Үндсэн хууль: Жижиг хулгайч нар том хулгай хийх вий!

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

Үндсэн хууль: Жижиг хулгайч нар том хулгай хийх вий!

Үндсэн хууль: Жижиг хулгайч нар том хулгай хийх вий!

Г.Занданшатарын парламент Үндсэн хуулийн өөрчлөлтөөр амьсгалж байна. Гишүүд тойрогтоо ажиллаж, сонгогчдодоо Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай төслийг танилцуулаад ирсэн бол иргэдийн саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо авч эхэлжээ. Эцэг хуулийг өөрчлөхийн төлөө Ардын намынхан ид амбицалж, эсрэгээрээ Ардчилсан намынхан ЖДҮ-чид, 60 тэрбумчдаас бүрдсэн Г.Занданшатарын даргалж буй УИХ-ыг чадамжгүй, ёс зүйгүй гэж үзэж байгаа юм. Цаг хугацааг нь бодвол Үндсэн хуулийг хэлэлцэх хугацаа өнөөдрөөс өөр байхгүй гэж “толгой угааж” буй хэдий ч “тарах шаардлага” хэдэнтээ Төрийн тэргүүнээс хүртсэн, жавтийтай, барьцаатай  УИХ төр-ард түмний гэрээг өөрчлөх эрхгүй гэх шүүмжлэл бол зүй ёсных.

Товчхондоо жижиг хулгайчид том хулгай хийхгүй гэсэн баталгаагүй. Тэр тусмаа иргэдийн амьд явах, үзэл бодлоо илэрхийлэх, өмчтэй байх суурь эрхийг нь Үндсэн хуулиар хамгаалж өгдгийн МАН-ын төсөлд хүн бүр анхаарал хандуулах ёстой юм.

Баяр наадмын уур амьсгал дундуур, элдэв янзын дуулианд олны анхаарлаас “холуур” хэлэлцэгдэж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ардын намынхан аль болох хурдан батлуулахаар адгаж байна. Тиймээс ч УИХ нь дарга, цэрэггүй улс төрийн дэмжлэг авахаар энд тэндгүй зангиатай, зангиагүй уулзалтуудыг зохион байгуулах болсон. Уулзалтаар хэлдэг тэдний үгс нь Үндсэн хуулийн шинэчлэлтээр Монголын парламентыг сонгодогжуулж өгсөн, төсөлд эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгож тухай. Хүмүүсийн амралт, зугаалга, улс аймгийн баяр наадам тааруулан хэлэлцэж буй нь ч улс төрийн тодорхой зорилготой. Тиймээс л “чоно борооноор” болох вий гэж анхааруулга илүүдэхгүй. Аливаа чухал хууль, шийдвэрүүдийг баяр наадам, ард иргэдийн амралт, анхаарал сарнисан үед баталдаг, гаргадаг бичигдээгүй дүрэм Монголд үйлчилдэг шүү дээ.

Мэдээж, эрх мэдлээ булаацалдаад ажил хийхгүй, хийлгэхгүй байгаа төрийн гурван өндөрлөгийн талцлыг буюу Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хэрүүлийг зохицуулахын тулд эцэг хуулийг өөрчлөх нь зөв. Ийм ч захиалга эртнээс орж ирсэн, Ардын намын 60 тэрбумчид болоод ЖДҮ-чдын үед төр-ард түмний хоорондын гэрээг төгөлдөржүүлэх хувь тохиол нь таарсан болохоос.

Тэгэхээр хавхтай УИХ-ын бидэнд “санал болгож” байгаа өөрчлөлтүүд ардчиллыг хамгаалж чадах уу, аль тоталитори дэглэм тогтоох уу гэдэгт анхаарлаа хандуулах нь иргэн бүрийн үүрэг. Иргэн бүр энэ өөрчлөлтөд саналаа хэлэх, үгээ, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Учир нь, Үндсэн хуулийн өөрчлөлт зөвхөн эрх мэдэлтнүүдэд биш иргэдийн эрх чөлөөг хамгаалах ёстой учраас.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр иргэдэд ойлгомжгүй, эрх баригчид яаж бол яаж ашиглаж мэдэх ойлгомжгүй, тодорхойгүй олон зүйл байна.

Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 55 наснаас дээш хүнийг Ерөнхийлөгчөөр нэг удаа, зургаан жилээр сонгоно гэх заалт нь нэг ёсондоо эмэгтэйчүүдийн эрхэнд халдсан хязгаарлалт болжээ. Тэгээд ч 55 настай эрэгтэй хүн Ерөнхийлөгчөөр ажиллалаа гээд шударга болчихно гэвэл утгагүй хязгаарлалт болно. Ц.Нямдорж шиг тэтгэвэртээ суух насны өвгөчүүл Монголын улс төрийг яаж увайгүй болгож буйг өнөөдрийн үйл явдлууд ч тод томруун харуулж байгаа шүү дээ. Дэд сайд асан Б.Энхбаярын “Х.Баттулга Ерөнхийлөгчөөр 14 жил ажиллахыг Үндсэн хууль зөвшөөрөх эсэхийг тодорхой болгох хэрэгтэй” гэх болгоомжлол ч харах ёстой өнцөг мөн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын гүйцэтгэх эрх мэдлийг хязгаарлахгүйгээр, өөрөөр хэлбэл, супер Ерөнхийлөгч үү, супер Ерөнхий сайд уу гэдгээ тодорхой болгохгүй бол нийлбэр дүнд өөрчлөлт гарахгүй. “Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна”. Энэ бол зарчмын том өөрчлөлт биш л дээ. Харин үүний оронд чуулгандаа ирж суудаггүй Б.Наранхүү гишүүн шиг, эсвэл ёс зүйн асуудалд холбогдсон Д.Мурат, Д.Гантулга шиг бүр албан тушаалаа урвуулан ашигласан өнөөгийн парламентын олонхын олонх болсон ЖДҮ-чдэд ямар хариуцлага хүлээлгэхээ тодорхой болгож өгөх ёстой байх.

Түүнчлэн төсөлд оруулсан “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт”-ийн хүрээнд “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно” гэсэн заалтыг оруулж өгч буй.  Эндээс харвал нийт гишүүдийн дөрөвний нэг бол 19 гишүүн болно. 19 хүн Ерөнхий сайдыг огцруулж, дараагийн Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлнэ гэхээр гүйцэтгэх засаглалын эрх мэдэл нэмэгдэх биш улам хэврэг болох эрсдэлтэй биш үү!

Гэх мэтчилэн Үндсэн хуулийн өөрчлөлт дунд салаа утгатай, тодорхой болгох олон зүйл заалт бий. Яг энэ чигээр нь батлагдвал, “бүлэглэлийн эрх ашигт” үйлчилсэн Үндсэн хуулийн өөрчлөлт болох вий болгоомжлол байна. Жирийн хулгайчид вагоноос нүүрс, том хулгайчид төмөр замыг нь хулгайлдаг гэгчээр, барьцаанд орсон парламент ард түмэн ардчиллын эрх ашгийг эхэнд нь эрэмбэлж чадах уу!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж