Японы Осака хотноо болж буй “Их 20” –ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар тусгайлан уулзсан юм.
Жил орчмын дараа дахин нүүр тулан уулзаж буй хоёр удирдагчийн уулзалт 80 минут орчим үргэлжилжээ. Тэд сүүлийн үед таагүй байгаа хоёр улсын харилцааг дахин сэргээхийн тулд хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчийг ирэх онд болох Дэлхийн хоёрдугаар дайны “Ялалтын баяр”-ын 75 жилийн ойн парадад оролцохыг урьжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч түүний урилгыг нааштай хүлээж авсан тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлсэн байна.
“Ялалтын баяр”-ын тэгш ойн жилүүдэд ОХУ-ын Засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгчийг ёслолын арга хэмжээндээ урьдаг уламжлалтай. 2005 онд Жорж Буш АНУ-ын Ерөнхийлөгч нараас хамгийн сүүлд тус арга хэмжээнд уригдан оролцож байв. Харин 2010 онд Барак Обама ОХУ-ын урилгыг хүлээж аваагүй ч өөрийн улсын 76 цэргийг парадад оролцуулж байсан билээ.
Ямартай ч долоон сарын өмнө Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо болсон “Их 20”-ийн уулзалтын үеэр мэнд ч мэдэлцээгүй өнгөрсөн хоёр удирдагч энэ удаа их л дотно, найрсагаар уулзаж, олон асуудлуудын талаар нухацтай ярилцсан байна.
Эх сурвалж: RT