МУИС нь 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөндөө тус сургуульд хэрэгжүүлж буй бүх хөтөлбөрөө үндэсний хэмжээнд, шинжлэх ухаан инженерчлэлийн хөтөлбөрүүдийн 50 хувийг олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлэхээр тусгасан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд магадлан итгэмжлэлийн мастер төлөвлөгөө гарган шат дараатай үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ хичээлийн жилд ШУС, ХШУИС, БС, ОУХНУС, ХЗС-ийн сургуулийн 23 хөтөлбөрийг үндэсний хэмжээнд буюу Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр, ОУХНУС-ийн Олон улсын харилцаа хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр төлөвлөн Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтэстэй үйл ажиллагаа, санхүүжилтийн гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.
Эдгээр хөтөлбөрүүдээс 2019 оны эхний хагаст Бизнесийн сургуулийн Банк, Маркетингийн бакалаврын хөтөлбөрүүд, Нягтлан бодох бүртгэлийн магистрын хөтөлбөр, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээллийн системийн бакалаврын хөтөлбөр, Шинжлэх ухааны сургуулийн Хими, Багш байгалийн ухааны боловсрол (хими) хөтөлбөрүүд Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр амжилттай магадлан итгэмжлэгдсэн байна.
2019 онд магадлан итгэмжлэл хийлгүүлэхээр төлөвлөсөн бусад хөтөлбөрүүд өөрийн үнэлгээний тайлангийн бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Магадлан итгэмжлэлийн мастер төлөвлөгөөний дагуу 2020 онд 32 хөтөлбөр үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэхээр төлөвлөж байна.
2018 онд олон улсад магадлан итгэмжлүүлсэн 3 хөтөлбөр (Хими, Програм хангамж, Мэдээллийн технологи) хугацаагаа сунгуулахаар материалаа илгээгээд байна. Мөн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Электроникийн хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа юм.
Сургалтын хөтөлбөрөө амжилттай магадлуулсан нийт сургуулийн удирдлага, тэнхимийн эрхлэгч, эрдэмтэн багш, мэргэжилтэн, ажилтнууддаа баяр хүргэе.
МУИС, Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтэс
Холбоотой мэдээ