Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд аялал зугаалгаар явахдаа гол усны ойролцоо хүүхдээ хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орж осолдох тохиолдол гардаг. Тодруулбал, өчигдөр /2019.06.30/ 19.00 цагт Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Бунхан толгой” гэдэг газар тус сумын иргэн 44 настай А эрэгтэй А нь Хэрлэн голын усанд живжээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид мөн өдрийн 20.00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй учир эрлийг түр зогсоожээ. Улмаар өнөөдөр /2019.07.01/ 04.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэн 04.42 цагт “Бунхан толгой” гэдэг газраас цогцсыг олж уснаас гарган тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Тиймээс иргэд гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ