
Эх сурвалжийн мэдээллээр уг эмэгтэй нь Эрээн хотод 2003 оноос өнөөг хүртэл монгол охидыг хятад эрчүүдэд зуучлах болжээ. Одоогоор 16 монгол эмэгтэй түрээсийн байранд нь амьдардаг аж. Хүн тус бүрээс өдөрт дунджаар 200-500 орчим юанийн ашиг орлого олдог гэнэ. Охидыг оргонуулдаг байрандаа тусгай журам мөрддөг. Хэрэв монгол охид түүний баталсан журмыг зөрчвөл торгууль оногдуулдаг байна. Тухайлбал 9.00 цагаас шөнийн 3.00 цаг хүртэл ажлын байрандаа байх ёстой. Хэрэв энэ журмыг зөрчвөл 200 юаниар торгох, мөн ажлын цагаар архи уувал 500 юань, гадуур зөвшөөрөлгүй гарвал 150 юань гэх мэтээр торгууль шийтгэл ихтэй. Эл журмаараа далимдуулан монгол охидыг өрөнд оруулж паспортыг нь хураан авдаг аж. Хэрэв торгуулийн мөнгөө тогтсон хугацаанд төлөхгүй бол хүү тооцдог байна. Тэрбээр Улаанбаатараас монгол охид авчрахыг шаарддаг бөгөөд хэрэв нэг эмэгтэй авчирвал урамшуулал болгож 800 юань өгдөг ажээ. Ингэж охидыг нэгийг нь нөгөөгөөр нь зуучлан авчруулах замаар биеэ үнэлэгчдийн тоог нэмэгдүүлдэг гэнэ. Энэ эмэгтэйн байранд амьдарч буй монгол охид зарим үед 25 хүрдэг ажээ. Зарим охид ирж очин амьдардаг бол, ихэнх нь өртэй учраас дор хаяад зургаан сар нутагтаа ирээгүй юм байна.
“ДОХ-той Жорж” долоо хоногт нэг монгол эмэгтэйтэй бэлгийн харилцаанд ордог
БНХАУ-ын Бээжинд арав гаруй жил амьдарч буй Шотланд улсын иргэн Жорж гэгч иргэн одоогоос таван жилийн өмнө ХДХВ/ДОХ-ын халдвараар нас барсан манай улсын иргэн Ү-тэй хамтран амьдардаг байжээ. Тус газар биеэ үнэлдэг эмэгтэйчүүд дээрх эрийг Ү-д ДОХ-ын вирусын халдвараа тараасан гэх яриа байдаг гэнэ. Тэрбээр талийгаач монгол эмэгтэйтэй хоёр жилийн туршид хамтран амьдарсан гэнэ. Уг эр нь монгол охид, эмэгтэйчүүдийн биеэ үнэлдэг “ Magic” шөнийн цэнгээний газрын европ хоолны тогооч юм. Тэнд ажиллаж байх хугацаандаа хэд хэдэн монгол эмэгтэйтэй хамтран амьдарчээ. Тухайлбал 2002-2004 онд талийгаач эмэгтэйтэй, мөн 2006 оноос хойш 36 настай Д гэгч монгол эмэгтэйтэй хамт байх болж. Мөн тус цэнгээний газар биеэ үнэлэхээр ирсэн охидыг ангуучлан хоногийн хөлс болох 1500 юань өгч гэртээ аваачин хамгаалах хэрэгсэлгүй бэлгийн харилцаанд ордог тухай тэнд амьдардаг эмэгтэйчүүд ам дамжин ярьдаг ажээ. Тэрбээр долоо хоногийн амралтын өдөр болох бямба, ням гаригуудад өөрийн ажилладаг цэнгээний газраас 1-2 эмэгтэй сонгон авч гэр рүүгээ авч явдаг байна. Дээрх цэнгээний газар удаан хугацаанд оршин суусан монгол охид уг Шотланд эрийг “ДОХ-той Жорж” гэж хочилдог аж. Одоогоор уг цэнгээний газарт 90 орчим монгол охид, эмэтгэйчүүд тогтмол биеэ үнэлдэг болжээ. Тэдний хоногийн хөлс дунджаар 1500-2800 юань. Ихэвчлэн анли, франц, орос хэлтэй, дээд боловсролтой, 21-50 насны монгол эмэгтэйчүүд гэнэ. Тэдний дунд их эмч, орчуулагч, эдийн засагч гээд янз бүрийн мэргэжлийнхэн бий.
Уг цэнгээний газарт одоогоос зургаан жилийн өмнө биеэ үнэлж байсан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат 36 настай Б гэгч эмэгтэйг хамтран амьдардаг Өвөрмонгол эрэгтэй нь толгойн тус газар нь төмрөөр цохиж амь насыг нь хохироосон аймшигт хэрэг гарч байжээ. Эх сурвалжийн яриагаар бол тухайн үед уг хэргийг үйлдсэн Өвөрмонгол эр талийгаач эмэгтэйн төрсөн дүүтэй хамтран хохирогч эмэгтэйг мөчлөн шуудайнд хийж машинынхаа арын тээшинд ачсан байжээ. Энэ хэргийг Бээжин хотын “Гуа мин” дүүргийн цагдаагийн ажилтнууд илрүүлэн баривчилж хэргийг мөрдөн шалгаад Өвөрмонгол эрэгтэйд цаазын ял оноожээ. Ийнхүү монгол охид, бүсгүйчүүд хүний наймааны золиос болсоор байна.
Н.Бүжин