100 айлын замыг өнөөдрөөс хаана

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

100 айлын замыг өнөөдрөөс хаана

100 айлын замыг өнөөдрөөс хаана

Зуны улиралд нийслэл хотын авто зам, барилгын ажлууд идэвхжиж эхэлдэг. Энэ ажлын хүрээнд 100 айл орчмын авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 15-ныг хүртэл хийх талаар өнөөдөр /2019.07.01/ нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.


100 АЙЛЫН ЗАМЫГ ГУРВАН ХЭСЭГТ ХУВААЖ ХААНА

Улаанбаатар хотын түгжрэл ихтэй авто замын нэг бол 100 айл орчим. Тэгвэл долдугаар сарын 1-нээс 1.6 км авто замын шинэчлэлийн ажлыг эхлүүлж байгааг албаныхан дуулгалаа.

Зам засварын ажлыг хийхдээ гурван хэсэгт хуваан хаах бөгөөд эхний ээлжинд долдугаар сарын 1-нээс 10-ныг хүртэл 32-ын тойргоос Хангай хотхон хүртэлх 0.3 км зам, Хангай хотхоноос Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэлх 0.6 км замыг долдугаар сарын 15-наас 28-ныг хүртэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх 0.7 км замыг наймдугаар сарын 15-ныг хүртэл хааж, авто замыг шинэчилэхээр төлөвлөөд байна.

Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэлэхдээ “100 айл орчмын авто зам дагуу суурьшлын бүс ихтэй, аж ахуйн нэгж, байгууллага олноор үйл ажиллагаа явуулдаг учраас авто замын барилгын ажлыг эхлүүлэхдээ замыг бүрэн хаахгүйгээр хэсэгчлэн хааж байгаа юм. Энэ ажлын хүрээнд ирэх наймдугаар сарын 15-ны өдрөөс зорчих хэсгээ бүрэн нээгээд, үлдсэн хугацаандаа зам дагуух тохижилтын ажлыг хийхээр төлөвлөөд байна. Өнгөрсөн жил шиг усархаг бороо олон өдрөөр орохгүй бол зам барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусахаар төлөвлөсөн. 100 айлын орчмын 1.6 км авто замыг шинэчлэх ажлын хүрээнд нийтдээ 3.4 тэрбум төгрөг төсөвлөсөн” гэв.

Б.ИНДРА: 100 АЙЛЫН АВТО ЗАМЫН АЖИЛД 3.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВЛӨСӨН

Ингээд нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра даргаас авто замын бүтээн байгуулалттай холбоотой зарим ажлыг тодрууллаа.


-100 айлын орчмын 1.6 км авто замыг шинэчлэх ажлын хүрээнд нийтдээ 3.4 тэрбум төгрөг төсөвлөжээ. Авто замын ажлын хүрээнд тохижилтын өөр ямар ажлуудыг хийх вэ?

-Долдугаар сарын 1-нээс эхэлж буй 100 айлын 1.6 км авто замыг шинэчлэхээр төлөвлөөд байна. Энэ ажлын хүрээнд нийт 3.4 тэрбум төсвийг төсөвлөсөн гэдгийг хэлсэн. Зарим иргэд яагаад ийм их хэмжээний мөнгө төсөвлөж байна вэ гэж шүүмжилж магадгүй. 100 айл орчмын зөвхөн замын бүтээн байгуулалтын ажил бус авто зам доорх инженерийн шугам сүлжээг зайлуулах, хүчитгэх, төвийн системд оруулах зэрэг далд ажилд маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулахаар төлөвлөөд байна. Дахин шугам сүлжээний засвар хийхэд замаа дахин эвдэлж, ховхлохгүй гэдэг үүднээс ажиллахыг зорьж байна. Үндсэндээ авто зам нь долоон см зузаантай байгаа.

-Авто замын өргөтгөл шинэчлэлийн хүрээнд ус зайлуулах шугам хоолойг хийж байгаа юу?

-Ерөнхийдөө 100 айлын авто замын шинэчлэлийг иж бүрэн шийдвэрлэнэ. Жишээлбэл, ус зайлуулах шугам хоолой, гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламжаас гадна нийтийн эзэмшлийн зам талбайн дөрвөн байршилд албан ёсны авто зогсоолыг байгуулах юм.

-100 айлын авто замыг шинэчлэх ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн, шилжүүлэх үү?

-Хотын удирдлагуудаас барьж буй бодлогоор цаашдаа иж бүрэн, стандартын шаардлага хангасан авто замын барихаар ажиллаж байна. Нэг жил болоод хагардаггүй, хугардаггүй зам тавья гэж байгаа. Тийм учраас 100 айлын авто замын бүтээн байгуулалтад нэлээд анхаарч ажиллаж байна. Зарим иргэдийн дунд 100 айлд худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжийг бүгдийн нүүлгэн шилжүүлнэ гэсэн ташаа мэдээлэл цацагдаад байна. Бидний зүгээс гадна талбайд тоосжилт ихтэй аж ахуйн нэгж байгууллагыг Налайхын үйлдвэр технологийн парк руу нүүлгэж байгаа гэдгийг хэлье. Тэрнээс биш дотор худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжийг хөөсөн асуудал байхгүй.

-Нийслэлийн хэмжээнд энэ жил дугуйн замыг шинээр байгуулах уу?

-Улаанбаатар хотыг авто машингүй хот болгохын тулд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, дугуйн замыг олноор байгуулах ёстой. Бид өмнө нь дугуйн замын тэмдэглэгээ хийдэг байсан бол энэ жилээс эхлэн дугуйн замын тусгай, хатуу хучилттай зам тавихаар 500 сая төгрөг төсөвлөөд байна. Бидний зүгээс ард иргэдийнхээ дугуй унах боломжит газар зам тавих гээд байдаг боловч нийслэлийн Авто замын сангийн төсөв нь хүрэлцдэггүй.

-Налайхын замын бүтээн байгуулалтын ажлын явц хэдэн хувьтай байна вэ?

-Налайхын зам барилгын ажлыг график хугацаандаа хийж байна. Бид гүйцэтгэгч компани болон туслан гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай өдөр болгон хуралдаж байгаа. Налайхын зам барилгын ажлыг ирэх аравдугаар сарын дундуур нээсэн байх ёстой. Дараа жилээс тохижилтын ажлыг гүйцэтгэнэ. Одоогоор авто замын далангийн болон инженерийн шугам сүлжээний ажлуудаа хийж байна.

Гэрэл зургийг: Э.ЭНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж