Баянгол дүүрэгт байрлах “Их шүүдэргэнэ Ариунаа” ХХК-ийн ”Их шүүдэргэнэ” эмийн сан нь бүртгэгдээгүй эмээр үйлчилж байжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус эмийн санд шалгалт хийхэд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмээр үйлчилсэн, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, тус эмийг хураан авч, устгуулахаар комисст шилжүүлжээ. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хүрмэн” эмийн сангийн үйл ажиллагааг зогсоосон байна. Парадокс салбарт үйл ажиллагаа явуулдаг тус эмийн сан нь Ааг фарм ХХК-ийн эмийн сангийн эм барих тусгай зөвшөөрлийг ашиглаж байсан ба тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд заасан хаяг байршилд ажиллаагүй болохыг нь шалгалтаар тогтоожээ. Мөн үйлдвэрлэгч болон дуусах огноо зэрэг нь тодорхойгүй Жор-40, Жор-50 нунтаг хэлбэрийн эмийг борлуулдаг, хуурамч, сэтгэцэд нөлөөт эмийн жороор эм олгосон зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт шалгалтын хүрээнд хаяг шошгын зөрчилтэй нийт 600 ширхэг цаасан ууттай Жор-40, Жор-50 эмүүдийг устгуулахаар хураан авч, найруулсан болон дуусах огноо тодорхойгүй усан эмүүдийг газар дээр нь устгуулжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт шалгалтын хүрээнд эмийн сангуудад шалгалт хийж буй нь энэ юм байна. Одоогоор шалгалтын талаарх нэгдсэн мэдээлэл гараагүй гэж тус газраас мэдээлэв.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ