УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс хүнс хөдөө, аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон Халх гол чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
Бодлогод хүнс хөдөө аж ахуйн салбарыг хоёр үе шаттай буюу 2016-2025 оны хооронд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг тусгаад байгаа юм. Тодруулбал, хот суурин газар, тариалангийн бүс нутагт эрчимжүүлсэн мал аж ахуйг эрхлэх. Хөдөө аж ахуйн түүхий эд, байгалийн баялгийг дэвшилтэт технологи ашиглан үр ашигтай боловсруулж, чанар эрүүл ахуйн баталгаатай бүтээгдэхүүн зах зээлд гаргах зэрэг зорилт тусчээ. Мөн дотоодын хэрэгцээнээс илүү гарч буй хөдөө аж ахуйн гаралтай зарим түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортлох таатай боломж бүрдүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахаар тусгаад байна.
Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулснаар хөрөнгө оруулалтын урсгал нээгдэж, алслагдсан бүс нутагт ажлын байр олноор бий болох, хотыг чиглэх их нүүдлийн цуваа саарна гэж үзэж байна.
Салбарын эдийн засгийн өсөлтийг авч үзвэл, өнгөрсөн онд 14.4 хувьтай байжээ. Мал сүргийн тоо 51.9 сая толгойд хүрснээр эрчимжсэн мал аж ахуй сэргэн, хөгжих эхлэл тавигдсан аж. Мах, сүүний чиглэлийн 50 мянган үхэртэй болсон гэх мэдээллийг салбарын яамнаас өглөө.
Гэхдээ мал аж ахуйгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, зүй зохистой ашиглах менежмэнт дутсанаас түүнээс олох орлогыг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа аж.
Дээр нь мал амьтны гоц халдварт өвчин, зуд турхан зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас хохирол ч амсдаг аж.
Газар тариалангийн салбарын хувьд га-с авах ургац бусад цаг уурын ойролцоо улстай харьцуулахад 1.5-2 дахин бага, нийт тоног төхөөрөмжийн 40 хувь нь 20-иос дээш жилийн насжилттай. Мөн хүнсний боловсруулах үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж элэгдэж хуучирчээ.
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулалтын түвшин ихэнхдээ анхан шатны боловсруулалт хийснээр экспортод гардаг. Өнгөрсөн жил ноос 23 мянган тонноос 19 мянган тонныг, ноолуур 7 мянган тонноос 2 мянган тонныг, арьс шир 11 сая ширгэхээс 3 сая ширхэгийг дотооддоо боловсруулжээ.
Хөдөө аж ахуйн салбарт арилжааны банкны бага хэмжээний болон үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зээлийг эс тооцвол санхүүжилт байхгүй гэж хэлж болох аж.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва эрчимжсэн мал аж ахуйг ямар байдлаар хөгжүүлэх. Мах, махан бүтээгдэхүүнийг экспортлохын тулд малаа эрүүлжүүлэх нь чухал. Энэ чиглэлээр хөтөлбөрт ямар зорилтууд туссаныг тодрууллаа.
Салбарын сайд болоод тус яамны холбогдох албан тушаалтны тайлбараар бол Улаанбаатар хотыг дагуулаад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, хүн амын хүнсний хэрэгцээг эко бүтээгдэхүүнээр хангах бодлогыг нэг талдаа барьж байгаа. Нөгөө талдаа алслагдсан бүс нутагт Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах замаар үйлдвэрлэл бий болгож, хүн амаа ажлын байраар хангаж, экспортыг хийх болно гэлээ.
Малаа эрүүлжүүлэх тухайд Био комбинатыг шинэчлэхэд Унгараас авах 25 сая ам.долларын зээлийг зарцуулах аж. Дээр нь өмнөд хөрш болон бусад орнуудаас хөрөнгө татах чиглэл барьж буй юм байна.
Мөн энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Баттулга “1973 оны Биокомбинатыг бид ашиглаж байна. Махныхаа асуудлыг ч бүрэн шийдэж экспортолж чадахгүй байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Энэхүү бодлогыг усны бодлого, бэлчээрийн бодлого зэрэг холбогдох бодлогуудтайгаа сайн уях хэрэгтэй” гэсэн саналыг тус тус илэрхийлсэн юм.
Г.ДАРЬ