Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын тэмцээн Нагоя хотод ирэх Ням гаригт /2019.07.07/ эхэлнэ.
Дээд зиндааг их аварга Какүрюү М.Ананд, их аварга Хакүхо М.Даваажаргал нар тэргүүлэн барилдана. Озэки /арслан/ цолтнуудын зүүн жигүүрийг Гоэйдо, баруун жигүүрийг Такаяаши нар тэргүүлэх бөгөөд өнгөрөгч тавдугаар сарын тэмцээнд түрүүлсэн Такакэйшо, Гүржийн бөх Точиношин нар удаалжээ.
Монгол сүмочдоос Ичиножёо А.Ичинноров маэгаширагийн баруун жигүүрийн дөрөвт, Дайшохо Ч.Шижирбаяр маэгаширагийн баруун жигүүрийн ест тус тус эрэмбэлэгдсэн байна.
Жюүрёод манай бөхчүүдээс Азүмарюү С.Тодбилэг, Чиёошёома Г.Мөнхсайхан, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар, Миторюү Б.Төрболд, Кирибаяма Б.Лхагвасүрэн болон Араваши Э.Дөлгөөн нар барилдана.
Озэки асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ макүшитад дэвшсэн бөгөөд түүнтэй хамт Сэйро А.Өнөболд, Хоошёорюү С.Бямбасүрэн, Сакигакэ Я.Баттүшиг, Кёкүсоотэн Э.Энхманлай, Гоочёозан Д.Ууганбаатар, Кагамио Б.Нанжид, Роога А.Амарсанаа, Ёошёояма Б.Анхбаяр нарын бөхчүүд барилдана.
Мөн сандамэд Саданохикари Д.Наранцогт, Дайтэнма Н.Чинзориг нар барилдахаар болжээ.
Нагоя хотод болох Зуны тэмцээн долдугаар сарын 7-21-ний өдрүүдэд болно.