Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэнтэй нөхөн сонгуулийн асуудлаар ярилцав.
– Улсын Их Хурлын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль ҮХЦ-ийн шийдвэрээр цуцлагдсан тул уг сонгууль явагдахгүй гэж ойлгож болох уу?
– УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарласан болон зардал баталсан УИХ-ын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22, 23 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн цэц 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн тул уг тойргийн нөхөн сонгууль явагдахгүй. Харин зарим аймаг, сумын ИТХ-ын нөхөн сонгуулиуд явагдана.
– Хаана хаана, хэдэн хэсэгт нөхөн сонгууль явагдах бол?
– Сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн 6 дугаар сарын сүүлийн Ням гараг болон 10 дугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана гэж заасан байдаг. Үүний дагуу энэ 6 дугаар сарын 30-нд аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль Ховд аймгийн Мөнххайрхан сумын 4 хэсэгт, харин сумын ИТХ-ын нөхөн сонгуулиуд Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Баянхонгор аймгийн Баянцагаан, Бөмбөгөр, Жинст, Хүрээмарал, Эрдэнэцогт, Булган аймгийн Хишиг-Өндөр, Төв аймгийн Борнуур, Мөнгөнморьт, Ховдын Мөнххайрхан сумдын 10 хэсэгт тус тус явагдана.
– Сонгуулиудын бэлтгэл ажил хэр хангагдаж байна?
– Сонгуулийн Ерөнхий Хорооноос нөхөн сонгуулийн бэлтгэл ажилд онцгой анхааран ажиллаж байна. Саналын хуудсуудыг хэвлүүлж хүргүүлээд байгаагаас гадна дээрх сумдын санал авах байранд сонгогчийн санал авах, тоолох төхөөрөмжийг манай Мэдээллийн технологийн төвийн инженерүүд хүргэж өгч байгаа. Инженерүүд маань тэндээ байж байгаад санал авах ажлыг зохион байгуулаад техник хэрэгслээ буцааж авчрах юм. Саналын хуудас хэсэгт очсоноос хойш хуулийн дагуу цагдаагийн хамгаалалт гарч ажиллаж байна.
Бүртгэлийн ажилтнууд бас сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслээ хүргэх ажлыг зохион байгуулж байгаа. Санал авах байрыг бэлтгэх ажил тухайн шатны Засаг дарга нарын хуулиар хүлээсэн үүрэг тул тэд бэлтгэлийг нь хангах тал дээр сайтар анхаарах ёстой. Санал авах байр бэлтгэгдсэн бол бусад бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад байна гэж ойлгож болно. Гэхдээ бороо хур элбэг байгаа тул сонгуулийн байгууллагын ажилтнууд, сонгогчид хаана хаанаа үер усны аюулаас сэрэмжлэх талаар онцгой анхаарч ажиллах шаардлагатайг сануулж байна.
– Сонгуулийн хуулийн төслөөр улс нэг тойрог болох талаар яригдаж байна?
– Сонгуулийн хуулиудын төсөл бэлтгэх УИХ-ын Ажлын хэсэг ажиллаж байгаа. Бид сонгуулийн тогтолцооноос бусад асуудлаар хуулийн төслүүдэд саналаа өгсөн. Уг Ажлын хэсгийн болон УИХ-ын зарим гишүүдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн ярилцлагаас харахад улс нэг тойрог, сонгогч нэг санал гэсэн байр суурийг илэрхийлж байна.
– Хэрвээ сонгууль улс нэг тойрог болж явагдвал бэрхшээл хүндрэл хэр байх бол?
– 1990 оны анхны чөлөөт, ардчилсан сонгууль АИХ-ын депутатыг нэг мандат бүхий мажоритар тогтолцоогоор, Улсын Бага Хурлыг цэвэр пропорциональ тогтолцоогоор сонгосон юм. Өөрөөр хэлбэл, сонгогч 2 саналын хуудсаар санал өгсөн, 1 нь АИХ-ын 1 депутатын төлөө, 2 дахь нь намын төлөө санал өгсөн юм. УИХ-ын 1992, 1998 оны сонгууль олон мандаттай тойргоор буюу мажоритар тогтолцоогоор, 1996, 2000, 2004, 2016 оны сонгуулиуд 1 мандат бүхий 76 тойрогтой мажоритар тогтолцоогоор явагдаж байсан бол харин 2012 оны сонгуулиар 48 мандат бүхий 26 тойрог буюу олон мандат бүхий мажоритар тогтолцоог намын жагсаалтаас 28 гишүүнийг сонгох пропорциональ тогтолцоотой хослуулан ашигласан. УИХ-ын сонгуулиуд маань сонгуулийн бүх л тогтолцоогоор явагдаж байсан бөгөөд улс нэг тойргоор сонгууль явж байгаагүй учраас ямар эрсдэл учирч болохыг урьдчилан хэлэх боломжгүй юм. Улс нэг тойрог болбол олон нэр дэвшигч оролцоно, саналын хуудас урт болно, сонгогч санал тэмдэглэхэд хүндрэлтэй зэрэг асуудал яригдаж байна. 1992 оноос хойш явагдсан УИХ-ын 7 удаагийн сонгуульд нийтдээ 2839 хүн нэр дэвшсэн бөгөөд хамгийн олон нь 2000 онд 602 хүн, хамгийн цөөн нь 2004 онд 244 хүн нэр дэвшисэн. Энэ нь дунджаар 405 нэр дэвшигч болж байгаа юм. 2016 оны УИХ-ын сонгуулиар 498 хүн л нэр дэвшсэн, ингээд үзэхээр хэт олон хүн нэр дэвшинэ гэсэн магадлал байна гэж үзэж бас болохгүй.
Саналаа тэмдэглэх тухайд гэвэл манай сонгогчид хэдэн ч нэр дэвшигчтэй, ямар ч саналын хуудастай байсан өөрийн сонгохыг хүссэн хүндээ санал өгөх мэдлэг чадварыг эзэмшсэн гэж бодож байна.
Холбоотой мэдээ