БНХАУ болон ОХУ харилцан үндэсний валютаар гүйлгээ хийх Засгийн газар хоорондын гэрээ байгууллаа. Гэрээнд Оросын талаас Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, Сангийн сайд Антон Силуанов, Хятадын талаас Ардын Банкны тэргүүн И Ган нар гарын үсэг зуржээ.
Хоёр улсын эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор энэхүү гэрээг байгуулсан тухай Коммерсант сонин мэдээлсэн байна. Гэрээ зурагдсанаар хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хооронд төлбөрийн шинэ механизм бий болж байгаа юм. Энэ SWIFT гүйлгээтэй ижил төстэй механизм байх ажээ.
Өнөөдрийн байдлаар Оросын аж ахуйн нэгжүүдийн Хятадтай рублиэр хийж байгаа гүйлгээ нийт мөнгөний эргэлтийн 10 хувьд байгаа бол энэхүү гэрээ хэрэгжиж эхэлснээр 50 хувьд хүрнэ гэж ОХУ-ын Засгийн газар тооцож байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ