Уимблидоны бүх цаг үеийн лидер Р.Федерер

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

Уимблидоны бүх цаг үеийн лидер Р.Федерер

Уимблидоны бүх цаг үеийн лидер Р.Федерер

Мэргэжлийн талбайн теннисний хамгийн нэр хүнд бүхий дөрвөн Их Дуулга тэмцээний нэг болох Уимблидон өнөөдөр /2019.07.01/хөшгөө нээнэ. Их Дуулга тэмцээнүүдийн хамгийн эртнийх буюу 140 гаруй жилийн түүхтэй Уимблидон тэмцээний түүхэнд олон шилдэг теннисчид түрүүлсэн байдаг. Эдгээрээс онцгойрох нэгэн бол “Швейцарь цаг” хочит Р.Федерер юм. Швейцарь эрхэм бол дан ганц Уимблидоны бүх-цаг үеийн түүхэнд ч бус мэргэжлийн талбайн теннисний түүхэнд алдар нэрээ цуурайтуулан буй шилдэг тамирчин. Зуу гаруй жилийн түүхтэй мэргэжлийн талбайн теннисний оргил тэмцээнүүд болох Их Дуулга тэмцээнд хамгийн олон түрүүлсэн эрхэм бол мөн л Р.Федерер юм. Гэхдээ энд Р.Федерерийн зөвхөн Уимблидонд үзүүлсэн амжилтын тухай сийрүүлье.

“Швейцарь цаг” Р.Федерер өдгөө 37 настай бөгөөд ердөө сар гаруйн дараа 38 нас хүрнэ. Энэ бол мэргэжлийн спортын түүхэнд зодог тайлсан эсвэл тайлах нас. Гэвч тэр өнөөдөр урьдны хурц, ширүүн тоглолтоо гаргахгүй байгаа ч туршлага, ур чадвараа харуулан дүү нартаа теннисний “хичээл” заасаар байна. Түүний Их Дуулга тэмцээнд түрүүлсэн анхны цом бол Уимблидоны цом. Тэр анх 1999 онд 18 насандаа Ролан Гаррос болон Уимблидоноос Их Дуулга тэмцээний “дарийн утаа” үнэрлэж байсан бол тэр цагаас хойш 11 удаа Уимблидоны финалд шалгарахдаа найман удаа цомыг өргөсөн. Энэ амжилтаараа Р.Федерер эртний түүхтэй Уимблидон тэмцээний хамгийн олон цомыг хүртсэн эрхэм болсон. Ийм түүнийг зүлгэн гадаргууны “хаан” гэвэл нэг их хол зөрөхгүй болов уу?

Тэрээр 1999 онд анхны Уимблидонд эхний шатандаа US Open тэмцээний хошой цомын эзэн Австралийн П.Рафтерт хожигдсон. Тэгвэл түүний цомын буухиа 2003 оноос эхэлсэн бөгөөд 2003 онд анхны Их Дуулга, анхны Уимблидоны цомыг Австралийн М.Филиппуссисыг буулган авч хүртсэн. Р.Федерер 2003 онд анхны Уимблидоны цомыг өргөснөөс хойш 2007 он хүртэл таван жил дараалан тус тэмцээний аваргын цомыг хүртэж Р.Уильям болон Б.Бёрг нарын тав дараалан түрүүлсэн амжилттай зэрэгцсэн. Гэхдээ Р.Федерер дээрх хоёр эрхмээс ялгарах амжилт нь долоон жил дараалан финалд шалгарсан амжилт юм. Тэр 2008 онд финалын шатанд шалгараад Р.Надалд хожигдсон бол 2009 онд Э.Роддикийг хожиж зургаа дахь Уимблидоны цомоо өргөсөн. Түүнээс хойш хэсэг хугацаанд финалд шалгарч чадахгүй байсаар 2012 онд эргэн ирж Британий залуу теннисчин Э.Мюррейг хожин түрүүлснээр долоо дахь Уимблидоны цомоо хүртсэн бол хамгийн сүүлд 2017 онд Хорватын М.Чиличийг хожин найм дахь Уимблидоны цомыг хүртэхдээ 36 настай байжээ.

Өдгөө түүний насан дээр мэргэжлийн талбайн теннисчдээс Их Дуулга тэмцээний финалд шалгарсан теннисчид хараахан байхгүй. Харин түүний насан дээр буюу 37 насандаа карьер нь харих тийшээ болж зөвхөн тэмцээнд оролцох төдий л байдаг бол Р.Федерер залуустай өрсөлдсөөр л байна. Швейцар эрхмийг Уимблидоны 11 удаа шалгарахад Р.Надал 1 удаа, Н.Жокович хоёр удаа саад хийсэн байдаг. Эдгээр залуус бол яалт ч үгүй Р.Федерерийн хүчтэй өрсөлдөгч дүү нар юм. Зүлгэн гадаргуутай талбайд ийм “аварга” амжилтыг үзүүлээд буй Р.Федерерийн амжилтыг ойрын жилүүдэд лав эвдэх теннисчин гарахгүй болов уу? Энэ цаг үед өрсөлдөж буй шилдгүүдээс Н.Жокович Уимблидонд дөрөв түрүүлсэн амжилттай байгаа бөгөөд дахин дөрөв түрүүлнэ, цаашлаад Р.Федерерийн амжилтыг эвдэж 5 түрүүлнэ гэдэг тун бэрх юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж