харах үйлчилгээ гэдэг нь хүн харах, хүнийг хүн болгож төлөвшүүлэх үйл ажиллагаа.  Үүнийг мэргэжлийн түвшинд хийдэг. Гэтэл улсын төсвөөс 60 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн гэх юм. Ямар нэгэн стандарт гаргаагүй байж, төсвөөс мөнгөөр илүү гэр худалдаж аваад, хүний хүүхдүүдийг хардаг асуудал биш шүү дээ. Хуулийг хэн санаачилсныг би мэдэхгүй. Санаачилсан хүмүүс энэ талаас нь маш сайн бодох хэрэгтэй. Нэг байшин эсвэл гэрт ажилгүй нэг, хоёр хүн бусдын хүүхдийг хараад суухыг хуульчилж болохгүй. Хэрэв ямар нэгэн ноцтой асуудал гарвал хариуцлагыг хэн хүлээх вэ? Хүүхэд хоолондоо хордож, өвчин эмгэг тусвал яах вэ. Энэ хуулийг баталсан гишүүд хариулцлага хүлээж чадах уу. Хүний нялх үрийг хордуулаад, насан туршийн эмгэгтэй болговол хэн энэ эрсдлийг нь үүрэх юм бэ гэдэг нэг чухал асуудлыг хамгийн түрүүнд тавих ёстой. Түүнээс эмэгтэй гишүүд хүүхдэд хайртай, эрэгтэй гишүүд хүүхдэд хайргүй гэсэн асуудал огт биш гэсэн юм.

Байнгын хорооны хуралд оролцсон олон гишүүн  хүүхэд харах үйлчилгээ нь дагаж мөрдөх ямар ч стандартгүй байна, хуулийн хариуцлага сул байна хэмээн шүүмжилсэн юм. Дээрх шүүмжлэлийг сонсч суусан УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Стандартгүй байна гэж гишүүд хэлж байна. Стандартыг Засгийн газар гаргах ёстой. Ажлын хэсгээс стандарт шаардах хэрэггүй” гэж хариуллаа.

Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг хурааснаар байнгын хорооны хуралдаан түр завсарлалаа.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж