Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна

Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол дархан” үзэсгэлэн өнөөдөр Монголын уран зургийн галерейд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн очиж, дархадын ур ухаан шингэсэн бүтээлүүдтэй танилцлаа. Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол дархан” үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулахаар болсон хэмээн зарласан бол энэ нь үзэсгэлэнг цаашид Монгол туургатны хэмжээнд зохион байгуулах үндэс суурь болж байна хэмээн “Монгол төрийн дархан” нэгдсэн холбооныхон талархан хүлээн авлаа.

Энэ удаагийн үзэсгэлэнд 142 дархан 160 гаруй бүтээлээ дэлгэн үзүүлснээс утсан сүлжмэл, ган хөөмөл, сийлбэр, гоёл чимэглэл, бурхан шашны холбогдолтой урлалууд давамгайлж байна.

Дархадын хэлж буйгаар “…дархад хэрэглээний гэхээс илүүтэй цэвэр уран бүтээл туурвиж, захиалгаар бүтээл урлах нь их” байдаг байна. Харин ийнхүү үзэсгэлэн зохион байгуулж, бүтээлээ олон нийтэд дэлгэн үзүүлснээр цаашдаа илүү хэрэглээнд чиглэсэн уран дарханы бүтээл хийх хэрэгцээ нэмэгдэнэ хэмээн харж буй аж.

Одоогоор дархадын бүтээл дундаа ээмэг, бөгж, толгойн гоёл, боолт зэрэг гоёл чимэглэлийн бүтээгдэхүүний борлуулалт өндөр тул энэ чиглэлд дизайн, маркетинг түлхүү хөгжиж 3D нано технологи зэргийг дархад өдөр тутмын ажилдаа нэвтрүүлжээ.

Мөн цар таваг, домбо зэргийг орчин үеийн шинжтэй, гоёмсог хийцтэй, хүнсний зориулалттайгаар урлаж, борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд хурим найранд үнэгүй хэрэглүүлэх зэргээр бүтээлээ олонд танилцуулж эхэлсэн хэд, хэдэн компани үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн байна.

“МОНГОЛ ДАРХАН” ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Эрхэм дархчууд аа,
Өв соёлоо дээдлэгч монголчууд аа,
Хүндэт зочид оо,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурван жил тутамд уламжлал болгон зохион байгуулахаар тогтож буй “Монгол дархан” үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн хүн бүхэнд талархал дэвшүүлж, энэ өдрийн амгаланг айлтгая.

Дархны урлал нь өнө эртнийх билээ. Монгол нутагт эртний дархны буурь бууц, үлдэл олдвор элбэг бий. Дарханы урлал нь эрт цагт үйлдвэрлэлийн бичил хэлбэр байж, багаж хэрэгсэл, зэр зэвсгээр овог, аймгаа хангах, технологийн дэвшилд хөтлөх үүрэгтэй байжээ. Монголчуудын угсаа гарвалын талаар өгүүлдэг Эргүнэ хунгийн домогт төмрийн хүдрийг хөөрөгдөн хайлуулж, уулын сүвийг нээн овог аймгаа аварсан дархны гавьяаг өгүүлдэг.

Их эзэн Чингис хаан хийгээд түүний залгамжлагчид газар газрын уран дархчуудыг Хар хоринд цуглуулан, металл боловсруулах технологи, эрдэм ухааны охь дээжийг цогцлоож байсан нь Монголын дархны урлалын оргил үе, хойшдын хөгжлийн суурь нөхцөл болжээ. Монгол дархны ган боловсруулах эрдмийг батлан хамгаалах, төрт ёсны стратегийн ач холбогдолтой мэдлэгт тооцож, жор ухааныг нь чанд нууцалж байсныг Эзэнт гүрний үеийн жуулчдын тэмдэглэлд дурдсан нь бий.

Монгол дархан үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулахын гол зорилго нь дархны урлалыг хэрэглээнд идэвхтэй байлгах, хадгалж хамгаалах, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох юм. Үзэсгэлэнгийн үеэр дархчууд дараагийн 3 жилд түлхүү анхаарах, хөгжүүлэх, хамгаалах, шавь сургалт явуулах чиглэлээ хэлэлцэн зөвлөлдөж, шийдэлд хүрч байх нь зүйтэй. Энэхүү үзэсгэлэнтэй уялдуулан энэ сарын 05-нд Шинжлэх ухааны Академиас “Монгол дархны урлаг: Түүх, орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахыг Та бүхэнд дуулгая.

Соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд дархчуултай хамтын ажиллагаа өрнүүлэх, төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, дэлхийн соёлын өвд бүртгүүлэх зэрэг ажлын уялдаа холбоог хангахад ч үзэсгэлэн тустай байх болно.

Үзэсгэлэнд оролцож, өв соёлоо дархлан бэхжүүлж байгаа уран дархчууддаа талархал илэрхийлж, дархны үйл хийгээд уран бүтээлд нь далай мэт арвин амжилтыг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор, монгол дархны өв соёл өнө мөнхөд орших болтугай” гэсэн юм.

Дархчуудын бүтээлийг наймаачид, худалдаачдын гар дамжуулан үнэ өсгөн худалдах байдал их тул үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэргээр уран бүтээлчээс захиалагч, хэрэглэгчид шууд хүрэх боломжтой тул иргэдийг дархадын бүтээлтэй ирж танилцахыг “Монгол төрийн дархан” нэгдсэн холбооноос уриалж байгаа.

Үзэсгэлэн энэ сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Эх сурвалж: www.president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж