Нүүрсний экспорт хүндэрч магадгүй байна | News.MN

Нүүрсний экспорт хүндэрч магадгүй байна

Нүүрсний экспорт хүндэрч магадгүй байна

Нүүрсний экспорт хүндэрч магадгүй байна

Хоёрдугаар улиралд нүүрсний экспортын 160 сая ам.долларын боломжоо алджээ

Олон улсын зах зээлд огцом савлагаа, цочир өөрчлөлт өрнөж буй энэ өдрүүдэд нүүрсний салбарын шинэ мэдээ тус түүхий эдийн хамгийн том хэрэглэгчээс ирлээ. Дэлхийн нийлүүлэлтийн багагүй хувийг, Монголын нүүрсний экспортыг бүхэлд нь залгидаг БНХАУ-ын импорт өнгөрсөн тавдугаар сард буурчээ. Урд хөршийн коксжих нүүрсний импорт энэ оны тавдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 хувиар буурч, 5.92 сая тоннд хүрсэн байна. 2019 оны эхний саруудыг өсөлттэй угтсан өмнөд хөршийн татан авалт ийнхүү удааширч эхэлсэн нь энэ. Гэхдээ сүүлийн таван сарын дүнг нэгтгэн тооцвол нийт импорт нь 30 орчим хувиар өсөж, 29.6 сая тоннд хүрснийг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар мэдээлэв.

Нэгэн үе магнагт гарч байсан Хятад улсын макро эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд саарсаар буй. Мөн өнгөрсөн жилүүдэд уул уурхайн түүхий эдийг хэмжээ хязгааргүйгээр “уудаг” байсан урд хөршийн эрэлт хөрсөндөө буусан. Урд хөршийн урдаас төлөвлөж байсан, механик гэмээр эдгээр удаашралтай зэрэгцээд тус улсын АНУ-тай үүсгэсэн худалдааны маргаан гэнэт хурцадсан нь Хятадын суурь үзүүлэлтүүдийг доош татаж байгаа. Гэвч энэ дунд нүүрсний нийлүүлэлтээ өсгөж буй нийлүүлэгчид ч байна. Тухайлбал, урд хөрштэй улс төрийн харилцаагаа түүхэн дээд түвшинд хүргэхээ мэдэгдсэн ОХУ-ын нүүрсний нийлүүлэлт тавдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 64 хувиар өсөж, 3.93 сая тоннд хүрчээ. Үүний 15 хувь буюу 596 мянган тонныг коксжих нүүрс бүрдүүлсэн нь нийт нийлүүлэлтийнхээ 96 хувийг энэ төрлийн таваараар хийдэг Монгол Улсын хувьд үл тоож боломгүй үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, бидний тоглодог гол талбар болох Хятадын коксжих нүүрсний зах зээлд эзлэх хойд хөршийн байр суурь нэмэгдсээр байна. Түүнчлэн ОХУ-аас гадна Индонез улсаас экспортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 46 хувиар өсөж, 13.2 сая тоннд хүрсэн байна. Ийнхүү зарим улс экспортоо уралдан өсгөжээ.

Гэтэл нүүрс зарах уралдаанаас хоцорч, урамгүй дүр зураг үзүүлж буй орнууд ч бас байна. Ялангуяа, Австрали болон Монгол Улсын нүүрсний экспорт өнгөрсөн тавдугаар сард буурсан байна. Австралийн нүүрсний нийлүүлэлт 5.5 хувиар буурч, 5.25 сая тоннд хүрсэн. Үүнээс 26 хувь буюу 1.38 сая тонныг нь коксжих нүүрс бүрдүүлсэн нь энэ оны хоёрдугаар сараас хойших хамгийн бага дүнд тооцогдож байна. Австрали улс 5G үйлчилгээнд БНХАУ-ын Huawei-гийн тоног төхөөрөмжийг ашиглахаас татгалзсан нь Австралийн нүүрсний экспорт хилийн хэсэгчилсэн хоригтой нүүр тулахад хүргэсэн хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа. Хэдийгээр Хятадын гаалийн бүрдүүлэлттэй холбоотой сунгасан 40 хоногийн хугацаа дууссан ч өнөө хэр дэлхийн нүүрсний зах зээлийн том тоглогч Австралийн БНХАУ дахь нийлүүлэлт дорвитой сэргээгүйг сүүлийн үеийн тоон үзүүлэлтүүд харуулж байна.

Ийнхүү хил гаалийн саадтай нүүр тулж буй Австрали улстай зэрэгцээд Монгол Улсын экспорт  буурлаа. Зөвхөн тавдугаар сард манай улсаас урд хөрш рүү экспортолсон нүүрсний хэмжээ 8.9 хувиар доошилж, 3.68 сая тоннтой тэнцсэн. Ингэснээр энэ онд нийт 42 сая тонн нүүрс экспортлох том зорилт тавьсан Монгол Улс энэ оны эхний таван сарын байдлаар нийт 15 сая тонн нүүрс экспортолж, 1.2 тэрбум ам.долларын орлого олжээ. Өөрөөр хэлбэл, бид зорилтынхоо ердөө 35 хувийг биелүүлээд байгаа нь энэ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээллээр Гашуунсухайт боомтоор гарч буй экспорт өмнөх жилүүдтэй ойролцоо. Харин Шивээхүрэн боомтоор дамжсан нүүрсний экспорт тооцооныхоо 50 хувьтай байна. Ингэснээр нийт дүнгээр Монгол Улс төлөвлөгөөнөөсөө 20-30 хувиар хоцорч байгаа аж.

Өнгөрсөн хоёрдугаар улиралд гэхэд Монгол Улс хоёр сая тонн нүүрс экспортлох боломжоо алдсан гэж мэргэжлийн холбооноос мэдээлэв. Өнгөрсөн саруудад бид 15 сая тонн нүүрсийг 1.2 тэрбум ам.доллараар зарсан гэж үзвэл бидний хоёрдугаар улиралд алдсан боломжийн өртөг 160 сая ам.доллартай тэнцэж байна. Үүний шалтгааныг салбарынхан тээврийн зөвшөөрөлтэй холбон тайлбарлаж байна.

Тодруулбал, өнгөрсөн оны сүүлчээр Тавантолгойн ордоос нүүрс ачсан автомашинууд Ганцмод, Гашуунсухайтын боомтод цуваа үүсгэж, хүндрэл учирсан. Үүнийг шийдэхийн тулд тээврийн С зөвшөөрөл олгож эхэлжээ. Хилийн боомтод урт дараалал үүсгэхгүйн тулд Хятадын нүүрсний эрэлтэд тохируулан автомашины тээврийн зөвшөөрөл олгосон байна. Ингээд уг шийдлийг Монголын нүүрсний хоёр гол гарц болох Гашуунсухайт болон Шивээхүрэнгийн боомтод нэвтрүүлсэн. Гэтэл манай улсын нүүрсний нийт нийлүүлэлтийн тэн хагасыг дамжуулдаг Шивээхүрэнгийн боомтод ачаалал дараалал төдийлэн үүсдэггүй байжээ. Гэвч С зөвшөөрлийг хоёр боомтод нэвтрүүлснээс үүдэн Шивээхүрэнгийн тээвэрлэлт саатсан байна. “Тус зөвшөөрлийг олгохын тулд нэг мэргэжилтэн судалгаа явуулж, дүгнэлт гарган, даргадаа танилцуулж, батлуулах гэсээр байгаад бараг хоёр сарыг алдсан. Өмнө нь Шивээхүрэнгийн боомтоор өдөрт мянга гаруй машин гардаг байсан бол С зөвшөөрлөөс болж хоёр дахин цөөрсөн хэмээн “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал телевизийн ярилцлагадаа хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, нэмэлт зөвшөөрөл олгосон нь Гашуунсухайтад эергээр нөлөөлсөн бол Шивээхүрэнгийн нөхцөл байдлыг дордуулжээ. Энэ мэтээр манай нүүрсний салбарт уян хатан бодлого байхгүй байгаа нь экспортод сөргөөр нөлөөлөөд буйг шинжээчид тайлбарлаж байна.

  • Хил гаалийн саадтай нүүр тулж буй Австрали улстай зэрэгцээд Монгол Улсын экспорт буурлаа.
  • Зөвхөн тавдугаар сард манай улсаас урд хөрш рүү экспортолсон нүүрсний хэмжээ 8.9 хувиар доошилж, 3.68 сая тоннтой тэнцсэн.
  • Энэ онд нийт 42 сая тонн нүүрс экспортлох том зорилт тавьсан Монгол Улс энэ оны эхний таван сарын байдлаар нийт 15 сая тонн нүүрс экспортолж, 1.2 тэрбум ам.долларын орлого олжээ.

Үүнээс үүдэн нүүрсний экспортоо өсгөх боломжит үеийг Монгол Улс бүрэн дүүрэн ашиглаж чадсангүй. Хилийн зохицуулалт, тээврийн зөвшөөрөл хэмээн мунгинаж байх зуур Хятадын нүүрсний эрэлт саардаг сарууд ойртлоо. Хэдийгээр БНХАУ-ын эрэлт энэ онд өмнөх оныхтой адил байна хэмээн шинжээчид таамаглаж байгаа ч урд хөршийн нүүрсний татан авалт оны хоёрдугаар хагасаас буурдаг дүр зураг сүүлийн хоёр жилд ажиглагдсан. Тухайлбал, 2017 оны зургадугаар сард 3.9 сая тоннд хүрсэн Монголын нүүрсний экспорт долдугаар сард 2.2 сая тоннд хүрч буурсан бол 2018 онд энэ дүн ижил хугацаанд 4.1 сая тонноос 2.5 сая тонн болтлоо багасаж байжээ. Учир нь урд хөрш бидэн шиг цаг хугацаа алдаж, мунгинахгүй бөгөөд зах зээлийн аливаа өөрчлөлтийг маш соргогоор мэдэрч, богино хугацаанд арга хэмжээ авдаг. Тиймээс оны хоёрдугаар хагасаас эхлэн дотоодын нүүрсний үйлдвэрлэлтэй уялдуулан хилийн чанадаас авах нүүрсний хэмжээгээ тодорхойлж, хил гаалийн хяналтаар дамжуулан импортыг нь хязгаарладаг. Энэ хандлага ирэх улиралд ч ажиглагдах төлөвтэй байна.

Энэ оны эхний хагастай харьцуулахад хоёрдугаар хагаст бага зэрэг буурч магадгүй гэж тус улсын Нүүрс тээвэр, түгээлтийн холбооны дэд тэргүүн нь хүртэл мэдэгдсэн байна. Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл бид худалдан авагчийнхаа хүсэл сонирхлыг харгалзахаас өөр аргагүй. Хятадын эрэлтэд тохируулж нүүрсээ экспортолж таарна. Ингэж тооцвол урд хөршийн импорт өмнөх оныхтой дүйх таамгийн адилаар бидний нийлүүлэлт ч өнгөрсөн оны 31 сая тоннтой ойролцоо түвшинд хэлбэлзэж магадгүй байна. Цаашлаад 42 сая тонн экспорт төсвийн цаасан дээр л үлдэж, улсын орлого тасрах нь.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-07-01 59.153.115.59

elii balai naad erunxiilugchiin chin gai l yavaad baigaa yum daa

Avatar

Батаа 2019-07-01 202.9.43.100

Хятад орон байхгүй байсан бол 1990 оноос хойш яах байсан бол том орон том байдаг юм элийнүүдээ гадны улсыг муулаад өөрсдөө эсгий табьчикаа хийгээд явж бай за

Avatar

> 2019-07-01 49.0.212.221

Ашгүй, гоё гоё, баяр хүргэе, одоо зэсийн үнэ буураад бензин өсчөөсэй

Avatar

Зочин 2019-07-01 107.77.173.2

ЖЕНКО компанийн захирал урт гутгатай тулгаадаа баяр хүргэе….Орос улсынхаа төлөө улам сайн зүтгээрэй

Avatar

Зочин 2019-07-01 213.200.230.206

OROS NUURS osood MONGOL nuurs buurchee. JANHUUdaa, Tagnuul Battulgadaa OROS NUURS osood MONGOL nuurs buurchee. JANHUUdaa, Tagnuul Battulgadaa talarhaya OROS NUURS osood MONGOL nuurs buurchee. JANHUUdaa, Tagnuul Battulgadaa talarhaya OROS NUURS osood MONGOL nuurs buurchee. JANHUUdaa, Tagnuul Battulgadaa talarhaya OROS NUURS osood MONGOL nuurs buurchee. JANHUUdaa, Tagnuul Battulgadaa talarhaya OROS NUURS osood MONGOL nuurs buurchee. JANHUUdaa, Tagnuul Battulgadaa talarhaya

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж