Азийн триатлоны холбоо /ASTC/-ны ерөнхийлөгчийн тушаалаар Монгол Улсын иргэн Б.Цагаанбаатарыг Техникийн хорооны дарга, ASTC-гийн Удирдах зөвлөлийн гишүүнээр дөрвөн жилийн хугацаатай томилжээ.
Азийн триатлоны холбооны конгресс зургадугаар сарын 19-нд БНСУ-ын Гёнжүд хуралдаж, сонгууль явагдсан бөгөөд Монгол Улсын төлөөлөл Б.Цагаанбаатар тус холбооны Техникийн хорооны гишүүнээр /бүрэлдэхүүндээ 7 гишүүнтэй/ хоёр дахь удаагаа сонгогдсон байна. Техникийн хорооны гишүүдийн анхдугаар хурал зургадугаар сарын 22-нд Гёнжүд болж, Б.Цагаанбаатарыг тус хорооны даргаар томилуулах саналыг гаргаснаар ийнхүү тус хороог тэргүүлэхээр болов.
Азийн триатлоны холбооны Техникийн хороо нь Ази тивд болох триатлон, дуатлон, акуатлоны тэмцээний явцад техникийн дүрмийг хэрэгжүүлж, тэмцээний хуваарийг баталж, шүүгчдийн томилгоог хариуцаж ажилладаг байна.
Б.Цагаанбаатар нь 2009 оноос триатлоны олон улсын шүүгч болж, 2012 онд олон улсын II зэрэг биелүүлсэн. 2013 оны ДАШТ /Лондон/, 2014, 2018 оны Азийн наадам, 2010, 2014 оны Азийн элсний спортын наадамд тус тус шүүгчээр ажилласан юм. Азийн цомын тэмцээнд таван удаа ерөнхий шүүгчээр, хоёр удаа ерөнхий шүүгчийн орлогчоор томилогдон ажилласан туршлагатай билээ. Тэрбээр Монголын триатлоны холбоог 2004 онд үүсгэн байгуулж, ерөнхий нарийн бичгийн даргаар нь өнөөг хүртэл ажиллаж байгаа юм.
Холбоотой мэдээ