Автозамын нэгдүгээр эгнээнд замын хөдөлгөөний дүрэм зөрчин байрлуулсан иргэдийн автомашиныг ачигч, чирэгч машинаар журамлан улмаар 55 мянган төгрөгөөр торгож байгаа.
“Автомашины салхины шилэн дээр холбоо барих утас нь байгаа тохиолдолд жолоочид урьдчилан сануулах ёстой” гэж нийслэлийн Засаг даргын орлогч Ч.Гантөмөр тэргүүтэй хотын удирдлагууд мэдэгддэг. Гэтэл бодит байдал дээр автомашиныг ачиж журамлах компанийн ажилчид машиныг нэг минут орчмын хугацаанд ачаад одож байна.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн УНҮ 1161 улсын дугаартай автомашинтай ажилтнууд замын нэгдүгээр эгнээнд тавьсан машины зургийг дарах зуурт жолооч нь ачихаар завдаж замаар өнгөрч буй иргэд тухайн жолооч руу утасдаж байгаатай бид таарсан юм.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ажилтан “Бид жолооч руу утасдаж хэлэх үүрэггүй. Нэгдүгээр эгнээнд тавьсан л бол шууд ачиж журамлана” гэж ууртайгаар хариулсан юм. “Угаас машин журамлах тухай гаргасан журамд жолоочид утсаар мэдэгдэнэ гэсэн заалт байхгүй” гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ажилтан Г.Ариунжаргал хэллээ.
Харин жолооч руу утасдаж буй иргэн Б.Баяраа “Энэхүү машины жолооч хууль зөрчсөн ч гэлээ эхлээд холбоо барих утас нь байхад утасдаад хэлж, анхааруулж болно шүү дээ. Жолооч нь маш хурдан хүрч ирсэн ч ачиж явчихаад 55 мянган төгрөгөөр торгох нь эдийн засаг хямарсан үед иргэдэд хүндхэн л тусах байх. Тиймээс утасдаж сануулаад ирэхгүй бол ачих нь зүйтэй гэж бодож байна. Гэтэл шууд ирж зогсоод л нэг минутын дотор машиныг нь ачаад явж байна шүү дээ” гэсэн юм.
Энэ хугацаанд машины жолооч П.Мягмарсүрэн ирж тэрээр “Телевизээр сонсож байх нээ эхлээд жолооч руу утасдах ёстой гэсэн. Зогсоол олдохгүй байсан учраас ердөө хэдхэн минут л машинаа эзгүй орхисон юм. Машинаа журамлуулсан тохиолдолд компанийн эд хөрөнгө ачсан яваа учраас бараа, бүтээгдэхүүн гэмтэх эрсдэл өндөртэй. Ийм тохиолдолд утасдаад хэлж болно гэж бодож байна” гэх байр суурийг илэрхийлж байлаа.
Д.ЖАРГАЛ