Боловсролын реформын төлөө 1,000 эцэг эх нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

Боловсролын реформын төлөө 1,000 эцэг эх нэгдлээ

Үр хүүхдээ өндөр боловсролтой, мундаг хүн болгон өсгөх нь хүний амьдралын бахархал билээ. Гэхдээ мэдээж үүнд дан ганц эцэг эхийн оролцооноос гадна боловсролын систем үндсэн үүргийг гүйцэтгэдэг. 

6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан Эх Эцэг Форумд 1000 орчим эцэг эхчүүд оролцож, орчин үеийн боловсролын чиг хандлагын талаар хэлэлцлээ. Ингээд форумын үеэр хөндсөн гол санаануудыг хүргэе. Үүнд:

  • Боловсрол гэхээр бид ихэвчлэн МЭДЛЭГ (тоо, түүх, гадаад хэл г.м.) гэсэн байдлаар өрөөсгөл ханддаг байна. Гэтэл Боловсролын суурь нь хүний СЭТГЭЛЗҮЙН төлөвшил юм.
  • Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд ЦЭЭЖЛЭЛТ дээр суурилсан боловсролын системээ халж СЭТГЭЛЗҮЙД суурилсан шинэ системд шилжээд эхэлчихсэн.
  • Боловсролтой хүн гэдэг нь угтаа БҮТЭЭМЖТЭЙ хүн бөгөөд Бүтээмжид нөлөөлөгч гол хүчин зүйл нь тухайн хүний СЭТГЭЛЗҮЙН зөв хөгжил гэдгийг судлаачид тогтоожээ.

Форумыг санаачлагч, эдийн засагч Ө.Ганзориг “Бид 30 жилийн турш дэлхийн араас хөөцөлдлөө. Одоо бид Боловсролын реформ хийх замаар дэлхийн урд гарах боломж бүрдлээ. Орчин үеийн сэтгэлзүйн шинжлэх ухаан боловсролтой хүний нууцыг тайлж байна. Бид зөвхөн сайн хүүхдүүдийг тодруулдаг боловсролын системээ халж, бүх хүүхдээ дэлхийд өрсөлдөх хүмүүс болгон боловсруулах боломж нээгдлээ.” хэмээн дүгнэсэн. Мөн тэрээр “Бид 30 жилийн турш Таван толгой эсвэл Оюу толгой Монгол улсыг хөгжүүлнэ гэж бие биенээ мэхэлсээр иржээ. Гэтэл бодоод үзэхэд Монгол улсыг Монгол толгой л хөгжүүлнэ шүү дээ. Гэтэл Монгол толгойг хөгжүүлж байгаа боловсролын систем маань бүхэлдээ дампуурлын байдалд байна” гэж онцлон хэлсэн юм.

Үнэн хэрэгтээ өнөөгийн Монголын боловсролын систем нь тэгш, шударга байх шалгуурыг хангахаа болиод удаж буйг форумд оролцсон хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан мөн онцлон хэлж байлаа. Тодруулбал, "Боловсролын гол зорилго нь нэгдүгээрт тухайн хүний нөөц боломжийг нээх, хоёрдугаарт үнэт зүйлийг нь бий болгох гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, боловсролын зорилго нь тухайн хувь хүн хэн байхаас үл хамаарч нөөц боломжийг нь нээх тухай юм" гэж Б.Болорсайхан онцлов.

Хүүхэд бүрийг дэлхийд өрсөлдөх хүмүүс болгон бэлтгэхийн тулд бидэнд боловсролын эрс шинэчлэл буюу сэтгэлзүйд суурилсан шинэ системд шилжих реформ хэрэгтэй байгааг форумд оролцогч нар дуу нэгтэй илэрхийлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж