УИХ-ын үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж, энэ долоо хоногийн УИХ-ын байнгын хороод, чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн хийнэ. Үүнтэй холбоотойгоор УИХ-дахь МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Бүлгийн хурлаар хэлэлцэж байгаа асуудал болон хуулийн төслийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар бүлгийн хуралдаанаар гишүүдийн ярьж буй гол саналууд нь юу байна вэ?
-Бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн заалт бүрийг нэг бүрчлэн ярьж байна. Гишүүд хөдөө орон нутагт ажлын долоогоос доошгүй хоног ажиллаад ирсэн. Уулзалтын үеэр иргэдийн зүгээс хэлсэн саналуудыг өнгөрөгч баасан гаригт бүлгийн хурлаар ярилцсан. Амралтын өдрүүдэд ажлын хэсэг, дэд хэсгүүд ажиллаж саналуудыг нэгтгэсэн. Одоо бол зарчмын зөрүүтэй саналуудыг ярьж байна. Нэлээн олон талаас нь ярьж байгаа учраас бүлгийн хуралдаан орой хүртэл хуралдана. Нийт дөрвөн бүлэг асуудлаас хоёрыг нь ярилцаж дууслаа. Үдээс хойш үргэлжлүүлэн үлдсэн асуудлыг ярилцана. Хуулийн төслийн 21.4-т УИХ-ын Сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэсний тогтолцоо гэсэн үгийг хасах саналыг гишүүдийн олонх гаргалаа. Сонгуулийг мажоритар системээр явуулах нь зөв гэдэг байр сууринаас гишүүд асуудалд хандлаа. Хуулийн төслийн бусад заалтуудыг томьёоллын хувьд сайжруулах санал гарч байна.
-АН-ын зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг шаардаж, хоёрдугаарт хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Чухал хуулийн төсөл хэлэлцэж байгаа атлаа сөрөг хүчинтэйгээ яагаад ойлголцохгүй байна вэ?
-АН-ын зөвлөлийн гишүүд улс төрийн шалтгаан мөн намынхаа улс төрийн шийдвэрээс асуудалд хандаж байгаа болов уу гэж бодож байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2014 онд АН-ын гишүүн Н.Батбаяр нарын 47 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл. Уг өргөн барьсан хуулийн төслийн бараг 90 хувь нь одоогийн хуулийн төсөлд багтсан төсөл шүү дээ. Улс төрийн шалтгаан байгаа байх гэж бодож байна.
-АН-ын зөвлөлөөс ард иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар ч мэдээлэлгүй байна гэж байна. Ард иргэдэд мэдээлэл өгөх ажлыг хийх үү?
-Манай гишүүдийн ихэнх нь Ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Сая тойргоороо ажиллаад мэдээлэл өгсөн. Мөн Ард нийтийн санал асуулга явуулна гэвэл дахиад хоёр сар мэдээлэл өгөх хугацаа байгаа. Ард нийтийн санал асуулга явуулах хамгийн наад талын хугацаа есдүгээр сарын 20-н байгаа. Тэгэхээр мэдээлэл өгөх, тайлбарлах хангалттай хугацаа байгаа гэж бодож байна. Иргэдээс их олон санал ирж байгаа. Орон нутгийн саналуудыг өнгөрсөн баасан гаригт хуралдаж нэлээд цэгцэлсэн. Тухайлбал, сумын хурлыг аймгийн хурлаас сонгохыг буруу гэсэн. Түүнийг цэгцэлсэн. Дүүргийн Засаг дарга сонгох асуудлыг мөн зохицуулалт хийсэн. Аймгийн хурлыг байхгүй болгочихлоо гэж байсныг сэргээсэн. Хотын асуудлыг сэргээж байгаа. Шүүхтэй холбоотой нэлээд олон заалт байсан.
–Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болох эсэхийг шийдвэрлэх тухайд бүлэг ямар байр суурьтай байгаа вэ. Мөн хоёрдугаар хэлэлцүүлгийг хэзээ дуусгахаар төлөвлөж байна вэ?
– Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг долдугаар сарын 5-ны дотор багтаан хэлэлцэж дуусгахаар төлөвлөж байна. Дэгийн тухай шинэ хуулиар УИХ-ын гишүүний чуулганы хуралдаанд үг хэлж, асуулт асуух хугацааны хувьд ярвигтай болсон. УИХ-ын гишүүний үг хэлэх хугацаа нь 10 минут, хариулт авах нь 10 минут, асуулт асуух нь мөн 10 минут болсон. Гэхдээ төлөвлөгөөний дагуу энэ сарын 5-ны дотор багтааж хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгахаар ажиллаж байна. Хэрэв энэ хугацаандаа амжвал долдугаар сарын 8,9 нд УИХ-ын чуулган хуралдаад хуулийн төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэх үү, ард нийтээс санал асуулга авах уу гэдгийг УИХ тогтоолоор шийдвэрлэнэ.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд иргэдээс хэр санал авсан бол?
-Хөдөө орон нутгаас их санал ирсэн. Өнгөрсөн тав дахь өдөр Их тэнгэрт ажлын хэсэг хуралдаж нэлээд цэгцэлсэн. Тухайлбал, Сумын Засаг даргыг сонгох, дүүргийн Засаг даргыг сонгох асуудалд зохицуулалт хийсэн. Аймгийн ИТХ-ыг байхгүй болголоо гэсэн шүүмжлэл ирсэн. Үүнийг сэргээсэн. Орон нутагт орон нутгийн асуудлыг их ярьсан. "Давхар дээл"-ийг байхгүй болгох, шүүхийн засаглалын асуудал мөн яригдсан.
–Улс төрийн намыг салбарын нам болголоо гэсэн шүүмжлэл байна. Энэ талаар?
-Улс төрийн намыг илүүтэй хариуцлагажуулсан. Санхүүжилтийг ил тод болгож, нэг хүний нам байхыг үгүйсгэсэн.
-Байгалийн баялаг “Төрийн өмч байна” гэсэн 1992 оны заалтыг энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр “Ард түмний өмч байна” гэж өөрчилж болоогүй юм уу?
-Байгалийн баялаг төрийн өмч байна гэдэг нь 1992 оны Үндсэн хуулийн заалт. Энэ нь хөндөгдөөгүй заалт. Журмын тухай хуулиар хөндөгдөөгүй заалтыг УИХ хөндөх ёсгүй. Өргөн баригдаагүй учраас, гэхдээ яаж ашиглах уу гэдэг дээр асуудал ярьж байна. Энэ чиглэлд ажлын хэсэгт үүрэг өгч дахин томьёоллоор оруулж ирж эцэслэн шийдвэрлэнэ.
-"60 тэрбум", ЖДҮ-д холбогдсон эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь ёс зүйгүй гэж зарим хүмүүс үзэж байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Ард иргэдтэй уулзахад энэ талаар ярихгүй байгаа. Зарим улстөрчид зохион байгуулалттай ярьж байна.
-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах талаар ямар заалт тусгасан бэ?
-Энэ асуудлыг иргэдтэй уулзаж байгаа нэлээд ярьж байна. Тиймээс сая бүлгийн хурал дээр шийдвэрлэж, УИХ-ын гишүүдийг Үндсэн хууль зөрчсөн болон эгүүлэн татах үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн цэц үзвэл эгүүлэн татна гэсэн заалт тусгахаар боллоо.
-АН-ын зөвлөл чуулганыг хугацаанд нь завсарлуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна?
-Завсарлуулах, үгүйг Их хурал өөрөө шийднэ. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцэж байхад завсарлуулах хэцүү. Өөрөө Дэгийн хуультай. Хоёрдугаар хэлэлцүүлэг явсны дараа л завсарлах уу, ард нийтийн санал асуулга явуулах гэдгийг шийднэ. Үүнээс өмнө завсарлах эрх бидэнд байхгүй.
Холбоотой мэдээ