М.Нандин-Эрдэнэ: “Чи чадах уу” гэж үл тоосон тул тулааны клубын багшийг нь зодож байж, бүртгүүлж байлаа

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

М.Нандин-Эрдэнэ: “Чи чадах уу” гэж үл тоосон тул тулааны клубын багшийг нь зодож байж, бүртгүүлж байлаа

БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд тоглодог М.Нандин-Эрдэнэ. Мэргэжлийн дэвжээнд 2014 оноос хойш хүч сорьж буй тэрбээр одоогоор найм ялж, зургаан удаа дийлдсэн. 2017 онд “Road FC”-ийн хүнд цохилтын эзэн шагнал хүртэж байсан юм. Тэрбээр Солонгосыг зорихоосоо өмнө сонирхогчийн боксоор хичээллэдэг байсан бөгөөд АШТ-ий өсвөр үеийнхэд дөрөв, залуучуудынхад гурван жил завсаргүй түрүүлж байв. Насанд хүрэгчдийнхээс хоёр алтан медальтай тэрбээр Азийн дэд аварга.

Харин өнгөрөгч зургадугаар сарын 22-нд эх орныхоо дэвжээн дээр анх удаа “Драгон хаус” холбооны аварга Н.Отгонбаатартай тулалдаж аваргын бүсийг зүүгээд байна. Энэ удаагийн “MOVE ON” булангийн зочноор БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд тоглодог М.Нандин-Эрдэнийг урьж ярилцлаа.


ШАГНАЛЫН МӨНГӨӨРӨӨ АРХИЧДАД ХООЛ АВЧ ӨГӨӨД, ХАМТ АМЬДРАЛ ЯРИАД СУУЧИХДАГ ХҮҮХЭД БАЙЛАА

-Саяхан “MFC” холбооны Н.Отгонбаатартай тулалдаж ялан аваргын бүс зүүлээ. Эх орондоо энэхүү тулаанд оролцох зорилгоор ирээд байв уу. Юуны өмнө сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Ямар нэгэн зүйлд ялалт байгуулсан хүний сэтгэгдэл ямагт өндөр байдаг. Холимог тулааны төрлөөр эх орорндоо анх удаа тулалдлаа. Сайхан байлаа. “MFC” холбооны удирдлага, Зорки (У.Зоригт) ах надад санал тавьж, би зөвшөөрснөөр мундаг тамирчин болох Н.Отгонбаатартай тулалдсан. Эцсийн мөчид ялалтыг авч чадсандаа баяртай байна. Эх орондоо ирээд бараг 14 хоночихлоо шүү. Бэлтгэлээ хэд хоног базаасан. Энэ долоо хоногт буцна даа.

-Та сонирхочдын бокст багагүй амжилт гаргаж байгаад гэнэт орхиод явсан байдаг. Улмаар Солонгост очоод холимог тулаанд орсон түүх одоо хүртэл олон хүний сонирхлыг их татдаг. Энэ тухай ярьвал?                                               

-Анх 2015 онд холимог тулааны спортод хөл тавьж байлаа. Кикбоксоор улсын аварга болж, таеквондогоор хичээллэж байсан болохоор тулааны спортод ороход хэцүү байгаагүй. Дэлхий нийтээр шуугиж байгаа спортоор хичээллэж үзье гэж бодсон. Солонгост гэр лүү харих замд холимог тулааны нэг клуб байдаг байсан юм. Тэгээд нэг удаа ороод бүртгүүлэх гэж үзсэн. Гэтэл намайг нэг л үл тоосон, доош  хийсэн “Чи чадах уу” гэсэн харцаар хараад байсан юм л даа. Маргааш нь дахин очоод багшийг нь зодчихсон. Надад зодуулсан багш нь “Энэ сайн тамирчин байна” гэж үнэлээд бүртгэж байлаа. Түүнээс хойш хоёр, гурван сар бэлтгэл хийж анхны тэмцээндээ орсон. Анхны тэмцээнээр өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж байлаа.

-Гэр нүүлгэлтийн ажил хийхийн хажуугаар энэ спортод орсон гэдэг гэгээн дурсамж байдаг юм билээ. Анх хэзээ БНСУ-ыг зорьж байв?

-Би нэг үг хэлэх дуртай. Хүн болгоны амьдрах арга барил өөр. Энэ бол миний сонголт. Анх ажил хийх гэж Солонгос Улсыг зориогүй. Эхнэр маань сурах гээд Солонгосыг зорьсон. Гэр бүлийнхэнтэйгээ хамт байхын тулд бүхнээ орхиод араас нь очиж байлаа. Хүмүүс намайг зөвхөн бэлтгэлээ хийдэг гэж боддог. Гтэл би чөлөөт цагаараа л зодолддог гэх үү дээ. /инээв.сурв/ Өглөө ажилдаа гарч, орой тараад бэлтгэлээ хийдэг. Солонгост Монголчууд хүнд, хэцүү ажил хийдгийг хүн бүр мэднэ. Ядарсан үедээ бэлтгэлээ таслаад унтчихсан байдаг юм.  Ийм л энгийн амьдардаг. Солонгосын телевизүүд “Ярилцлагад орооч ээ” гэж урьдаг. Гэхдээ би ордоггүй. Монгол хүн Солонгост ажил хийж байгаагаа харуулахыг, ярихыг хүсдэггүй. Найз нөхөд минь намайг мэднэ. Солонгост хүн яаж амьдардаг вэ, би яг тэгж л амьдарч ирсэн.

-Таны хувьд холимог тулаанаар гадны дэвжээн дээр өөрийн хүчээр хурдацтай гарч ирсэн тамирчин хэмээн үнэлэгдээд буй. Анх Монгол тулаанч гэхээр Солонгосчууд хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Хүмүүсийн хувьд тулааны спорт энгийн амархан санагдаж байж магадгүй юм. Надад хүнд байсан. Солонгост гэр бүлээрээ амьдардаг учир тэднийгээ тэжээхийн тулд ихэнх цагаа ажиллаж өнгөрүүлдэг. Оройтож унтаад үүрээр сэрнэ. Шөнийн цагаар л бэлтгэлээ хийдэг байлаа. Хамгийн гол нь Азийн шилдэг холбооны нэг болох “Road FC”-ийн рингэн дээрээс Монгол гэх нэрийг авч  гарах ёстой. Эх орныхоо нэрийг доошоо оруулах уу, дээшээ гаргах уу гэдэг нь надаас шалтгаана гэж бодож бүх зүйлээ дайчилдаг. Ялсан ч, ялагдсан ч хүмүүст үзүүштэй тулаан үзүүлье гэж боддог байсан. Энэ үүднээс Солонгосчуудад таалагдсан гэх үү дээ.

“МОНГОЛ ХҮН БАЙЖ БЯРГҮЙ ЦАРАЙЛАХГҮЙ ШҮҮ” ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ЗОРИГЖУУЛЖ, ТУЛАЛДДАГ

-Та “Road FC” холбооны анхны Монгол тулаанч уу?

-Тийм ээ. “Road FC” холбоонд тоглосон Монголын анхны тулаанч. “Road FC” холбоо гэлтгүй Солонгос дахь анхны Монгол тулаанч. Гадуур явахаар Солонгосчууд таниад зургаа даруулъя гэдэг. Намайг тэнд Нандин-Эрдэнэ биш Ука гэдэг нэрээр минь илүү таньдаг. Тулаанч Ука байна гээд л ирцгээдэг юм. Тэгэхээр надад их сайхан санагддаг. Өөрөөрөө бахархахаас илүү Монгол хүн гээд тоогоод байгаа нь илүү сайхан санагддаг.

-Ажил хийхийн хажуугаар суралцдаг гэсэн. Өдөрт хичнээн цагийг бэлтгэлдээ зарцуулж байна вэ?

-Би одоогоор ажлынхаа хажуугаар БНСУ-д спортын менежер мэргэжлээр сурч байна. Хоёр жилийн дараа сургуулиа төгснө. Тамирчид өдөрт гурван удаа бэлтгэл хийх ёстой. Бүр ядаж хоёр удаа. Надад харин бэлтгэл хийх цаг зав хомс гардаг. Долоо хоногт гуравхан удаа хийх тохиолдол ч бий. Ажил хийж, суралцаж, гэр бүлдээ цаг зав гаргахын хажуугаар бараг чөлөөт цагаараа бэлтгэл хийгээд байгаа юм. /инээв.сурв/ Ядраагүй үедээ хоёроос гурван цаг хийдэг. Ажил яаж тарахаас шалтгаална даа.

-Солонгос дасгалжуулагч Монгол тамчирны онцлогийг юу гэж хэлдэг вэ?

-Намайг боксын шигшээ багт байсан тамирчин гэхээр гар сайтай гэж боддог. Монгол хүн гэхээр дэлхий нийтээр бяртай гэж хардаг байх. Гэтэл би Монгол хүн байж бяр муутай. Тэрнээсээ Солонгосчуудын өмнө жаахан ичдэг. Тэгээд л “Монгол хүн байж бяргүй царайлахгүй шүү” гээд л өөрөө өөртөө хэлж зоригжуулж, тулалддаг.

-Гараа дөрвөн удаа хугалсан, мэс засалд ороод долоо хоногийн дараа тулалдаж байсан гээд хэцүү зүйл олон тохиолддог байх. Хамгийн хэцүү нь юу байв?

-Намайг мундаг гэж хэлдэгтэй санал нийлдэггүй. Яагаад гэвэл энэ миний мөнгө төлж сурсан зүйл. Сурсан зүйлээ би чадах л ёстой. Энэ спорт аюултай гэдэг утгаараа жаахан хэцүү л дээ. Гар хөл хугарах, хөмсөг задрах зэрэг хэцүү асуудал тулгарна. Хамгийн гол нь тулаан дээр сайн байхын тулд чи бэлтгэлтэй бас сэтгэл зүйтэй байх ёстой. Бэлтгэлээ зуун хувь хангачихсан бол сэтгэл зүй чинь ч тэр хэмжээнд байх ёстой.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж