Долдугаар сарын 1-нийг мартах учиргүй гэв

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 1-нийг мартах учиргүй гэв

Долдугаар сарын 1-нийг мартах учиргүй гэв

Монголчуудын дунд “хар” өдөр хэмээн тэмдэглэгдсэн долдугаар сарын 1-ний өдөр тохиож байна. Тэртээ 2008 оны зургадугаар сарын 28-нд болсон УИХ-ын сонгуулийн дараах өдрөөс эхэлсэн тайван жагсаал сүүлдээ хүчирхийлэл, хэлмэгдүүлэлтийг бий болгосон үндэсний үймээн болтлоо өргөжин тэлсэн энэ өдрийг бид мартах учиргүй юм.


 ЦАГ БУСААР НӨХРӨӨ АЛДАЖ, ТАВАН ХҮҮХЭДТЭЙГЭЭ ӨНЧИРЧ ХОЦОРСОН

Энэхүү өдрийн хүрээнд иргэний байгууллагууд болон долдугаар сарын нэгэнд амиа алдсан талийгаачдын ар гэрийнхэн Хэлмэгсдийн хөшөөнд өнөөдөр /2019.07.01/ цэцэг өргөлөө. Одоогоос 11 жилийн өмнөх энэ өдөр А.Оюунбилэг гэх эмэгтэй жагсаалын үеэр нөхрөө алдаж таван хүүхэдтэйгээ өнчирч хоцорчээ. Өнөөдөр тэр нөхрийнхөө дурсгалд зориулан цэцэг өргөж байлаа.

Түүнээс болсон явдлын талаар тодруулбал “2008 оны долдугаар сарын 1-ний өдөр миний нөхөр талийгаач болсон. Тухайн үед манайх таван хүүхэдтэй. Бага хүүхэд маань тавдугаар анги, том хүүхэд 19 настай байсан. Долдугаар сарын 1-ний хар өдрөөс хойш 11 жил өнгөрлөө. Тухайн үед надад амьдрах хэцүү санагддаг байсан. Миний нөхөр ардчиллын төлөө тэмцэж, үгээ хэлж яваад өнгөрсөн. Хүний эрх чөлөө тэр өдөр хязгаарлагдсан. Тэр өдрөөс хойш Монголын ард түмний үгээ хэлэх, сурч боловсрох, эрүүл байх эрх өдий болтол зөрчигдсөөр ирсэн. Энэ бол төр засгийн буруу гэж бодож байна. Хоёрдугаарт, тухайн үед буюу 2008 оны зургадугаар сарын 30-наас эхэлж жагсаал цуглаан зохион байгуулсан уриалан дуудсан хүмүүс ямар ч хариуцлага тооцоогүй. Төр засаг ч мөн адил хариуцлагаа хүлээхгүй өнгөрсөн. Энэ бол маш эмгэнэлт явдал. Би таван өнчин хүүхэдтэйгээ хоцорч уйлах цагтаа уйлж явсан. Одоогоор манай бага хүүхэд насанд хүрч бусад нь бүгд тусдаа гараад амьдрал зохисон. Би өнөөдөр арав гаруй ач, зээтэй болсон. Энэ сайхан жаргалтай цаг хугацааг нөхөр маань үзсэнгүй. Үнэхээр харамсалтай байна” гэлээ.

АРДЧИЛСАН ЗУУНД МОНГОЛЧУУД ДАХИН ХЭЛМЭГДСЭН

Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг “2008 оны энэ өдөр улс төрийн сонгуульд бухимдсан ард иргэдийн жагсаалыг үймээн самуун болгож, ард иргэдийг нухчин дарж төр ард түмэн рүүгээ төмөр нүүрээ харуулсан хар өдөр. Үүнээс хойш бүтэн 11 жилийн хугацаанд ТББ-ууд хамтраад долдугаар сарын 1-ний өдөр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулж зулын ёслол, цэцэг өргөх ёслол хийдэг болсон.

Долдугаар сарын 2-ноос хойш гурван өдөр бүх хэвлэлийг хааж, талбай дээгүүр танк байрлуулан онц байдал зарлаж байсан. Эндээс дүгнэхэд ардчилсан 21-р зуунд монголчуудыг дахин хэлмэгдүүлсэн. Жирийн иргэдийн өөдөөс нулимс асгаруулагч, галт зэвсэг хэрэглэж байсан. Тиймээс иргэний байгууллагууд хамтраад өнөөдөр ийм үйл явдал болсныг сануулахаар энэхүү цэцэг өргөх ёслолыг хийж байна” гэлээ.

Сүхбаатарын талбайд өнөө орой амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулж 20.00 цагаас зулын ёслол болох ажээ.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж