Дархны бүтээл дэндүү чимхлүүр, нарийн. Маш удаан хийх явцад амь сууж байдаг гэж ганг уяраадаг эрхмүүд хэлдэг. Тиймдээ ч эртнээс монголчууд дархан хүнийг бурхан ухаантай гэдэг биз ээ. Бурхан багшийн хөргөөс XIII зууны хаант төр, Өндөр гэгээн Занабазарын дахин давтагдашгүй бүтээл хийгээд Монгол эмээл, морин хуур, ломбо, мөнгө аяга, цар гээд зөвхөн Монгол ахуй, өв соёл “үнэртэх” дэлхийн хаана ч байхгүй эрт эдүгээг хослуулсан уран нарийн хийц бүхий бүтээл олны нүдийг хужирлаж байна. Энэ бол Монголын уран зургийн галерейд өнөөдөр /2019.07.01/ үүдээ нээсэн “Монгол уран дархан 2019” үзэсгэлэн юм.
Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор хоёр дахь жилдээ зохион байгуулж буй эл үзэсгэлэнд Монголын шилдэг 100 гаруй уран дархдуудын 400 орчим бүтээл нэгэн дээвэр дор чуулж, галерейн их танхимд долдугаар сарын 7-н хүртэл үзэгч олны хүртээл болох аж.
Гурван жил тутамд зохиогддог эл үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар Монголын Уран дарханы Түмэн эрдэнэс нэгдсэн холбоо, Монгол төрийн дарханы нэгдсэн холбоо, МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам зэрэг төрийн болон төрийн бус байгууллага хамтран ажиллаж байгаа билээ.
ӨНДӨР ГЭГЭЭН Г.ЗАНАБАЗАРЫН БҮТЭЭЛҮҮДИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛНЭ
“Өндөр гэгээний уламжлалыг хадгалах төв” ТББ-ын тэргүүн Н.ДӨЛГӨӨН:
– Манай төрийн бус байгууллагын урчууд лам нартай хамтран бүтээл дээрээ судалгаа хийж, Өндөр гэгээн Занабазарын дахин давтагдашгүй бүтээлүүдийг сэргээн хөгжүүлэх хойч үедээ уламжлан үлдээх зорилготойгоор ажилладаг. Энэ хугацаанд Монголдоо өмнө нь хийх боломжгүй байсан технологи, уран дарханы уран хийц зэрэг нь тасалдсан байсныг сэргээн засварлах чадвартай боллоо. Үүнийгээ батлан харуулахын тулд уран дарханы үзэсгэлэнд есөн бүтээлээр оролцож, шилдгийн шилдэгт багтах шагналыг авсандаа баяртай байна.
МОНГОЛЫН НЭР НҮҮРИЙГ ТАХЛАХ ӨНДӨР ХИЙЦИЙН БҮТЭЭЛИЙГ УРЧУУД ДЭЛГЭЖ БАЙНА
Монголын Уран дарханы Түмэн эрдэнэс нэгдсэн холбооны тэргүүн Д.ПҮРЭВСҮРЭН:
Үзэсгэлэнг гурван жил тутамд Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулах зарлигийг төрийн тэргүүн 2016 онд гаргаж байсан. Энэ жилийн уран дархан үзэсгэлэнд гайхамшигт ур хийцээрээ олныг гайхшируулсан 200 орчим дархад өөрсдийн бүтээлээ толилуулж байгаа юм Мөн орон нутгаас уран дархад ирж оролцож буйгаараа улам өргөн цар хүрээтэй сайхан үзэсгэлэн болж буйд талархаж байна. Цаашид илүү өргөн дэлгэр болох шинжтэй. Энэ дундаас Өндөр гэгээний урчууд гэсэн Монголын нэр нүүрийг тахлах өндөр хийцийн бүтээлийг урлаж буй урчууд бүтээлээ авчирсан нь олны анхаарлыг татаж байх шиг санагдлаа.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ЭНХБАТ
Холбоотой мэдээ