УИХ-ын 2016 оны 51 дүгээр тогтоолоор Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд МУИС-ийн Зөвлөх баг “Төрийн албан хаагчийн ёс зүй” номыг бэлтгэн гаргалаа. Тус номын зохиогчоор Проф.Др.Ч.Ундрам, докторант Г.Мягмар, докторант М.Нармандах хамтран ажилласан байна.
Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм” шинээр батлагдсан. Тиймээс төрийн албан хаагч үйл ажиллагаандаа төрийн албан хаагчийн ёс хэм хэмжээг чанд мөрдөж, үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдэлж, төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөх үүрэгтэй. Төрийн албаны үзэл баримтлал шинэчлэгдэж төрийн албанд мэдлэг, боловсрол, ёс зүй, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага зэрэг чадахуйн зарчмыг хамгийн сайн хангасан хүнийг томилох шаардлага тавигдаж байгаа өнөөгийн нөхцөлд төрийн албан хаагчийн зайлшгүй шаардлагатай гарын авлага болж чадсан байна.
Нээлтийн үйл ажиллагааг АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нээж, бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар оролцож санал сэтгэгдлээ солилцож, халуун яриа өрнүүлсэн нөхөрсөг уулзалт болсон байна. МУИС-ийн Зөвлөх багийн бүтээлийг оролцогчид өндрөөр үнэлж, улмаар Удирдлагын академи сургалтын үндсэн сурах бичиг болгохоо албан ёсоор зарласан явдалд бид бахархаж байна.
Мөн номын зохиогчид номын дээжээс МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар болон МУИС-ийн Номын сангийн захирал Г.Цэрэн нарт гардуулан өглөө.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Холбоотой мэдээ