УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. Товлосон цагтаа Төрийн ордон дахь өрөөнд нь очиход тэрбээр хоймортоо залсан бурхандаа мөргөж байх нь таарав. Манзушир бурхан гэнэ. Өдөртөө залбирчихдаг, орой гэртээ очоод сунаж мөргөдөг ажээ.
-Яг одоо та юу бодож байна вэ?
-420 тэрбум ам.доллараар уул уурхайн курст суумааргүй байна шүү дээ. Тэр тухай л бодож байна.
-Ямар курс, юун 420 тэрбум ам.доллар билээ?
-Оюутолгойн хөрсөн доор 420 тэрбум ам.долларын баялаг байдаг. Эндээс юу ч авахгүйгээр баялгаа өгөөд дээрээс нь өртэй үлдвэл бид энэ хорвоогийн хамгийн тэнэг ард түмнээр шалгарна. Бид 420 тэрбум ам.доллараар уул уурхайн курст сурах гээд байна. Ийм үнэтэй курст баялгаа барьцаалж суумааргүй байна.
Дубайн гэрээг хар л даа. Зүв зүгээр байж байгаад зургаан тэрбум долларын, үндсэндээ иргэн болгоноо 4.7 сая төгрөгийн өрөнд оруулсан. Дубайн гэрээний 5.4-ийг нь хараарай. Зургаан тэрбумыг зээлж аваад барьцаанд нь газар нутгаа тавьчихсан байгаа. Ямар ч эрсдэлгүй гэрээ гээд байсан нь хаана байна.
15 банкинд барьцаанд тавиад зээлж байгаа энэ зургаан тэрбум долларыг Монголд оруулж ирэхгүй, өмнө нь авсан өрөө төлнө гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, “Рио Тинто”-гийн өөр салбарын өрийг санхүүжүүлэх гэж Оюутолгойгоо барьцаанд тавьчихлаа. Энэ мөнгө орж ирээгүй учраас эрх баригчид дахин дахин зээл гуйхаар гадагшаа явж байна. Дубайн гэрээг байгуулаад амьдрал сайжирсан уу, нүдэнд харагдах юу өөрчлөгдөв.
-Долларын ханш буурсан шүү дээ?
-Уржигдраас дахиад нэмэгдсэн. Популистуудаас болж дахин өслөө гэж л байна билээ. Монголбанкны ерөнхийлөгч биднээс хараат ажилладаг юм шиг байгаа юм. Бид 20 тэрбумын өртэй, төсөв маш хүнд байгаа. Их сайхан гэрээ байгууллаа гэчихээд Ерөнхий сайд нь завсар зайгүй гуйлга гуйгаад явж байна. Ичмээр байгаа биз дээ.
-Та сая төсөв мөнгө маш хэцүү байгаа гэж хэллээ. Энэ бүхнээс гарахын тулд Гацууртын ордыг ашиглая, Оюутолгойгоо урагшуулъя, Тавантолгойгоо эргэлтэнд оруулъя гээд байгаа юм биш үү. Тэр олон тэрбумын өрийг өөрөөр төлөх ямар арга байна вэ. Хөдөлгөхгүй бүгдийг гацаагаад байж болохгүй биз дээ?
-Намайг гацаасан л гэдэг юм. Юу ч гацахгүй явж байгаад л гол асуудал нь байгаа. Бүх юм гацахгүй явж байгаа. Оюутолгойг намайг гацаасан л гэдэг. 2009 оны аравдугаар сарын 6-нд гэрээ байгуулж байхад би эсэргүүцэж байсан, үнээн. Гэрээ байгуулж байхдаа эрх баригчид өдөр болгон сая доллар орж ирэх юмыг Ганбаатар гацаагаад байна аа л гэж байсан. Гэрээ байгуулагдсан.
Өнөөдөр 2015 оны зургадугаар сар. Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш зургаан жилийн дараа Монгол орон 19.5 тэрбум долларын өрөнд ороод байна. Цалин тэтгэврээ хэзээ хэзээгүй зогсоох гээд гал алдаад сандарч байна. 470 мянган залуугаа ажилгүйчүүд гэсэн бүртгэлтэйгээр амьдруулж байна. Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нь байнга гуйлга гуйж байна. Өрийг улам өндөр хүүтэй өрөөр солих гэж явж байгаа энэ дүр зургийг би “Тээр би хэлээгүй юу” гэж тавлах гээгүй. Бах таваа хангах гээгүй. Гэхдээ харамсалтай байгаа биз дээ.
Энэ зургаан жил Оюутолгой нэг ч өдөо зогсоогүй. Би 2014 оны ганц тоо хэлье. Оюутолгойгоос өнгөрсөн жил 189 мянган тн зэс гарсан. Баяжмалаараа бол нэг сая тн зэс гарчихсан. 19.1 тн алт, 31 тн мөнгө гарсан. Риогийн орлого хоёр тэрбум доллар. Дахиад нэг тоо. 2015 оны нэгдүгээр улиралд буюу гуравдугаар сарын 30-ны байдлаар 472 сая долларын орлого олсон.
Тэрнээс 260 орчим буюу 50-аас илүү хувь нь алтнаас олсон орлого. Алтнаасаа илүү олж байгаа. Юу ч гацаасангүй шүү дээ. Бүх юм явж байгаа. Тэгэхээр би юу ч гацаасангүй, гацаах боломж ч байсангүй. Харин би зөвхөн үнэнийг хэлж байгаа. Засч залруулахыг хүсч, шаардаж байгаа. Энэ их орлого, ашиг Монгол руу яагаад орохгүй гацаад байна вэ гэдгийг л нэхдэг. Ийм их орлого Монгол руу орж ирэхгүй гацаж байгаа учраас л би тэмцэж байгаа.
-Харин Гацууртыг бол гацааж байгаа хүмүүсийн нэг нь та гэдэг, яагаад ашиглаж болохгүй гэж?
-Ноён ууланд одоогийн тооцоогоор 50-75 тн алтны баялаг байгаа. 75 тн алтнаас 200 сая долларын ашиг хийнэ гэж тооцож байгаа. Тэр нь үндсэндээ тав орчим тн алт. Түүний 20 хувь буюу 40 орчим сая долларыг Засгийн газар ашиг гэж авна гэдэг бол нэг тн алт гэсэн үг. Гэтэл Оюутолгой жилд 20 тн алт олж байгаа шүү дээ.
Нэгхэн тн алтны төлөө Ноён уулаа ухна гээд өвгөдийнхөө ясыг самарч хаяж болохгүй. Ноён уулаа ухахаа болиод Оюутолгой дээрээ олигтой ажиллая, Монгол руу гацаад байгаа ашгийг сэтгэж сүвлэж байгаад оруулдаг болъё л гэж байгаа юм. Өдөрт Оюутолгой 5.4 сая долларын ашиг хийдэг. Монголд харин 1.9 сая долларын өр орж ирдэг. Бүгд баримттай шүү. Хэрвээ гүтгэж байгаа бол “РиоТинто” зүгээр байхгүй шүү дээ. Тэдэнд асар сайн хуульчид байгаа.
“Рио Тинто”-гийн төлөөлөгчид УИХ-д ч сууж байгаа. Тэд ч зүгээр суухгүй. Би үнэн ярьж байгаа учир тэд хариулдаггүй. Харин тэрний оронд хувь хүн рүү минь л дайрдаг. Харамсч байна. Бид өвгөдийнхөө шарилыг хөндөх хүртлээ ядраагүй гэж би итгэж байгаа. Би 169 захидал явуулсан байдаг юм. Оюутолгойг дэмжигч улстөрчид яагаад хариу өгдөггүй юм бэ. Би 11 жил Оюутолгой гэж ярьж байгаа хүн шүү. Намайг Ноён уулаа аваръя гэхээр бас л популист гэдэг юм. Гэсэн ч би дуугарсаар л байна. Ноён уул руу би бүүр очсон ш дээ.
-Цас ухаад л уу?
-Тийм тийм. Шоу биш шүү дээ. Зүтгээд л байна. Гэхдээ бидний хүч энэ их мөнгөтэй, шунал нь гүйцэгдэхээ байсан хүмүүсийг давахгүй байна л даа.
-Ганцхан тн алтны төлөө уулаа ухна гэхээр цаана нь ямар эрх ашиг байна гэж та харж байгаа вэ?
-Миний таамаглаж байгаагаар сонгуулийн мөнгөө л хийх гэж байгаа байх. Нарийн юмыг нь сайн мэдэхгүй байна л даа.
-Нарийн юмыг нь мэдэхгүй байна гэдэг дээр нэмээд асууя л даа. Оюутолгой дээр та нарийн юмыг нь мэддэг үү, жишээ нь таныг гэрээгээ уншаагүй л хүн шүү дээ гэх хүмүүс байдаг л юм байна билээ. Гаагын шүүхэд хандсан тань ийм ярианд их гал өгсөн?
-Дэлхийн хоёрдугаар дайны кино үзсэн төдий хүмүүс л ингэж яриад байдаг юм. Гаагын шүүх гэдэг ганцхан цэргийн шүүх биш. Тэнд хоёр ч монгол хүн ажилладаг. Би тэдэнтэй байнга холбоотой байдаг. Үндэсний эдийн засаг, тусгаар тогтнол аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний уул уурхайн асуудлыг бас Гаагын шүүхэд өгдөг. Жишээ ч байгаа.
Замби улсын нэг эмэгтэй Гаагын шүүхэд хандаад нэг том нуураа хамгаалж үлдсэн тохиолдол бий. Найман жил тэмцсэний эцэст ийм шийдвэр гаргуулж байсан. Энэ утгаараа л би Гаагын шүүхэд хандсан. Гаслаад л, басаад л, доромжлоод л, бах тав нь ханаж байгаа юм шиг ярьж байгаа хүмүүсийг би ойлгодоггүй. Олон улсын шүүхэд өгснөө би хэзээ ч буруу зүйл хийсэн гэж боддоггүй. Намайг гэрээг уншаагүй л гэдэг юм. Тэд өөрсдөө уншсан юм бол яагаад миний асуултад хариулдаггүй юм бол. Бас л сонин байгаа биз. Намайг муулах яах вэ. Гэхдээ нэг юмны төлөө тууштай явах чинь сайхан. Кайфтай.
-Нэр хүндээ өсгөөд л үү?
-Нэр хүнд… Та нар Оюутолгойгоор дуугарч байгаа Ганбаатар овоо доо гэсэн ганц нийтлэл уншсан уу. Гацаагч гэдэг доромжлолыг л авдаг шүү дээ. Та нар намайг нэр хүндээ өсгөх гэж байна л гэж ярьж байна, зайлуул тэгж болно. Гэтэл би Дархан-Уул аймагт нэр дэвшихдээ Оюутолгой гэдэг үг ганхийгээгүй байж байгаад ялалт байгуулсан юм шүү.
Гэтэл та нар 2012 оны сонгуульд оролцохдоо МАН юу гэж байж вэ, АН ямар юм амлаж вэ гээд хайгаад үзээрэй. Бүгд л Оюутолгойг ард түмэндээ ашигтай ажиллуулна гэсэн байгаа. Харин би бол дарханчууддаа үнэнч шударгаар та нарынхаа төлөө зүтгэнэ ээ л гэсэн. Тэд бол төрийн эрхийг хуурч, хууль бусаар авсан байна гэсэн үг байгаа биз. Ингэж амлаж байсан хүмүүс өнөөдөр Дубайн гэрээ байгуулчихаад явж байна.
-Эдийн засаг үнэхээр хүнд байгаа учраас л Дубайн гэрээг байгуулсан юм биш үү. Улсаараа нурчих гээд байсан учраас л энэ бүхнийг хийсэн байх. Түүнээс өөр ямар гарц байсан юм бэ?
-Тэгвэл эрх баригчид наад утга агуулгаа яагаад УИХ-ын гишүүн Ганбаатарт хэлж болдоггүй юм бэ. Би ойлгоно. Хүн ш дээ. Монгол орон ямар өрөвдмөөр байдалд орчихсон байгаа гээч. Дубайн гэрээний хамгийн сүүлийн заалтанд Монгол орныг хөрөнгө оруулагч нарт таатай улс гэж зарлаж өгнө гэж байгаа.
Ямар том доромжлол вэ. Бид тусгаар тогтнолоо алдсан байна. Наймын дөрөвт шиг санаж байна. Гэрээг монгол англи хоёр хэлээр үйлдээд долоо хувилаад дөрвөн талаас гарын үсэг зурж баталгаажууллаа гэж тавдугаар сарын 18-нд зурсан байдаг юм. Ерөнхий сайд хоёр өдрийн дараа энэ гэрээг орчуулна гэж хэлсэн. Хоёр өдрийн дараа сайт дээрээ тавьсан. Сайханбилэг Ерөнхий сайд өөрийн хаусыг зарах тухай гэрээ Дубайд хийж болно.
Монголын ард түмний өмчийн талаар гэрээ хийхдээ өмчийн эздээс асуух ёстой. Өмчийн эздийг төлөөлж сууж байгаа 76-гаас ядаж асуух ёстой. Ядаж гэдэг үгийг хэлж байгаагийн учрыг би хэлье. Үндсэн хуулийн зургаагийн нэгийг хүн болгон хэлэх дуртай. Газрын хэвлийн баялаг бол гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтанд байна гэсэн байдаг. Би ийм энгийн юмны төлөө зүтгэж байгаа.
Бид ард түмэндээ энэ гэрээг ашигтай хийх боломж байгаа. Намайг гарц ярьдаггүй гэдэг юм. Харин ч би үргэлж гарц ярьдаг юм. Одоо хэлье. ТУЗ-ийн 9 гишүүн байгаа. Монголын гуравгүйгээр бүх асуудал шийдэгддэг. Тэгэхээр Монголын талын ТУЗ-ийн гишүүдийн ядаж нэг хүний саналыг авч байж аливаа асуудлыг шийднэ гээд заачих ёстой. 2008 онд энэ саналаа Дэмбэрэл даргад бичгээр явуулж байсан. 2009 оны дөрөвдүгээр сарын 13-нд УИХын гишүүдэд гаргалгаа явуулж байсан.
-Ямар гаргалгаа билээ?
-34 хувиа болиод роялтигаа нэмээч ээ гээд бүр тооцоо хүртэл хийгээд явуулж байсан. Роялтиг 15 болго оо, түүнээс ихэсгэвэл бүр сайн гээд тооцоо хийгээд явуулж л байсан. Гэтэл хүлээж аваагүй, өнөөдөр эдийн засаг ямар байгааг бүгд харж байгаа. Өнөөдөр Монголын эдийн засгийг томъёолж хэлбэл ломбардизм, рентизм, лицензизм л ноёлж байна.
Манжийн үеийн мөнгө хүүлэлт жилийн 21 хувь байсан. Одоо бүр 23 руу орж байгаа. Тэр үеийн шилийн сайн эрчүүд адуу хулгайлахаа болиод өрийн бичгийг шатаадаг болсон. өнөөдөр залуу гэр бүлүүд 70 саяар нэг өрөө байр авъя гэж бодъё. Банкнаас зээл аваад байртай боллоо. Буцаад төлөхдөө 240 саяыг төлж байна. Банк нэг ширхэг тоосго өрөхгүй байгаа. Энэ бол банк нэртэй ломбардизм ажиллаж байна гэсэн үг. Багш эмч ахмадууд бүгд зээлтэй.
Хоёрдугаарт рентизм. 1990 оны үед Дэлхийн банкны зөвлөгөөгөөр хийсэн өмч хувьчлалын үр дүнд хэдхэн гэр бүл 70 жил бидний хамтдаа бий болгосон өмчийг зах зээлийн үнээс хэдэн мянга дахин хямд үнээр хуурч авсан. Тэр хувьчлалын “буянаар” нэг ч үйлдвэр тэр үеийн ажиллаж байсан горимоороо ажиллахаа байсан. Бүгд түрээсийн байр болсон. Монгол орон даяараа байрны эзний түрээсийг төлөх гэж амьдардаг болчихсон. Үүнийг рентизм гэж байгаа юм. Хуулиа биелүүлдэггүй түшмэдийн балгаар баяаг лиценз нэрээр уул уулаараа гаднынхны халаасанд орж байна. Үүнийг лицензизм гээд байгаа юм.
С.ОНОНТУУЛ
Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин