Попын хаан Майкл Жэксон ертөнцийн мөнх бусыг үзүүлээд 10 жил өнгөрчээ. Харин саяхан Калифорни дахь нэгэн агуулахаас түүний хэрэглэж байсан 100,000 ам.долларын үнэтэй хүчилтөрөгчийн аппаратыг олсон байна.
Алдарт дуучин 1984 онд “Pepsi” компанийн сурталчилгаанд тоглож байхдаа түлэгдэж, тус компаниас 1,5 сая ам.долларын нөхөн төлбөр авсан мөнгөнөөсөө өөрийн нэрэмжит Хүүхдийн түлэнхийн төвийг байгуулсан юм. Жэксон хоёр жилийн дараа буюу 1986 онд тус төвд ашиглаж байсан “Hyperbaric Modular Systems” компанийн бүтээсэн “Sechrist 2500B” аппаратанд унтаж буй зураг олон нийтэд дэлгэгдэж шуугиан тарьж байжээ.
Үүнийхээ дараа тэрбээр “Би энэ аппаратанд ороод хэдэн цаг маш бат бөх унтаж чадсан. Сэрэхдээ яг л өөрийгөө цоо шинэ хүн болсон мэт мэдэрсэн. Би энэнээс гэртээ нэгийг авахыг хүсч байна. Тэгвэл би шөнө бүр ингэж сайхан унтаж амарч чадна. Би бүх дэлхийг энх тайван болтол, хүн бүр ямар ч өлсгөлөн, өвчин зовлонгүй амьдардаг болох хүртэл амьдрахг хүсч байна. Магадгүй би биеэ өвтгөхгүй байж чадвал 150 наслах юм билүү” хэмээн хэлж байсан бөгөөд 1994 онд өөртөө зориулж шинэ аппарат худалдаж авсан байна.
“Hyperbaric Modular Systems” компанийн захирал Адриан Гарригийг хэлснээр энгийн агаараар амьсгалснаас гурав дахин их хүчил төрөгчтэй уг аппаратыг түлэнхийн шархийг хурдан эдгээхэд ашигладаг байна. Хэдий наслалтыг уртасгахад сайнаар нөлөөлдөг ч хэрэв Жэксон уг аппаратанд удаан хугацаагаар орж байсан түүний бие хүчилтөрөгчийн хордлогод орж, илүү эрт хорвоог орхих байсан гэв. Тэрээр амьд ахуйдаа өдөрт 1-2 цаг л уг аппаратанд ордог байсан гэнэ.
Түүний хэрэглэж байсан аппарат одоо мэдээж хоцрогдсон. Одоо энэ төрлийн илүү орчин үеийн дэвшилтэт технологитой аппаратуудыг эмчилгээнд ашиглах болсон бөгөөд АНУ-д л гэхэд нийт 1000 орчим ийм аппарат байдгаас 750 орчим нь хувь хүмүүсийн гар дээр байдаг аж.
Эх сурвалж: DAILYMAIL
Холбоотой мэдээ