Хувцас загварын ертөнцөд үйлчлүүлэгчдийн түрийвч, ухамсартай холбоотой зөрчил үүслээ. Худалдан авагчид шүүгээн дэх хувцсаа хямд, шуурхай солиход тустай Zara, H&M, Boohoo зэрэг fast fashion сүлжээнд хошуурдаг болов. Нөгөө талаар хувцас үйлдвэрлэл байгаль экологид балаг тариасай гэсэн хүсэл хэрэглэгчдэд байхгүй. Одооноос эхлэн бүхий л төрлийн хувцас үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хүрээлэн буй орчинд ээлтэй байлгахад анхаарах ёстой болж байна.
SUSTAINABLE FASHION ГЭЖ ЮУ ВЭ?
Хувцасны хийц загвар гаргахаас эхлээд оёж үйлдвэрлэх, тээвэрлэх, өмсөж хэрэглэх, хаягдалд хаях хүртэлх бүхий л шатыг хүрээлэн буй орчинд хал балгүй болгох хөдөлгөөн хувцас загварын салбарыг хамарлаа. Хурдтай өөрчлөгддөг хувцас загварын ертөнцийн чиг хандлагад нийцүүлэн хямд төсөр хувцас шуурхай үйлдвэрлэх нь хог хаягдлын хэмжээг ихэсгэж байгаагаас хэрэглэгчид fast fashion үйлдвэрлэлээс хөндийрөх хандлагатай болов. Мөн амьтныг хамгаалах, хувцас үйлдвэрлэлийн хөдөлмөрийн таагүй нөхцөл, хөгжиж буй орнуудад хүүхдийн хөдөлмөр ашигладаг явдал ч дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна.
ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭЛ ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИНД ХАЛТАЙ ЮУ?
Дэлхийн хувцас үйлдвэрлэл сүүлийн 15 жилд хоёр дахин нэмэгдсэнтэй уялдан уг салбараас ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээ далайн болон агаарын тээврийн салбарын нийт ялгарлаас давж гарлаа. Хувцасны материалын 85 хувийг бүрдүүлж буй полиэстер, хөвөнгийн аль аль нь дэлхийн хүрээлэн буй орчинд таагүй нөлөөтэй. Газрын тосноос полиэстер гаргаж авах явцад хортой найрлага бүхий бохир ус ялгардаг. Ихэнх полиэстер байгальд задардаггүй. Дээр нь бөс даавууг будах химийн ажиллагааны явцад ч хөрсний усны үүсвэр бохирдсоор. Хөвөнгийн тариалан нь ус, шавжийн хор ихээр шаарддаг үйлдвэрлэл. Ганц ширхэг T-shirt буюу захгүй, богино ханцуйтай цамцанд шаардлагатай хөвөн ургуулахад 2700 литр ус зарцуулдаг нь нэг хүний гурван жилийн хэрэглээтэй дүйнэ. Зарим брэнд шавжны хор ашиглаагүй харьцангуй органик ургацын хөвөнгөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэвч ийм бүтээгдэхүүн дэлхийн нийт хөвөнгийн үйлдвэрлэлийн дөнгөж нэг хувь болдгийн зэрэгцээ ердийн хөвөнгийнхтэй адил хэмжээний ус зарцуулдаг.
МООД ДАГАГЧ ХЭРЭГЛЭГЧИЙН ГҮЙЦЭТГЭЖ БУЙ ҮҮРЭГ
Хүмүүс хувцас худалдаж авах нь ихэссэн мөртлөө хэрэглэж хадгалах хугацаа нь богиносов. Европ тивд нэг хувцсыг өмсөж хэрэглэх тоо 2000 онд дунджаар 200 байсан бол 2015 онд 30 хувиар буурч 160 боллоо. Орцондоо полиэстер, нейлонтой хувцсыг угаахад маш жижиг бичил хэсэг ус сувгийн хоолойгоор дамжин тардаг. Энэхүү өчүүхэн нийлэг мяндас нь далай тэнгисийг бохирдуулж буй асар их микро хуванцрын нэг бүрдэл болж байна. Үйлдвэрлэгчид хямд төсөр хувцас үйлдвэрлэх нь хэрэглэгчдийн эрэлт шаардлагад нийцүүлсэн хэрэг мөн ч энэхүү чиг хандлага одоогоос өөрчлөгдөж эхэллээ. Өдгөө Их Британийн хэрэглэгчдийн тал орчим хувь нь өмсөж буй хувцасныхаа үйлдвэрлэлд анхаардаг болжээ.
КОМПАНИУД ЮУ ХИЙГЭЭД БАЙНА
Дэлхийн хувцас үйлдвэрлэлийн салбарын компаниудын 12.5 хувь нь 2020 он гэхэд үйлдвэрлэлийн усны хэрэглээг үр дүнтэй болгох, байгаль орчинд хор нөлөөгүй мяндас боловсруулж, дахивар ашиглах хувьсгалч систем хөгжүүлэх зорилготой Global Fashion Agenda үйлдвэрлэлийн группт нэгдээд байна. Дээр нь олон брэнд өөрийн тусгай санал санаачилга хэрэгжүүлэх боллоо. Adidas AG 2024 он гэхэд зөвхөн дахивар хуванцар ашиглах үүрэг хүлээж буйгаа мэдэгдсэн. Hennes & Mauritz AB 2030 он гэхэд зөвхөн дахивар болон байгаль орчинд ээлтэй материал ашиглаж үйлдвэрлэл явуулна. Calvin Klein, Tommy Hilfigerийг эзэмшигч PVH Corp зөвхөн байгаль орчинд ээлтэй эх үүсвэрээс гаралтай хөвөн даавуу, вискозийг 2025 оноос, полиэстерийг 2030 оноос ашиглана. Urban Outfitters Inc АНУ-д эмэгтэйчүүдэд зориулсан хувцас түрээсийн үйлчилгээ нэвтрүүлж эхэллээ. Prada SpA нейлоныхоо нийт хэрэглээг далай тэнгисийн хаягдал хуванцраас гаргаж авсан нийлэг бөс даавуу гэх мэт байгальд ээлтэй хувилбараар хангана. Адгуусан амьтдын эрхийг хамгаалагчдын олон арван жилийн цуцалтгүй тэмцлийн дүнд Prada ч бүтээгдэхүүндээ амьтны арьс үс оруулахыг хориглосон Gucci, Burberry Group Plc зэрэг брэндийн эгнээнд шилжлээ.
ҮР ДҮН ГАРЧ БАЙГАА ЮУ?
Одоохондоо үр дүнгүй. Зарим брэнд 2030 он гэхэд жилдээ 100 сая тонн хувцас, гутал үйлдвэрлэх аварга үйлдвэрлэлийн өсөлтийг гүйцэхгүй байна. Тогтолцоог бүхэлд нь хамарсан илүү гүнзгий хувьсгалч шинэчлэл өрнүүлэхгүйгээр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлж чадахгүй гэсэн дүгнэлтийг Global Fashion Agenda 2019 оны шинэчилсэн судалгаагаар гаргалаа. Zaraгийн дэлгүүрүүдийг эрхлэн ажиллуулдаг Inditex SA-гийн түнш, хувцас үйлдвэрлэлийн эзэнт гүрэн байгуулж буй Энэтхэгийн Tata Group 12 хоногийн дотор шинэчлэгдэж, үнэ нь тал хувь хүртлээ унадаг “extreme fast fashion” бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлэхээр төлөвлөж байна.
ЭНЭ ИХ ХУВЦАС ЦААШДАА ЮУ БОЛОХ ВЭ?
Өдгөө дэлхийд секунд тутамд хогны нэг машин дүүрэн хувцсыг шатаах юм уу ландфиллийн аргаар далд оруулж байна. Хаягдал болгож буй нийт хувцасны дөнгөж нэг хувийг дахиварт ашигладаг. Зарим компани олон тэрбум ам.доллараар үнэлэгдэх хувцсыг шатааж устгахаас татгалзах ам өчиг өгч эхлэв. Burberry зарагдаагүй бүтээгдэхүүнээ устгадаг практикаас татгалзахаар шийдлээ. Үүний тулд тус компани зарагдаагүй бүтээгдэхүүнийг ажилтнууддаа борлуулах, савхины өөдсөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандивлах зэрэг санаачилга дэвшүүллээ.
ЗАСГИЙН ГАЗРУУД ЮУ ХИЙЖ БАЙНА ВЭ?
Дэлхийн тэргүүлэх зарим хувцас загварын брэндийн эх орон Франц улс G7-г тэргүүлж буйн хувьд хувцас үйлдвэрлэлийн салбарыг хувьсган өөрчлөх үйлст манлайлагч нь. Байгаль орчинд учруулж буй сөрөг нөлөөгөө бууруулах үүрэг амлалт авсан компаниудын үйл ажиллагааг Gucci-г эзэмшигч Kering SAгийн гүйцэтгэх захирал ФрансуаАнри Пино зохицуулж байна.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
Холбоотой мэдээ