Үндэсний их баяр наадмын өмнө Японы мэргэжлийн сүмо бөхийн 41 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч хүлээн авч, зөвшөөрсөн мэдээлэл гарсан билээ. Хакүхогийн хувьд энэхүү хүсэлтийг 2019 оны дөрөвдүгээр сард гаргажээ.
Ерөнхийлөгчийн зүгээс холбогдох байгууллагаас ирүүлсэн саналуудыг нэгтгэн судалж, М.Даваажаргалын Монгол Улсын иргэншлээс татгалзсан хүсэлтийг хүлээн авч, ёсоор болгосон байна. Тиймээс их аварга Хакүхо цаашид олон асуудалтай тулгарах ч энэ сарын барилдаанд барилдахаар болжээ.
Хакүхо М.Даваажаргал өнгөрөгч тавдугаар сарын тэмцээнийг баруун гарын хүнд гэмтлийн улмаас өнжсөн билээ. Түүнийг Рэйва тооллын анхны тэмцээнд түрүүлнэ гэж сүмо сонирхогчид хүлээж байсан ч япон бөх Такакэйшо түрүүлж, нэгэн түүхэн амжилтын эзэн болсон юм.
Иргэншлээ солих асуудлаар олны анхааралд байгаа Хакүхо Нагоя хотод болсон Зуны тэмцээнд оролцохоор болсон байна. Тэрбээр ирэх Ням гаригт эхлэх долдугаар сарын тэмцээнд барилдах болсон гэдгээ сэтгүүлчдэд мэдээлжээ.
Мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээн долдугаар сарын 7-ноос 21-ний өдрүүдэд Нагоя хотод болох бөгөөд бөхчүүд эдгээр өдрүүдэд бэлтгэл болон тусгай хөтөлбөрийн дагуу арга хэмжээнд оролцох юм.
Дээд зиндаанд их аварга Какүрюү М.Ананд, Хакүхо М.Даваажаргал болон озэки /арслан/ Гоэйдо, Такаяаши, Такакэйшо, Гүржийн Точиношин нарын том цолтнууд барилдана. Мөн манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров, Дайшохо Ч.Шижирбаяр нарын бөхчүүд бий. Жюүрёод Азүмарюү С.Тодбилэг, Чиёошёома Г.Мөнхсайхан, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар, Миторюү Б.Төрболд, Кирибаяма Б.Лхагвасүрэн болон Араваши Э.Дөлгөөн нарын манай бөхчүүд барилдахаар болжээ.
Холбоотой мэдээ