ШИНЭ намын даргын попрол: Харамсалтай юм, халагламаар юм

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

ШИНЭ намын даргын попрол: Харамсалтай юм, халагламаар юм

ШИНЭ намын даргын попрол: Харамсалтай юм, халагламаар юм

Монгол улс хөгжлийн чиг замналын сууриа парламентат ёс болгон сонгон аваад 27 жилийн нүүрийг үзэж буй. Парламентат ёсыг бэхжүүлэх үндэс нь улс төрийн намууд. Харин улс төрийн намуудын зорилго бол нэг үзэл санаанд иргэдийг гишүүнчлэл, дэмжигчдээр нэгтгэн төрийн эрх барих үйл хэрэгт оролцох. Тиймээс намуудын хувьд үзэл санаа, баримтлал, чигч бодлого оршин тогтнох үндэс нь болох учиртай. Гэвч энэ бол онол.

Эдүгээ Монголд албан ёсоор улс төрийн 33 нам Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй байна. 33 дахь Монгол Шинэчлэлт намыг Улсын Дээд шүүх ердөө өнгөрсөн долоо хоногт буюу 2019 оны зургадугаар сарын 26-ны өдөр бүртгэхээр шийдвэрлэлээ. Тиймээс энэ намын нэр Улсын Дээд шүүхийн цахим хуудсан дахь улс төрийн намуудын жагсаалтад орж амжаагүй л байна. Мөн намаа үүсгэн байгуулах хурлаа хийсэн ч Улсын Дээд шүүхэд бүртгүүлж амжаагүй нам ч байна.

Албан ёсны эрхээ авсан энэ 33 нам бүгд төрийн эрх барих үйл явдалд оролцох зорилготойгоор байгуулагдсан. Харин бодит байдал дээр Монголын улс төрийн эрх мэдэл коммунист угшилтай, удахгүй 100 жилийн түүхэн ойгоо тэмдэглэх МАН, Монгол улс олон намын тогтолцоот ардчилсан нийгмийг сонгосны бүрэн илэрхийлэл болон үүсэн байгуулагдсан ардчилсан чиг баримжаат улс төрийн намуудын нэгдэл болсон Ардчилсан нам хоёрын хооронд шилжсээр 20 гаруй жил болж байна. Энэ хооронд парламентад суудалтай болж байсан 2-3 нам бий ч хүчтэй улс төрийн болон өндийсөнгүй. Парламентын сонгуульд оролцож, ядахдаа бүлэг байгуулах хэмжээний суудал авах магадлал бараг байхгүйг мэдсээр байж улс төрийн нам байгуулах хүсэлт тасрахгүй байгаа нь улс төрийн нам байгуулах гэдэг онолын ойлголт балран алга болж зөвхөн улс төрийн тоглоомын нэг хэсэг болсонтой холбоотой.

Үүний хамгийн сүүлийн жишээ нь анхдугаар хурлаа хийж, намын бүтэц бүрэлдэхүүнээ тодорхой болгоод одоо бүртгэлээ хүлээж буй Шударга иргэдийн нэгдсэн эвлэл нам. 2019 оны зургадугаар сарын 6-нд үүсгэн байгуулах хурлаа хийж, УИХ-ын гишүүн Ж.Батзанданыг намын даргаараа сонгосон. Намынх нэрийн товчлол ШИНЭ хэмээн сонсголонтой бууж буй энэ нам Улсын Дээд шүүхийн улс төрийн намын жагсаалтад 34-т бичигдэх нь тодорхой. 2016 оны сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшин УИХ-д сонгогдсон Л.Болд, Ж.Батзандан нарын эмхлэн байгуулсан ШИНЭ нам иргэдийн дунд “попчдын нам” гэсэн хочийг аль хэдийн аваад байгаа. Үүнийгээ ч хэд хоногийн өмнө Баян-Өлгийн аймагт хийсэн уулзалтын үеэр илэрхийлсэн Оспаны тухай байр суурь, энэ байр сууриа тайлбарласан сошиал лайваараа намын дарга Ж.Батзандан нотлоод авлаа.

Улс төрийн намын тухай хуулиар шинээр байгуулагдах гэж байгаа намын үзэл баримтлалыг дэмжиж буйгаа илэрхийлсэн 801 хүний гарын үсэг, регистрийн дугаарын бүртгэл байхад нам байгуулж “тоглох” боломжтой. Улс төрийн намуудын бүртгэлээс харахад МАН 161 мянга, Эх орон нам 160 мянга, Ардчилсан нам 150 мянган гишүүнтэйгээр толгой цохиж байна. Үүний араас БНН 50 мянга, ИЗНН 35 мянга, МҮАН 26 мянга, Ард түмний нам 11 мянга гаруй гишүүнтэйгээр удаалж, бусад нь 1000-3000 гишүүний хооронд эргэлдэж байгаа ажээ. Энэ бүртгэлээс үзэхэд Монголын 640 гаруй мянган хүн аль нэг улс төрийн намд харьяалагдаж байгаагийн бараг тал хувь нь МАН, Ардчилсан нам гэсэн хоёр гол хүчинд харьяалагдаж байгаа дүр зураг байна.

Өөрөөр хэлбэл, 640 гаруй мянган иргэн Үндсэн хуульд заасан сайн дураар эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлсэн гэсэн үг. Гэвч төрийн эрх барих мэдэлд оролцох эрхэм зорилготой, нийгмийн үзэл санааны чухал илэрхийлэл болж буй улс төрийн намуудын үйл ажиллагааг тооноос чанарт хүргэхгүйгээр Монголын нийгмийн ирээдүйг гэгээлгээр харах боломжгүй болсонтой олон хүн санал нийлэх байх.

Улс төрийн намын тухай хуулийг нийгмийн хөгжлийн өнөөгийн үе шатанд нийцүүлэн өөрчлөх, удирдан манлайлах хүчин болгох оролдлого өнгөрсөн хугацаанд нэг бус удаа гарсан ч  амжилт олоогүй. Эдгээр 33 намаас сонгуулийн саналын хуудсан дээр огт нэрийг нь харж байгаагүй нам хүртэл бий. Улс төрийн нам гэдэг таван хүн санал нэгдэж очоод бүртгүүлчихдэг ТББ-аас огт өөр агуулга, цар хүрээтэй зүйл. Мэдээж бүх нам улс орон, иргэдийн сайн сайхан амьдралыг цогцлооно гэсэн сайхан үгсийг лоозогносон ч цаасан дээрх үг хүч болон биежсэнгүй.

Олон намын тогтолцоог тунхаглаад 20 гаруй жил болсон Монголын улс төрийн 34 дэх ШИНЭ намын даргын Оспаны попролыг сонсоод харуусал, халаглалыг олон хүн мэдэрсэн бизээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж