Жон Болтон яагаад Монгол руу "цөлөгдөв"?

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

Жон Болтон яагаад Монгол руу "цөлөгдөв"?

Жон Болтон яагаад Монгол руу "цөлөгдөв"?

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон өчигдөр буюу ням гаригт /2019.06.30/ Монгол улсад хүрэлцэн иржээ. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өчигдөр түүнийг хүлээн авч уулзсан байна. Харин өнөөдөр ГХ-ны сайд Д.Цогтбаатартай уулзсанаар түүний айлчлал өндөрлөлөө.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "Өнгөрсөн онд хоёр орны харилцааг "өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн" түвшинд дэвшүүлэн хөгжүүлэхээр Засгийн тэргүүний айлчлалын үеэр тохирсон. Тэр утгаараа харилцаа бүхий л чиглэлд идэвхижин тэлж байна. Монгол Улс төрийн тэргүүний түвшиндээ худалдааг идэвхижүүлэх зорилгоор ноолуурын бүтээгдэхүүний экспортыг дэмжих хүсэлтийг тавьсан. Үүний дагуу холбогдох хуулийн төсөл Конгресст хэлэлцэгдээд явж байна" хэмээн жиргэжээ

Жон Болтон Монгол Улсад хүрэлцэн ирсэн талаараа өөрийн твиттертээ "Улаанбаатарт хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд  Монгол Улс дахь эдийн засаг, аюулгүй байдлын хүрээн дэх дэмжлэг, нөөц боломжоо нэмэгдүүлэх талаар холбогдох албаны хүмүүстэй уулзаж, яриа хэлэлцээ хийх болно. Найрсаг дотно хүлээн авсанд баярлалаа" хэмээн жиргэсэн байна.

 

Гэхдээ түүний Монгол Улсад гэнэт айлчлах болсныг гаднын хэвлэлүүд өөрөөр тайлбарлаж, Дональд Трамп түүнийг өөр нэгнээр сольж магадгүй талаар бичиж байна. Учир нь Дональд Трампын хамгийн ойрын хүн гэгддэг тэрбээр ням гаригт /2019.06.30/ хоёр Солонгосын хил буюу цэрэггүй бүсэд болсон Дональд Трамп, Ким Жон Ун нарын гурав дахь түүхэн уулзалтаас хасагдсан байв. Түүний ажил үүргийнх нь талаас ч харсан тэр энэхүү уулзалтад зайлшгүй байх ёстой хүмүүсийн нэг.

Гэтэл түүний оронд “Fox News” сувгийн нэвтрүүлэгч Такер Карлсон Трампыг дагалдаж явсан  байна. Саяхан АНУ-Ираны асуудал ихэд хурцдан АНУ Иран руу агаарын цохилт өгнө хэмээн мэдэгдэж байгаад шийдвэрээ гэнэт цуцалсан. Тэр үед Такер Карлсон Трампыг ятгаж Иран руу довтлохыг нь зогсоосон гэнэ.

БНАСАУ-ын зүгээс Жон Болтоныг хамгийн гол “хор найруулагч” хэмээн үздэг бөгөөд олон улсын ажиглагчид ч мөн АНУ Иран гэх улс орнуудтай харилцаа хурцдаж байгаа нь Трампын хажууд  хэт үндсэрхэг үзэлт Жон Болтон гэх мэт хүмүүс байгаатай холбоотой хэмээн тайлбарладаг. Өнгөрсөн хоёрдугаар сард Ханойд болсон Ким, Трамп нарын уулзалт бүтэлгүйтэхэд Жон Болтоны оруулсан хувь нэмэр их байсныг хэвлэлүүд бичиж байв.

Мөн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро “Яг үнэндээ би Дональд Трампын эргэн тойронд байгаа хүмүүсээс айж байна. Хүйтэн дайны хэт даврагч үзэлтэн, түүний зөвлөх Жон Болтон. Галт зэвсэг, мансууруулах бодисын худалдаачин байсан Эллиот Абрисс, Хүйтэн дайны үеэс эхлэн тагнуул хийж буй Тагнуулын төв газрын төлөөлөгч Майк Помпео зэрэг Трампын тойрон хүрээлэгчдээс айж байна. Ийм хүмүүс Дональд Трампын зөвлөхөөр ажиллаж байгаа үед юу болох нь тодорхой” хэмээн ярилцлагадаа дурдаж байжээ.

Эх сурвалж: zerohedge, RT

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж