Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит хөгжимчид, дуурийн дуулаачдын олон улсын XVI уралдаан ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод зургадугаар сарын 17-29-ний өдрүүдэд боллоо. Уг уралдааны эрэгтэй төрөлд 30 дуучин өрсөлдсөнөөс сүүлийн шатанд Монгол Улсын дуучин Э.Анхбаяр үлдсэн юм. Тэрбээр ОХУ, Грек, БНСУ, Узбекистаны дуучидтай тэргүүн байрын төлөө өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзэлжээ. Уралдааны шүүгчид түүнийг “ирээдүйтэй дуучин” хэмээн өндөр үнэлсэн байна.
Грекийн дуучин Ж.Александрос Ставракакис тэргүүн байрыг хүртсэн бол БНСУ-ын иргэн, ХБНГУ-ын Хановер хотын Дуурийн театрын гоцлол дуучин Чи Хун Ким дэд байрыг эзэлсэн. Уралдааны гуравдугаар байрт Санкт-Петербургийн Мариинский театрын гоцлол дуучин Мигран Агагжаня орсон бол Монголын дуучин Э.Анхбаяр дөрөвдүгээр байрыг эзлэв. Уралдааны сүүлийн шатанд ОХУ-ын тав, БНСУ, Узбекистан, Грек, Монголын тус бүр нэг дуучид үлдсэн юм.
П.И.Чайковскийн нэрэмжит хөгжимчид, дуурийн дуулаачдын олон улсын XVI уралдаанд энэ жил Монгол улсын баритон дуучин Э.Анхбаяр, Б.Жавхлантөгс, Б.Монголхүү, Ц.Амарболд, аргил хоолойт Д.Бат-Эрдэнэ нар өрсөлдсөн. Эдгээр дуучдаас Э.Анхбаяр, Б.Жавхлантөгс нар шилдэг 20-т үлдээд байсан бөгөөд сүүлийн шатанд өрсөлдөх эрхийг Э.Анхбаяр авч дөрөвдүгээр байрыг эзлэв.
Дуурийн дуучдын чансааг тогтоодог П.И.Чайковскийн нэрэмжит шагналтан Э.Анхбаяр Дуурь, бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байсан байсан бөгөөд өдгөө Улсын Филармонид гоцлол дуучнаар ажиллаж байна. Түүний дуулах эрдмийн багш нь Ардын жүжигчин Б.Жавзандулам юм.
Энэ удаагийн уралдааны “Шилдэг концертмэйтр”-ээр төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ шалгарсан. Түүний хувьд Монголоос анх удаагаа хөгжмийн салбар, тэр дундаа төгөлдөр хуурчдын ур чадварыг олон улсад таниулсан юм.
Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ бага наснаасаа эхлэн дотоодын болон олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан бөгөөд П.И.Чайковскийн нэрэмжит шагналтан хөгжимчин болж, нэгэн түүхэн амжилтын эзэн боллоо.
Холбоотой мэдээ