Шүүгчээр ажиллах хугацаандаа нэг ч удаа хахууль авч байгаагүй

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

Шүүгчээр ажиллах хугацаандаа нэг ч удаа хахууль авч байгаагүй

Шүүгчээр ажиллах хугацаандаа нэг ч удаа хахууль авч байгаагүй

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн Лхагва гарагт /2019.06.26/ хуралдаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмж гаргасан. Улмаар Ерөнхийлөгч зарлиг гаргаж, тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нь сүүлийн өдрүүдэд дуулиан тариад буй. Эдгээр шүүгчийн заримд нь хилийн хориг тавьж, гурван шүүгчид таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэх мэдээлэл байгаа юм.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн нэг болох Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын ерөнхий шүүгч, хуульч Ж.Оюунтунгалаг өчигдөр /2019.06.30/ сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэрбээр 2017 онд Ш.Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэй Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдааныг даргалсан юм. Түүнээс дээрх асуудлаар тодрууллаа.


-Ямар шалтгаанаар таныг түдгэлзүүлсэн юм бол. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны ерөнхий шүүгчээр хориод хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улиран томилогдсон. Гэтэл өнгөрсөн долоо хоногт мөн адил Ерөнхийлөгчийн зарлигаар бүрэн эрх нь түдгэлзсэн 17 шүүгчийн нэг нь боллоо. Миний бие зургадугаар сарын 26-ны орой унтахынхаа өмнө мэдээ гүйлгэж байтал түдгэлзсэн шүүгчдийн дунд миний нэр байсан. Ингээд Пүрэв гаригийн өглөө ажлаа хүлээлгэн өгөх ёстой юм байна гэж ойлгосон. Баасан гаригт би өглөөнөөс нь эхлээд эрх бүхий байгууллагуудад хандаж энэ асуудлыг тодруулъя гэж үзээд АТГ, ШЕЗ, Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргад хаягласан албан бичиг бичээд өөрийгөө албан ёсоор шалгуулъя гэж шийдсэн.

Би 2012 оноос хойш шүүгчээр ажиллах хугацаандаа нэг ч удаа авлига, хээл хахууль авч байгаагүй. Гэтэл үдийн хоолны дараа АТГ-аас над руу залгаад “Гэрийнхээ үүдэнд хүрээд ир, уулзах хэрэгтэй байна гэхэд нь би танай байгууллагад албан ёсоор хүсэлтээ өгсөн гэсэн чинь хүлээж аваагүй гэрийн гадаа хүрээд ирээрэй гэж хэлсэн. Ингээд манай гэрт ажлын цаг дуустал Нийслэлийн прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг явуулсан. Тухайд үед АТГ-ын комиссарууд АТГ-т очиж тайлбар мэдүүлэг өгөх хэрэгтэй байх гэсэн хүсэлт тавьсан. Энэ дагуу би АТГ-д гэрчийн мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөх үеэр надаас Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн талаар асууж эхэлсэн. Салхитын мөнгөний ордын хэрэг 2017 онд Ш.Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэйгээр шүүхээр шийдвэрлэгдсэн.

Энэ хэргийг шийдвэрлэхэд Давж заалдах шатны шүүхэд би даргалагч шүүгчээр оролцсон. Монгол Улсын Шүүхийн ёс зүйн байдлын тухай хуульд шүүгчийн шийдсэн хэрэг маргаанд холбогдуулан шалгаж байцаахыг хориглосон байдаг. Энэ хэргийг хэрхэн шийдсэнтэй холбоотойгоор намайг байцаагаагүй байх аа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, намайг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт хээл хахууль авсан хэмээн түдгэлзүүлсэн юм байна гэж би бодож байна.

-2017 онд Салхитын мөнгөний ордын хэргийг давж заалдах шатны шүүх шийдсэн юм билээ. Тэр хэрэгт ямар шийдийг гаргасан талаар ярьж болох уу.

-2012 оноос хойш шүүхийн ачаалал байнга нэмэгдэж ирсэн. Би 2012 онд шүүгч байхдаа 900 орчим хэрэг шийддэг байсан бол 2018 оны тоон мэдээнээс харахад 2500 гаруй  хэрэг шийдвэрлэсэн. Тэгэхээр 2500 хэрэг шийдэгдэхэд 1200 орчим хурлыг даргалж орсон байдаг. Ерөнхий шүүгч хэргийн гол ачааллаа үүрэх ёстой гэсэн үүднээс даргалж ордог. Энэ шүүгчид ямар бүрэлдэхүүнээр яаж явдаг вэ гэдэг нь шүүгчдийн бүрэлдэхүүнээр шийдэгддэг. 2017 оны Ш.Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэй хэрэг миний санаж байгаагаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр буцаасан ийм шийдвэр гарсан байна лээ. Манай магадлал Улсын Дээд шүүхээс энэ гаргасан магадлалыг буруу гэж үзээд анхан шатны шүүхийг хэвээр үлдээсэн ийм хэрэг байсан. Миний хувьд хэрэг шийдсэнтэй холбоотой шүүгчийг байцааж байгаа хэмээн бодохгүй байгаа.

-АТГ-аас гэрчийн мэдүүлэг авахдаа Салхитын мөнгөний ордтой холбоотой мэдүүлэг авсан гэж байсан. Үүнийг тодруулахгүй юу?

-Мөрдөн шалгах ажиллагааны үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй гэсэн үүднээс дэлгэрэнгүй тайлбар хэлмээргүй байна. АТГ-аас энэ хэрэгт нөлөөлсөн зүйл танд байгаа юу. Энэ хэрэгтэй холбоотой хүн танд нөлөөлсөн үү гэж асуусан. Би тэрнээс нарийвчилсан мэдээллийг хамаагүй дэлгэж болохгүй байх.

-Таныг түдгэлзүүлсэн үндэслэлийг хууль эрх зүйн талаас нь харвал?

-Биднийг түдгэлзүүлэх болсон үндэслэл нь нэг нь ҮАБЗ-өөс мэдэгдэл гарсан. Тэгэхээр ҮАБЗ-өөс дүгнэлт гарах юм бол түдгэлзүүлдэг юм байна гэсэн хууль эрх зүйн орчин бүрдүүлэх гэж өнгөрсөн гуравдугаар сард тэр хуулийг баталсан байх. Хуулийг баталсан зорилго нь хууль хяналтын байгууллагын авлигыг хангах зорилготой байсан биз ээ. Жишээлбэл, гадаад улс орнуудад ийм шүүхийн байгууллагад хахууль өгсөн гэж иргэд үзэж байгаа бол тэр талаар өөрөө мэдүүлээд хариуцлагаас чөлөөлдөг туршлага байдаг. Ийм хуулийг баталчих л даа. ҮБАЗ-ийн дүгнэлт гаргаж буй гурван субъекттэй. УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд. Өнгөрсөн долоо хоногт чуулганыг сунгасан юм байна. Тэгэхээр яаралтай дээрх хуулийг баталж болно шүү дээ. Үнэхээр авлигатай тэмцэх гэж байгаа юм бол хууль эрх зүйн орчныг сайжруулж, гарц гаргалгааг бий болгох хэрэгтэй.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж