Наадмаар ес хоног амрах нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2015.06.22-нд нийтлэгдсэн

Наадмаар ес хоног амрах нь зөв үү?

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын өдрүүдийн амралтын асуудлыг хэлэлцэнэ. УИХ-аас өнгөрсөн 2014 онд наадмаар таван хоног амрахаар хуульчилсан.

Харин энэ жил долдугаар сарын 11, 12, 16, 17-ны өдрүүд нь долоо хоног бүрийн заавал амрах өдрүүдтэй давхцаж буй. Иймээс Хөдөлмөрийн сайд С.Чинзориг ирэх долдугаар сарын 16, 17-ны ажлын өдрүүдийг ирэх сарын 4, 5-ны амралтын өдөрт шилжүүлэхээр санал боловсруулсан аж.

Энэ асуудлаар иргэд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

Чингэлтэй дүүргийн иргэн А.Лхагва:

Үндэсний их баяр наадмын өдрөөрөө тав хоног сайхан амраад бөх, морио үзсэн нь дээр. Есөн хоног амарна гэдэг бол арай л урт хугацаа сонсогдож байна. Тийм олон хоног юу ч хийх билээ. Олон хоног амрахын хирээр иргэдийн гар дээрх мөнгө урсаж, архидалт ихсэнэ гэж бодож байна. Засгийн газраас ес хоног амрана гээд тогтоочихоор төрийн байгууллагынхан амраад хувийн хэвшлүүд ажилласаар л байх болно. Энэ чинь шударга бус шүү дээ.


Хан-Уул дүүргийн иргэн Н.Лхагвадорж:

Тав хоног амрах нь зөв гэж бодож байна. Хөдөөнийхөн бол хадлан тарианы цагаа алдана, хотын иргэд ажлаа алдаад цалингүй атлаа олон хоног баярлаж, ууж идэх нь дэндэх байх. Хуучин гурван хоног сайхан баярлаад болдог л байсан шүү дээ.


Баянзүрх дүүргийн иргэн Ж.Дашдулам:

Амралт, баяр ихсэх нь тийм ч зөв зүйл биш дээ. Ес хоног юу хийж баярлах билээ. Тав хоног амарч баярлачихаад үлдсэн дөрвөн хоногт нь ажлаа хийгээд цалин мөнгөө авсан нь зүйтэй гэж бодож байна. Ес хоног амарсан хүмүүс чинь хөдөлмөрийн бүтээмж нь буурч, архидан согтуурч улмаар магадгүй гэмт хэрэг гарахыг үгүйсгэхгүй юм.


Сүхбаатар дүүргийн иргэн Ш.Бөхбаяр:

Амьдралын боломжтой хүмүүс ес хоног амарч, баярлахыг дэмжих байх. Хүн хүний бодол өөр шүү дээ. Би хувьдаа тав хоног сайхан баярлаад л ажил төрлөө хийсэн нь дээр гэж бодож байна.


Чингэлтэй дүүргийн иргэн С.Батбаяр:

Ядраад зүдрээд байна гээд сүйд болоод байгаа биз дээ. Тэгсэн атлаа ажлаа хийхгүй, цалин авахгүй гээд байгааг ойлгохгүй байна. Амралтын өдрөө ажлын өдөр болгочихоор хувцсаа угаана, ар гэрийн ажлаа хөөцөлдөнө гээд бас ажлаа цалгардуулах вий. Тиймээс ес хоног амрахыг дэмжихгүй байна.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж