Монголын жүдо бөхийн холбооноос өнгөрөгч долоо хоногт Японд болох ДАШТ-д оролцох тамирчдын нэрсийг зарласан. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд том өөрчлөлт оржээ.
Олимпийн мөнгө, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа өөрийн хүсэлтээр өнжихөөр болсон байна. Тэрбээр 2017 онд Унгарт болсон ДАШТ-д түрүүлж, өнгөрсөн жил Бакугаас хүрэл медальтай ирсэн юм. Мөн 57 кг-д Монголын №2 тамирчин О.Энхрийлэн бэртлийн улмаас Токиог зорих багт багтаагүй байна. Харин эмэгтэйчүүдийн 70 кг-д залуу бөх Ц.Энхчимэгийг сонгож, энэ жилийн улсын аварга Ц.Батцэцэг үлдэхээр болсон. Гэхдээ энэхүү мэдээлэл гарсны дараа Ц.Батцэцэг холбоондоо гомдолтой байгаагаа илэрхийлж, улсын аваргаас медаль авч үзээгүй хүнийг дэлхийн дэвжээнд барилдуулах шийдвэр гаргасанд гайхснаа илэрхийлсэн юм.
Эрчүүдээс Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн нарын шилдэг тамирчид ДАШТ-ий багт багтаагүй байна. Өмнө нь эрэгтэй хөнгөн жингүүддээ хоёр тамирчин сойдог байсан бол энэ удаа 60, 66 кг-д тус бүр нэг тамирчин барилдуулахаар болжээ.
ДАШТ-д өрсөлдөх жүдочид:
ЭМЭГТЭЙ:
- 48 кг: М.Уранцэцэг, Г.Наранцэцэг
- 52 кг: Б.Хорлоодой, Л.Сосорбарам
- 57 кг: Л.Энх-Отгон
- 63 кг: Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч
- 70 кг: Ц.Энхчимэг
- 78 кг: О.Мөнхцэцэг
ЭРЭГТЭЙ:
- 60 кг: Д.Амартүвшин
- 66 кг: Ё.Басхүү
- 73 кг: Г.Одбаяр, Ц.Цогтбаатар
- 81 кг: О.Ууганбаатар
- 90 кг: Г.Алтанбагана
- 100 кг: Л.Отгонбаатар
- +100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар сонгогджээ.
ДАШТ наймдугаар сарын 25-31-нд Японы Токио хотод болно.
Холбоотой мэдээ