“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга лхагва гаригт (2019.06.26) зарлиг гаргаж, 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэв.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэрт үндэслэн дээрх зарлигийг үйлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгч нарыг хоморголон чөлөөлсөн шийдвэр зөвхөн Ерөнхийлөгчийн санаа биш УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын оролцоо байсан гэсэн үг юм.
УИХ-ын дарга Г.Занданшатарын ам алдсанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн зарим нууц асуудал задарсан нь чөлөөлөгдсөн шүүгч нарын 7 нь Салхитын мөнгөний ордтой холбоотой байж болзошгүй байгаа юм.
Учир нь Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор 7 шүүгч 125 сая ам.долларын авлига авсан бичлэг байгаа тухай тэрбээр тодотгосон байдаг.
Харин Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ талаар тодруулахад 17 шүүгчийн 13 нь Салхитын мөнгөний ордтой, дөрвөн шүүгч нь Эрүүгийн хоёр хэрэгт холбогдсон" гэдэг мэдээлэл өгөөд буй.
Авлигатай тэмцэх газар баасан гаригт (2019.06.28) дөрвөн шүүгчээс мэдүүлэг авсан. Гэхдээ Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар уу, аль эсвэл өөр хэрэгтэй холбоотой юу гэдэг эцэслэгдэж батлагдаагүй ч Прокурорын хяналт дор шүүгч нараас байцаалт авсан юм.
Шүүгч нарыг хоморголон чөлөөлж байгаад байцааж эхэлсэн энэ явдал нь хэлмэгдүүлэлт рүү хөтлөх вий гэдэг айдас хүйдэс ч дагуулаад буй.
Нөгөөтэйгүүр, дээрх шийдвэрийн нөлөөгөөр Улсын дээд шүүх хэрэг хянан хэлэлцэх чадамжгүй болсон асуудал ч хуульч нарын дунд хөндөгдөж эхэлсэн. Чөлөөлөгдсөн 17 шүүгчийн тав нь Улсын дээд шүүхийн шүүгч нар байсан юм.
Шүүгч нарыг “авлах” ажиллагаа цаашид ч үргэлжилж мэдэхээр байгаа. Учир нь УИХ-нэр бүхий таван гишүүн баасан гаригт (2019.06.28) С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хуралд оролцсон найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлэв.
УИХ өнгөрсөн өвөл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлдэг байх заалт оруулсныг төрийн гурван өндөрлөг ашигласнаар 17 шүүгч ташраараа чөлөөлөгдсөн бол араас нь нэмж найм явж мэдэхээр боллоо. Шүүх байгууллага хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаа явуулах Үндсэн хуулийн зарчим ийн алдагдаж, эцэс сүүлдээ чадамжгүй болох нөхцөл ч бүрдлээ.
УИХ-ын нэр бүхий таван гишүүний санал
Улсын Дээд Шүүхийн шүүгч Ч.Хосбаяр,
Улсын Дээд Шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь,
Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Зориг,
Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Цогт,
Улсын Дээд Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр
Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөлөгдсөн 17 шүүгч
Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Хакухо М.Даваажаргалын хүсэлтийг ёсоор болгов
Японы мэргэжлийн сүмо бөхийн 41 дэх аварга М.Даваажаргалын Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга ёсоор болгож, баасан гаригт (2019.06.28)зарлигаа гаргалаа.
Хакухо М.Даваажаргал өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголын иргэншлээс татгалзах хүсэлтийг төрийн тэргүүнд уламжлаад байсан юм.
Хуульд зааснаар энэ асуудлаар Ерөнхийлөгч ёсчлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, иргэнийхээ хүсэлтийг холбогдох байгууллагуудаас ирүүлсэн санал зэргийг харгалзан үзэж шийдвэрээ гарган зарлигаар баталгаажуулдаг юм.
Одоогоор хакухо М.Даваажаргал энэ асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлээгүй байгаа ч Кекүшюзан Д.Батбаяр “Хакүхо М.Даваажаргал аварга Япон улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгчээ. Хэдийгээр ийнхүү Япон улсын иргэн болж байгаа нь харамсалтай хэдий ч Япон улсын мэргэжлийн сүмо бөхийн холбооны хатуу дүрэм журмын дагуу тухайн улсын иргэншилтэй болох нь зайлшгүй зүйл ёсоор боюм. Сүмо бөхийн дэвжээний багш болсон манай Цэвэгням, Дашням болон Хавайн арлын бөхчүүд энэхүү замналаар явсан байдаг. Түүний энэ шийдвэр түр зуурынх бөгөөд төрсөн бие, төрөлх хэл, дотоод сэтгэл гурав нь Монголынх хэвээрээ үлдэж байгаа гэдгийг Монголын ард түмэн маань уужуу сэтгэл, холч ухаанаар хүндэтгэн аваарай” гэж байр сууриа илэрхийлж байв.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ