НЭМЭЛТ: АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсаараа дамжуулан БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай хоёр Солонгосын хил буюу цэрэггүй бүсэд уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор Хойд Солонгосын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд " Энэ маш сайхан санаа байна. Гэхдээ бид одоогоор АНУ-аас албан ёсны хүсэлт хүлээж аваагүй байна" гэжээ
Мөн энэ төрлийн уулзалт нь хоёр улсын харилцааг сайжруулахад сайхан боломж болно хэмээн БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна
ТРАМП КИМ ЖОН УНТАЙ ЦЭРЭГГҮЙ БҮСЭД УУЛЗАХЫГ ХҮСЧЭЭ
Японы Осака хотноо болж буй “Их 20”-ын чуулганд оролцож байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг чуулга уулзалтын дараа БНСУ-д айлчилна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай хоёр Солонгосын хил буюу цэрэггүй бүсэд /DMZ/ гурав дахь удаагаа уулзахыг хүсч байгаагаа илэрхийлжээ.
Дональд Трамп твиттер хуудаснаа “Их 20-ийн уулзалтын үеэр Хятадын дарга Ши Жиньпинтэй чухал уулзалт хийчихээд дараа нь БНСУ-д айлчилна. Хэрвээ миний энд бичсэнийг БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун харвал би түүнтэй цэрэггүй бүсэд уулзан гар барьж, мэнд мэдэх хүсэлтэй байна” хэмээн бичсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч маргааш буюу ням гаригт /2019.06.30/ БНСУ-д айлчилж тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзан, тэд хамтдаа хоёр Солонгосыг хил буюу DMZ бүсэд зочилж магадгүй байгаа юм.
Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш 2017 онд анх удаа БНСУ-д айлчлахдаа цэрэггүй бүс рүү нисдэг тэргээр очих гэж оролдсон ч цаг агаарын тааламжгүй байдлаас болон буцаж байжээ. Хэрвээ энэ удаа саадгүй хүрч чадвал тэр 1953 онд завсарласан Солонгосын дайнаас хойш DMZ бүсэд зочилсон АНУ-ын тав дахь Ерөнхийлөгч болох юм. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч асан Барак Обама 2012 онд DMZ-д зочилж байв.
Эх сурвалж:KOREATIMES
Холбоотой мэдээ