Зарим гол үертэй байна. Зургадугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Эг, Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн, Их Хянганы нуруунаас усжих Халх голын усны түвшин өмнөх өдрөөс 20-105 см нэмэгдэж, Хэрлэн, Балж гол үерийн түвшинг 10-25 см даван үерлэж байна.
Хангай нурууны өврийн Байдраг, Заг, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см давсан хэвээр байна. Иймд дээр дурдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Түүнээс гадна ойрын өдрүүдэд түр зуурын бороо орох нь их байх тул хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой ба хуурай сайр, гуу жалгын ойролцоо болон ам тосох зэргээр бууж суурьшихгүй байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас зөвлөж байна.
Э.АРИУН