Э.Бадар-Ууган: Дэлхийд шалгарсан эмнэлэгийн салбарыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2015.06.23-нд нийтлэгдсэн

Э.Бадар-Ууган: Дэлхийд шалгарсан эмнэлэгийн салбарыг нээлээ

Олимпийн аварга Э.Бадар-Ууган “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах эмнэлгийнхээ нээлтийг өнөөдөр Сувилахуйн сургуулийн эмнэлгийн байранд хийлээ. Энэ дашрамд түүнтэй цөөн хором ярилцсан юм.


-Таны хувьд “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвөө нээж байна. Яагаад эмнэлэг нээх болов?

-Би 2008 оны дараа улсдаа хэрэгтэй ямар нэгэн зүйл заавал хийх хэрэгтэй гэж боддог байлаа. Олимпийн дараахан Асашёорюү Д.Дагвадорж аварга намайг Япон улсад урьсан юм. Тэр үед Япондоо үр шилжүүлэн суулгах ажиллагаагаар алдартай “Като Лэдиес” клиникийн захиралтай танилцаж байлаа. Боксын спортыг сонирхож дэмждэг хүн байсан учраас санаа нийлж, яваанд эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай ярьж эхэлсэн. Тэр үеэс л үр шилжүүлэн суулгах ажиллагаагаар дэлхийд алдартай энэ эмнэлгийн салбарыг Монголдоо байгуулах тухай бодож, энэ ажлыг эхлүүлсэн дээ.

Тэгээд 2009 оноос хойш одоог хүртэл эхнэр бид хоёр эмнэлгээ босгохоор хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Хүн болж төрснийх үр үндсээ л үлдээхийн төлөө явдаг. Гэтэл зарим гэр бүлд маань асуудал тулгардаг. Тиймээс бэрхшээл бий болсон олон сайхан гэр бүлд туслах энэ буянтай ажлыг Монголдоо оруулж ирэх нь зүйтэй юм байна гэдгийг бид хоёр өнгөрсөн хугацаанд улам сайн судалж, ойлгож, хичээж ажилласан. Зургаан жилийн дараа эмнэлгээ нээгээд зогсч буйдаа үнэхээр баяртай байна.

Ер нь Дагваа аваргынхаа урилгаар Японд очоод сонин тохиолдлоор эмнэлэг байгуулахаар болсондоо их олзуурхан, баярлаж явдаг. Энэ дашрамд Дагваа аваргадаа баярлалаа гэдгээ хэлье.

-Цаашид эмнэлгээ хэн хариуцан ажиллах вэ?

-Цаашид гэр бүлийн хүн маань эмнэлгээ хариуцаад явна.

-Эмнэлгийн хүчин чадлын хувьд ямар байгаа вэ?

-Үргүйдэл гэдэг олон шалтгаантай байдаг юм билээ. Эмэгтэй, эрэгтэй хэнээс ч болж болно. Жаахан л асуудлаас болоод үргүйддэг юм байна. Тиймээс үүнийг эмчлэхэд дэлхийд номер нэгт тооцогдох Японы “Като Лэдиес” эмнэлэгтэй хамтарч байгаагаар онцлогтой. Гол нь дэлхийд шалгарсан эмнэлэг учраас үүний салбарыг Монголдоо нээж буйд баяртай байгаа.

-Захиалгаа аваад эхэлсэн үү?

-Захиалгаа аваад үйл ажиллагаа эхэлсэн. Нэг баяртай мэдээ дуулгая. Хүүхэдтэй болж чаддаггүй нэгэн эмэгтэй 20-оод хоногийн өмнө манайд хандсан. Өмнө нь БНСУ-руу яваад үр дүн гараагүй юм билээ. Гэтэл манай эмнэлэгт ирээд анхны хатгалтыг хийлгээд жирэмсэн болсон. Үүнд манай эмнэлгийнхний зүгээс ч баяртай байгаа.

-Үртэй болох хэдэн хувийн магадлал өгдөг вэ?

-Японы алдартай эмнэлгийн салбар гэдэг утгаараа үр дүн өндөр. Бидний зүгээс 80 хувийн магадлалтай гэж үздэг. Мөн монгол эмч нар ажиллана гэдгийг хэлье. Японы тусламжтай эмнэлэг гэхээр “Монгол эмч ажиллахгүй юу” зэрэг асуултыг хүмүүс их тавьж байна. Дандаа монгол эмч нар ажиллана. Японд 5, 6 жил сурч, мэргэшсэн монгол эмч нар ажиллана.

-Энэ дашрамд, Э.Бадар ууган спортоос бүр мөсөн явсан гэх мэдээлэл баттай эсэхийг тодруулъя?

-Миний хувьд спортоо орхиод 2-3 жил болж байна. Бэртлээс болоод гам барьж байгаа. Тиймээс хамаагүй бэлтгэл хийж болохгүй л байна. Гэхдээ зүгээр суугаагүй. Боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажлыг давхар гүйцэтгэж байна. Нэг хэсэг эмнэлгээ нээх гээд Боксын холбооныхоо ажлыг цалгардуулсан. Одоо холбооны ажилдаа шаргуу орно доо. Миний хувьд дэлхийн боксын холбоонд Монголоо төлөөлж орох зорилго тавьсан.

-Та тэгэхээр албан ёсоор зодог тайлсан байх нь ээ?

-Ер нь бэлтгэл хийхээ больсон доо. Спортоо орхисон гэж хэлж болно. Цаашид бэлтгэл сургуулилалт хийж, рингэнд гарахгүй ч боксынхоо хөгжилд өөрийн чадах хувь нэмрийг оруулна. Энэ миний үүрэг шүү дээ.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж