УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.
-Намууд ерөнхийдөө Сонгуулийн хууль дээр санал нэгдсэн гэдгийг ажлын хэсгийн ахлагч хэлсэн. Тэгэхээр танай намын бүлгээс энэ хуульд оруулсан саналууд биеллээ олохоор болсон гэж ойлгож болох уу?
-Хаврын чуулганд нэн яаралтайгаар оруулж ирэх ёстой хууль бол Сонгуулийн хууль. Энэ хуулийг ажлын хэсэг дээр багагүй хугацаанд ярилаа. Одоогоор УИХ-ын гишүүдэд төслийн төвшинд мэдээлэл хүрсэн байна. Албан ёсоор байнгын хороод болон бүлэг дээр орж ирээгүй гэсэн үг. Гэхдээ энэ хуулийн ажлын хэсэгт байгаа гишүүд өөрсдийнхөө бүлэгт тодорхой мэдээлэл өгөөд явж байна.
Сонгуулийн хууль дээр МАН-ын бүлэг хэд хэдэн зарчмын байр суурь барьж байгаа. Тухайлбал, УИХ-ын 76 гишүүнээ сонгохдоо иргэд шууд нэрээр нь сонгодог тогтцолцоод оръё гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 48- ыг мажоритараар, 28-ыг нь намын нэрээр буюу пропорционалиар сонгож байгааг больё гэдэг санал гаргасан. Хоёрдугаарт, хар машин буюу автомат тооллогоор сонгууль явуулж байгааг болиоч гэдэг санал тавьсан.
Үүнд АН-ын зүгээс “Автомат /хар/ машинаа хэрэглэнэ” гэсэн. Хэрвээ ингэж хар машинаа хэрэглэвэл саналаа гараар давхар тоолох ёстой гэж бид үзэж байгаа. Одоогоор ажлын хэсгийн төвшинд ярьж байгаа. Хэрвээ өрсөлдөгч нь тооллогын дүнг хүлээн зөвшөөрөхгүй бол гараар давхар тоолъё гэдэгт санал нэгдсэн. Харин тойргийн тогтолцооны хувьд 48 тойргоо нэг мандат буюу 48 жижиг тойргоор явуулъя. Цаана үлдсэн 28 гишүүнээ намын жагсаалтаар сонгодгийг болиулаад бүсээр сонгоё. Ингэхдээ намын жагсаалтаар биш бүс бүсэд санал авсан эрэмбээрээ хуваагдъя гэж байгаа.
Тухайлбал, нийслэл нэг бүс байлаа гэхэд найман хүнтэй, орон нутгийн дөрвөн бүс тав таван хүнтэй байхаар ярьж байгаа. Ингээд сонгогч саналаа өглөө гэхэд өөрийн тойрог дээр дэвшиж байгаа гишүүнд, дараа нь бүс дээр дэвшиж байгаа хүмүүсээс нэгийг нь сонгох байдлаар явна гэдэг зүйлийг урьдчилсан байдлаар ярьж байна. Харин орсон хойноо таван мандатаас нэгийг нь зурах уу нэг мандатаар зурах уу гэдэг дээр багахан маргаан байна.
-Маргаан гарсан тохиолдолд саналыг гараар давхар тоолоход намууд санал нэгдсэн гэлээ. Тэгэхээр үүнээс намын Удирдах зөвлөлийн хүрээнд асуудлыг ярьсан болж таарах нь ээ?
-УИХ дахь МАН-ын бүлгийн Удирдах зөвлөл дээр Сонгуулийн хуулийг зарчмын хувьд ярилцсан. Ингээд Удирдах зөвлөлийн хүрээнд тогтолцооны хувьд намын жагсаалтаар сонгодгийг больж байгаа учраас энэ хуулийг дэмжих нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Харин процедурын чанартай нэлээд олон өөрчлөлтийг цааш нь нэгтгэж, нарийвчлаач гэж байгаа.
Тухайлбал, хар машины саналыг давхар буюу 100 хувь гараар тоолж, гар тооллогынхоо дүнг авах, тойрог хэсгийн хороог байгуулахдаа өнөөгийн СЕХ-ны шугамаар явуулъя.
Сонгуультай холбоотой гарсан маргааныг шүүх дээр шийдэх биш болж өгвөл тойрог, хэсгийн хороод дээрээ шийдвэрлэж байх гэх мэтчилэн 8-9 асуудлаар манай нам тодорхой байр сууриа илэрхийлээд ажлын хэсэгт гаргаж өгсөн байгаа. Ажлын хэсгээс эцсийн байдлаар зөвшилцөж ойлголцоод асуудлаа оруулж ирсэн зүйл алга.
-Хэдийгээр үндсэн зүйлүүдээ тохирсон ч нэгдсэн шийдэлд хүрээгүй ганц нэг асуудал байгаа юм байна. Тэгэхээр энэ хуулийг хаврын чуулганы хугацаанд парламентаар хэлэлцүүлэх боломж ер нь байна уу?
-Хувь гишүүнийхээ хувьд хаврын чуулганы хугацаанд Сонгуулийн хуулиа яаралтай баталж гаргах хэрэгтэй гэж харж байгаа. Учир нь, Сонгуулийн хуулиа тодорхой болгож байж улс төрийн нөхцөл байдлаа үнэлж дүгнэх боломж бүрдэнэ. Нөгөө талаар парламентад шинэ уур амьсгал орж ирэх, өрсөлдөөнийг бий болгох үүднээсээ Сонгуулийн хуулиа яаравчлах шаардлагатай.
-Танай намын зүгээс Ард нийтийн санал асуух тухай тогтоолыг өргөн барьсан. Энэ асуудал юу болж байна вэ. Сонгуулийн хуульд тусах бололцоо харагдаж байна уу?
-Бидний энэ саналыг улс төрийн намууд хүлээн зөвшөөрөөд 76 гишүүнээ сонгоход мажоритараар буюу намын нэрээр биш хувь хүнээрээ сонгогддог тогтолцоог хүлээгээд авчихвал заавал ард түмнээс санал асуух хэрэггүй болох юм. Ард түмний хүсэл тэр талдаа байгаа учраас дахин санал авах шаардлагагүй болно гэсэн үг л дээ.
-УИХ-ын дарга “Ардын нам ажил хийлгээч” гэж хэлээд байсан. Та бүхэн үнэхээр тэгж ажил гацаагаад байгаа хэрэг үү. Тухайлбал, танай намын бүлгийг чухал хуулийн төслүүд дээр завсарлага аваад байна гэдэг зүйлийг яриад байна л даа. Та үүнд тайлбар өгнө үү?
-Зарчмын асуудал дээр бид засагт хамтарсан гээд амаа үдүүлсэн юм шиг дуугүй байж болохгүй шүү дээ. Ялангуяа улс орны үндэсний аюулгүй байдлын нийтлэг эрх ашигтай холбоотой асуудлууд байна. Нөгөө талаар тухайн салбарын цаашдын чиг хандлага буруу явчих гээд байгаа асуудал ч бий. Энэ мэт чухал асуудлаар намын гишүүд төдийгүй бүлгээс тодорхой байр сууриа илэрхийлж явах нь зүйтэй гэж үздэг.
Өнөөдрийн байдлаар бид хэд хэдэн хуулийн төсөлд завсарлага авч, байр сууриа тодотгох хэрэгтэй гэж шийдсэн. Тухайлбал, Хяналтын болон Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль гэм мэтчилэн хууль дээр улс төрийн намууд ойлголцлоо нэг болгох, үүсээд байгаа нөхцөл байдлыг тооцоо судалгаатай эргэж харах шаардлагатай гэж үзсэн.
-Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан хуулийн төсөл багагүй шүүмжлэлд өртөөд байна. Таны хувьд энэ хууль дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Одоогоор энэ хуулийг байнгын хороогоор хэлэлцүүлээд явж байгаа учраас байр сууриа илэрхийлэх боломжгүй байна. Ер нь шүүх хүчний байгууллагыг нэг засаг гарч ирээд бужигнуулаад байдгийг л болих хэрэгтэй. Шүүх хүчний байгууллага тогтвортой ажиллах ёстой. Хүний эрхийг дээдлэх ёстой.
Шүүх хүчний байгууллагад хуулиар олгогдсон, хүний эрхэд халддаг эрх байдаг. Тийм учраас хүний эрхийг дээдэлж, хүний эрхийг хөсөрдүүлэхгүй байх тогтолцоог бий болгох нь чухал байгаа юм. Ингэхгүй ойр ойрхон нааш цааш болгоод үймүүлээд байх нь эргээд багагүй сөрөг үр дагавар дагуулах талтай л гэж харж байгаа.
-Гацууртын ордын хувь эзэмшлийн асуудал хоёр дахиа чуулганаас буцчихлаа. Одоо тэгэхээр яана гэсэн үг вэ. Энэ ордод төр хувь эзэмшихээргүй болчихож байна гэж ойлгох уу?
-Одоо Засгийн газрын төвшинд хөрөнгө оруулагчидтайгаа асуудлаа ярьж таарах байх. Эрх зүйн талаасаа төрийн эзэмшилгүй л болгочих гээд байна л даа. Тэгэхээр төр хувь эзэмшихгүй гэхээр өнөөдрийн аж ахуйн нэгж нь аваад явчих гээд байгаа юм л. Нэг ёсны “Гацуурт” төрд хувиа өгөлгүй, үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явчих магадлалтай болчихоод байна л даа.
Тиймээс бид энэ ордод төрийн эзэмшлийн хувьтай болгоод төр авдаг татвар хураамжаа хуулийн хүрээнд аваад явах нь ямар нэгэн хөнгөлөлтгүй шүү дээ. Өнөөдрийнх шиг аж ахуйн нэгжийн болон усны татвар ч гэдэг юм уу бүгдийг авдгаараа аваад явж байгаа. Нэмээд энэ ордоос төр хувь эзэмшихээс гадна тусгай роялтигаа нэмэгдүүлээд явбал монголчууд бидэнд үлдэх өгөөж нь дээр гэж харж байгаа.
Эх сурвалж: www.info.mn