"Бөхчүүдийн дунд Ү.Хүрэлбаатар будилаан хутгачихлаа"

Хуучирсан мэдээ: 2019.06.29-нд нийтлэгдсэн

"Бөхчүүдийн дунд Ү.Хүрэлбаатар будилаан хутгачихлаа"

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногийн ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА-уудаа тоймлон хүргэж байна


"Бөхчүүдийн дунд Ү.Хүрэлбаатар будилаан хутгачихлаа"

Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, Улсын харцага Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Үндэсний их баяр наадам болоход 10 гаруй хоногийн хугацаа үлдлээ. Эдгээр өдрүүдэд Бөхийн холбоо болон бөхчүүдийг тойрсон маргаан гарсаар байна. Яагаад допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахаар болов?

-БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газар болон Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт -1” төслийн хүрээнд 2017-2018 онд тамирчид болон үндэсний бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. Үүнд, 43 бөхөөс барилдааны болон барилдааны бус үед шинжилгээ авахад долоон бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Энэ нь олон улсын дүрмээ баримтлан хуулийн дагуу авсан шинжилгээ юм. Дээрх бөхчүүд 2018 оны тавдугаар сард гомдол гаргасан ч шүүхэд хандсан. Учир нь, эдгээр бөх наадмаас бусад үед допингийн шинжилгээ авахгүй гэсэн заалт байхгүй гэж үздэг. Үнэнийг хэлэхэд манай бөхийн холбоо хоёр болчихсон нь асуудал дагуулаад байна. Яруу найрагч Ү.Хүрэлбаатар дээрх бөхчүүдийн хариуцагч болон орчихсон юм.

-Одоогийн Бөхийн холбоонд яруу найрагч Ү.Хүрэлбаатар хамааралтай байдаг уу?

-Уг хүн Бөхийн холбоонд ямар ч хамааралгүй байтал будлиантай асуудал үүсгэчихсэн. Асуудал хүндэрлээ. Олон улсын таван хууль дүрэм журам, Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын тогтоолын дагуу авсан допингийн шинжилгээг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгч хэрэгсэхгүй болгосон талаар тайлбар хүргүүлсэн. Энэ их асуудалтай болж байна. Энэ асуудлаас болоод таван бөх албан ёсны шинжилгээнд хамрагдсан гээд уучлал хүсээд өргөдөл бичсэн. Бөхчүүдийн гаргасан өргөдлийн дагуу бид бөхийн уламжлал ёсоо дагаад бөхчүүдэд өгсөн шийтгэлийг багасгаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан юм. Бөхийн холбооны 15 тэргүүлэгчийн найм нь зөвшөөрсөн бол долоо нь татгалзсан хариу өгч, олонхийн шийдвэрээр таван бөхийн барилдах эрхийг хугацаанаас нь өмнө цуцалж, барилдах эрхийг сэргээсэн. Ийм л асуудал өрнөчихлөө.

-Наадмын сорилго барилдааны үеэр Ч.Санжаадамба аварга нарын бөхчүүд допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй гэсэн тэмцэл өрнүүлсэн. Мөн бидэнд өгсөн ярилцлагадаа энэ талаар олон жил тэмцэж байгаагаа хэлсэн. Таны хувьд ч допингийн хохирогч болж, дараа нь цолоо авсан. Наадмын сорилго барилдаанд ирсэн бөхчүүдэд энэ талаар тайлбар хэлээгүй юм уу. Барилдах эрх нь сэргээгдлээ гээд Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш нар барилдах гээд зодог шуудгаа өмсчихсөн байсан. Яагаад ийм асуудал гараад байна вэ?

-Шүүхийн захирамж, шийдвэрийн дагуу барилдуулахаар болсон. 15 тэргүүлэгч олонхийн саналыг дагасан учраас бөхчүүд барилдахаар цахим бүртгэлд хамрагдсан. Бөхийн холбооны тэргүүлэгчдийн Тогтоол гарсан учраас бөхчүүд бүртгэлд хамрагдаж, Бөхийн өргөөндөө ирсэн юм. Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш нарыг барилдуулах гэхээр бусад бөхчүүд эсэргүүцсэн. Эцсийн маргаантай асуудал юу вэ гэхээр Монгол бөхөд холбоогүй яруу найрагч Ү.Хүрэлбаатар шүүх дээр очоод энэ хэдэн залуустай эвлэрлийн гэрээ хийчихсэнд байгаа юм. Допингтой холбогдсон асуудалд өршөөлийн талын зүйл байдаг шүү дээ. Чөлөөт бөхийн шилдэг тамирчин О.Пүрэвбаатар энэ асуудалд холбогдож, барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан ч 2001 онд дахин тэмцээнд оролцсон. Үндэсний бөхийн холбоо бөхчүүдэд мэдээлэл хүргээгүйн улмаас ийм асуудал гарсан гэдэг нь ташаа ойлголт юм.

-Баяр наадмын тухай хуулинд өөрчлөлт оруулах боломж байгаа юу. Наадмын барилдааны дараа энэ асуудал гардаг. Эдгээр эрх нь сэргээгдсэн таван бөх энэ жилийн наадмаар барилдах уу?

-Бид энэ залуусын мууг үзэх гэсэн юм шиг шүүхийн асуудал дээр заргалдаж яваагүй юм. Хоёр өөр хаягтай Бөхийн холбоог төлөөлөн Ү.Хүрэлбаатар шүүх дээр оччихсон байгаа. Баяр наадмын тухай хуулиар таваас дээш давсан бөхчүүдийг шинжилгээнд хамруулахаар заасан. Харин 2017 онд гарсан Засгийн газрын журам, БСШУСЯ-ны тогтоол, Допингийн эсрэг конвенцид нэгдсэн дүрэм журмаар бол наадмын барилдаанаас бусад явцын үед шинжилгээ авах бүрэн эрх бий. Үүнд ямар нэгэн алдаа гарсан зүйл байхгүй. Энэ талаар БСШУСЯ, БТСГ, Допингийн эсрэг үндэсний төвөөс Бөхийн өргөөнд нэгдсэн байдлаар тайлбар өгсөн. Бөхчүүд үүнийг үзсэн учраас дүрмийн дагуу авсан шинжилгээ гэдгийг сайн мэдэж байгаа. Бас хоёр жилээр эрхийг нь хасах гэсэн зүйл байхгүй. Үүнийг бас сайн ойлгох хэрэгтэй. Гол маргаан юун дээр гараад байна вэ гэхээр шүүх дээр Ү.Хүрэлбаатарын хийсэн эвлэрлийн гэрээ гэдэг дээр байгаа юм. Одоо эдгээр таван бөх энэ жилийн баяр наадмаар барилдах эсэхийг Баяр наадмын салбар хороо шийднэ. Өнгөрсөн жилийн баяр наадмын өмнө бүх аварга барилдуулахгүй гэсэн саналд нэгдсэн.

ДЭЛГЭРЭНГҮЙ 


Наро Банчэн гэгээнтэн: Би рок поп, хип хоп сонсох дуртай

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг Дүвчин Наробагийн XVI дүрийн хувилгаан бол Наро Банчэн Данзанлхүндэв Гэгээнтэн юм. Тэрбээр эдүгээ Энэтхэг улсын Дарамсала хотод Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын үүсгэн байгуулсан Буддын гүн ухааны сургуульд гурав дахь жилдээ суралцаж буй. Гэгээнтэн амралтаараа эх орондоо ирж, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд зохион байгуулсан Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулганд оролцлоо. Уг чуулганы үеэр түүнтэй цөөн хором ярилцах боломж гарч, ярилцсан юм.


-Амар байна уу. Та сайхан зусч байна уу?

-Сайхан зусч байна. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

-Наро Банчэн гэгээнтэн та хэзээ эх орондоо ирэв. Номын цагаан буян арвин уу?

-Би эх орондоо ирээд нэг сар болж байна. Одоо хоёр долоо хоногийн дараа Энэтхэг рүү буцна. Энэтхэгт сайн багш нарын ачаар суралцаж байгаа.

-Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган Монгол Улсад амжилттай болж өндөрлөлөө. Уг чуулганы ач холбогдол, үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган амжилттай болж өндөрлөлөө. Миний хувьд анх удаа энэ чуулганд оролцож байна. Азийн олон орны төлөөлөгчид ирж чуулсан сайхан хурал боллоо. Энх тайвны бага хурал гэдэг утгаараа энэ чуулганы ач холбогдол маш их юм. Хэдийгээр ганцхан чуулган чуулаад дэлхий дахинд энх тайван, амар амгаланг тогтоох боломжгүй ч Азийн буддистуудын төлөөлөл нэг дор чуулж, дэлхий дахинаараа энх тайван, амар амгалан байхад буддын шашны нөлөө хэр байгааг тодорхойлж, цаашид энх тайван тогтвортой байдлыг хадгалахад буддистуудын оруулах хувь нэмрийн тухай ярилцлаа. Шашин шүтдэг ч бай, эс шүтдэг ч бай хамаагүй бүх хүн аз жаргал, амар амгаланг хүсдэг. Аз жаргалыг бие, сэтгэл хоёроор мэдэрдэг. Биеэр мэдрэх амгалан гэдэг маань таван мэдрэхүйгээр мэдэрч буй амгалан юм.

Шинжлэх ухаан, техник технологийн үсрэнгүй хөгжил биеэр мэдрэх зовлон зүдгүүрийг нимгэлж, тав тухыг нэмэгдүүлж байгаа ч хүний дотоод сэтгэлийг амар амгалантай байлгахад төдийлөн нөлөөлж чадахгүй байна. Хүн хэчнээн баян, элбэг дэлбэг байлаа ч дотоод сэтгэл нь амар амгалангүй бол аз жаргалтай амьдарч чадахгүй. Өөрөөр хэлбэл хэчнээн биеийн амар амгалан байсан ч дотоод сэтгэлийн хөгжлийг орхигдуулбал аз жаргалтай амьдрах ямар ч боломжгүй юм.

Дотоод сэтгэлийн хөгжил орхигдохоор хүний сэтгэлд би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн аминч үзэл хүчтэй болж ирдэг. Энэ аминч үзлийн уршгаар бидний бие биеэ гэх сайхан сэтгэл, бусдад хор хүргэхгүй байх ёс суртахуун доройтдог. Би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн аминч үзлийн уршгаар хувь хүн дээр ч тэр, гэр бүл дээр ч тэр, улс орон, цаашлаад дэлхий нийт, байгаль орчинд хүртэл асуудал бэрхшээлүүд үүсч байна. Орчин цагийн техник технологийн хөгжил яг л зэвсэг шиг болж. Энэ зэвсгээр хүн төрөлхтнийг алах уу, аврах уу гэдэг хүний өөрийнх нь дотоод сэтгэлээс хамаарна. Тиймээс дэлхий дахинд дотоод сэтгэлийн хөгжил маш их хэрэгтэй.

-Нийгмийн хөгжил хэлбэр тал руугаа хэт хөгжиж, хүмүүний дотоод сэтгэл рүү өнгийхгүй байна гэсэн үг үү?

-Тийм. Дотоод сэтгэлийн хөгжлийг орхигдуулсны үр дагавар нь би л болж байвал бусад нь хамаагүй гэх аминч үзэл. Энэ үзлийн уршгаар хүн бодит байдлыг байгаагаар нь харж чадахаа больдог. Учир нь бодит байдал дээр аливаа юмс үзэгдэл бусдаас харилцан хамааралтай оршдог. Бидний хүсдэг амар амгалан ч тэр бусдаас хамаарч бий болдог. Бусдаас хамаарч бий болдог амар амгалантай, аз жаргалтай амьдралыг аминч үзлээр бүтээх ямар ч боломжгүй.

Бид өнөөдөр дулаан хувцас, орон байр, хоол хүнс гэх мэт бусдын хийж бүтээсэн зүйлээр амьдарч байна. Бид өөрсдөө эхлээд бусдыг хайрлаж байж бусдаар хайрлуулна. Бусдад тусалж байж бусдаар туслуулна. Бусдын итгэлийг дааж байж бусдад хүндлэгдэнэ.

Хувь хүн өөрөө аз жаргалтай амьдрахыг хүсч л байгаа бол бусдыг бодох зайлшгүй шаардлагатай гэсэн үг. Нэг талаараа бусдыг бодох нь өөрийгөө бодож байгаа хамгийн ухаалаг хэлбэр. Тиймээс бидэнд бусдыг энэрч хайрласан сэтгэл хамгаас чухал. Ингэж чадваас бид бүхэн илүү амар амгалан, эв нэгдэлтэй сайн сайхан амьдарч чадна.

-Гэгээнтэн саяхан Говь-Алтай, Завхан аймагт очиж, сүсэгтэн олонд ном айлдаад ирсэн гэв үү?

-Тэгсэн. Саяхан Завхан, Говь-Алтай аймагт очиж, сүсэгтэн олонтойгоо уулзаад ирлээ. Сүсэгтэн олны “Насны абшиг тавьж өгөөч” гэсэн хүсэлтийн дагуу Цэнд-Аюуш бурхны насны абшиг тавилаа. Хэдийгээр насны абшиг гэж байгаа боловч ёс суртахуун, бурхны шашны сургааль номлолын утга учрыг шалтгааны үүднээс тайлбарласан. Мөн оюутан залуустаа хүний үнэт зүйл ба түүнийг хэрхэн олох талаар лекц уншсан.

-Завхан нутгаас тодорсон гэгээнтэн шүү дээ. Нутаг энэ жил зуншлага хэр байна вэ?

-Энэ жил нутагтаа очоод ирсэн сайхан байна. Зуншлага дажгүй сайхан болж, Отгонтэнгэр хайрханаа тахиад ирлээ.

-Анх Наро Банчэн хувилгааны хойд дүрээр тодрох болсон тухайгаа яриач. Бага наснаасаа онцгой шинж тэмдэг олныг үзүүлдэг байсан гэлцдэг?

-Бурхны шашинд үйлийн үр, дараа төрөл байна гэж үздэг. Дараа төрөл байгаагийн нотолгоо нь дээдэс багш нар, хутагт хувилгаадын дүрээр нотлогдож байна. Анх Далай багшийг тодруулахад хүртэл өмнөх дүрдээ хэрэглэж, эдэлж байсан юмыг таньж байсан олон тохиолдлууд бий. Ерөнхийдөө урьд насны дадал болсон авьяас байна гэж үздэг. Тэр авьяасаар нь хойд дүрийг нь таньж тодруулдаг гэсэн үг л дээ. Жишээлбэл, бурхны ном үзэж эхлэхээр хурдан сэргэх ч юм уу. Миний хувьд бага байхын бусдад тус болдоггүй юмаа гэхэд гай болохгүй гэсэн үзэл бодолтой, өөрийнхөө сэтгэлийг их ажигладаг хүүхэд байсан. Бүр нарийн юм бас ярих дэмий байх.

Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц багшийн ерөөлөөр эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг Наро банчэн хувилгааны 16 дахь хойд дүрээр Завхан аймгийн Отгон сумын иргэн Баянмөнхийн Цэдэн-Иш намайг тодруулж, өргөмжлөн баталсан юм. Наро Банчэн хувилгаан өмнө нь Энэтхэг орноо таван удаа мэндэлж, цаст Төвдийн орноо дөрөв, Монгол газар зургаан удаа хувилан түмэн өлзий гийсэн түүхтэй. Анх Далай багш намайг тодруулахад КТМС-ийн Төрийн захиргааны менежментээр суралцаж байсан юм. Тэгээд Далай багш “Их сургуулиа төгсөөд ир” гэж айлдаад, эх орондоо мэргэжлээрээ бакалавр, магистр хамгаалж, одоо бурхны шашны чиглэлээр суралцаж байна.

-Сүүлд Далай багштай хэзээ уулзсан бэ. Бие лагшин нь тунгалаг уу?

-Өнгөрөгч гуравдугаар сарын 27-нд Дилав хутагттай хамтран Энэтхэгийн Дарамсала хотод гурван хоногийн сургалт зохион байгуулсан. Эхний хоёр өдөр нь бурхны шашны тайлбар номлол, бясалгалын талаар сургалт явуулж, сүүлчийн өдөр Далай багштай хэлэлцүүлэг хийж, асуулт хариулт явуулсан. Далай багшийн бие лагшин нь тунгалаг байгаа.

-Бидэнд гэр бүлээ танилцуулж болох уу?

-Ам бүл дөрвүүлээ. Би айлын ууган хүү. Доороо нэг эрэгтэй дүүтэй. Амралтаараа эх орондоо ирээд Улаанбаатарт ээж, аавтайгаа хамт байна. Манай өвөг дээдэст номтой хүмүүс байсан юм билээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ


"Өөрөө том эрсдэл хүлээдэг Ерөнхий сайдыг ард түмэн хүссэн"

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцэхийг УИХ дэмжээд буй. Ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа бөгөөд УИХ-ын гишүүд тойрогтоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг танилцуулж, санал авч буй. Хуулийн өөрчлөлтийн талаар олон нийтийн дунд маргаан дагуулаад байгаа зүйлсийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцлаа.

Тэрбээр хуулийн төслийг боловсруулахад гар бие оролцсон бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн эх баригчаар томилогдоод байгаа юм.


“АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ ЭСЭХИЙГ УИХ ШИЙДНЭ”

-УИХ олонхын саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж, 20 жил ярьсан зүйлийг ажил хэрэг болголоо?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ямар нэг хэмжээнд хийх  ёстой.  Тэгж байж бид парламентын засаглал, ардчилалаа аврах ёстой. 1992 оны Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байж бид цаашаа явах ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг үе, үеийн парламентууд ярьж, тодорхой төслүүдийг боловсруулж, иргэд, олон нийтээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой олон тооны саналууд ирүүлж байсан бөгөөд энэ бүгдэд дүн шинжилгээ хийж, нухацтай судлан Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай нийцэж буй эсэх, санал бүр хуулийн бусад зохицуулалттай хэрхэн уялдаж буйг сүүлийн хоёр жил нягт судалсан. Төслийг өргөн мэдүүлэх үеэр УИХ-ын даргын онцлон тэмдэглэсэнчлэн энэхүү төслөөр нийгмийн аль нэг бүлэг, давхарга, ямар нэг улс төрийн нам, хүчний эрх ашиг, сонирхолыг онцлон оруулахгүй, зөвхөн Монгол Улсын 3.2 сая иргэний ашиг сонирхол, улс эх орны нийтлэг эрх ашиг, ирээдүй хойчийн төлөө эдгээр нэмэлт, өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд тусгахаар төслийг боловсруулсан.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг сөрөг хүчингүй хэлэлцэж, Ерөнхийлөгчөөс санал аваагүй гэх мэтчилэн парламент дотроо зөвшилцөөгүй гэх шүүмжлэл их гарч байна. Анхны хэлэлцүүлгээс өмнө Ерөнхийлөгч, сөрөг хүчинтэй зөвшилцөх боломж байгаа юу?

-Ер нь бол зөвшилцөл явагдаж байгаа гэж сонссон. Ерөнхийлөгч, Ардчилсан намтай зөвшилцөж, саналыг нь оруулах боломжтой. Ерөнхийлөгчийн саналыг ирэхээр хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэг ажиллаад явна. Харин Ардчилсан намын хувьд анхнаас өргөн барих хүртэл хамт  явсан. Намууд оролцоог ч хангаад ирсэн. Биднийг гол захирах хүн бол 3,2 сая иргэн юм шүү. Миний хувьд бүх л намуудын төлөөлөлтэй ажиллаж ирсэн. Тэр дундаа Ардчилсан намын санал тусгасан, хамт явж ирсэн. Зөвшилцлийн ардчилал Монголд тогтох ёстой, түүний төлөө ч явж байгаа.

Хэлэлцүүлэгийн үеэр гишүүдээс маш олон санал гарч байсан. Ерөнхийлөгчийн саналыг тусгана гэж байна. Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 35 хүртэл хувьд өөрчлөлт оруулна гэх утга нь алдагдах юм биш үү?

-Яаж хэмжээнд нь бариулах вэ гэвэл яг өргөн баригдсан хэмжээнд найруулах, тодруулах, хасах зүйл орж ирнэ. Энэ бүгдийг ажлын хэсэг ажиллаж байна. Хэлэлцүүлгийн явцад хасах, нэмэх зүйл олон гарна. Гэхдээ зөвхөн өргөн баригдсан хүрээнд.

Ард нийтийн санал асуулгыг хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа зохион байгуулна гэж байгаа. Ард нийтийн саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй гэвэл энэ хэлэлцүүлэг шууд зогсох уу?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн зарчмын зөрүүтэй саналаар хурааж, дууссан буюу хоёрдугаар  хэлэлцүүлэг хийсний дараа УИХ ард нийтийн санал асуулгыг авах эсэхийг  хэлэлцэнэ. Хэрэв УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёр нь ард нийтийн санал асуулга явуулна  гэж дэмжих эсэхийг шийднэ. Хэрэв дэмжсэн бол эх бичвэрийг зүйл заалт, цэг таслал бүрээр нь нийт гишүүдийн дөрөвний гурав дэмжсэн эхийг ард нийтийн санал асуулгаар оруулж зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй гэдэг санал хураалтад оруулна. Өөрөөр хэлбэл, УИХ зүйл, заалт бүрээр нь санал хурааж, хасагдсан, дэмжсэнийг эцэс болгож, нэг эх хувилбар батална. Тэр баталсан эхийг зөвхөн ард нийтээр зөвшөөрнө, зөвшөөрөхгүй  гэдэг л санал асуулга явуулна. Ард нийтийн 50 хувиас дээш хувь нь санал хураалтад оролцох бөгөөд 50 хувиас дээш буюу олонх нь дэмжсэн бол түүнийг батлагдсанд тооцно. УИХ бол найруулга, байрлуулах, эвэнд нь оруулах техникийг хийнэ гэсэн үг.

ДЭЛГЭРЭНГҮЙ


М.Энхсайхан: Ерөнхийлөгчөөс айж Монголоо золиослохгүй

Монгол Улсын сайд асан М.Энхсайхантай ярилцлаа. Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас түүнийг Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулах явцдаа бусдад илт давуу боломж олгохыг завдсан, түүнийг нь гурван хүн гэрчилсэн учраас гэх үндэслэлээр баривчлан саатуулсан билээ. Харин шүүхээс М.Энхсайханыг баривчлахдаа Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд сулласан юм.


-АТГ-аас таныг өнгөрсөн долоо хоногт баривчлан саатуулсан. Таны эрхийг шүүхийн шийдвэргүйгээр 24 цаг хассан үндэслэлээ Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулахдаа бусдад илт давуу байдал олгохыг завдсан гэж тайлбарласан байна лээ. Харин та “Манай шүүхэд гялтайх зүйл их байгаа”-д талархсан байсан?

-Прокурор, АТГ-ын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр гэсэн халхавчтайгаар сольсныг үнэн хэрэгтээ Ерөнхийлөгчийн дур зоргоор улс төрийн өрсөлдөгч нартайгаа тэмцдэг, өс хонзонгоо гүйцэлдүүлдэг хэрэгсэл битгий болгочихоосой гэсэн хүлээлт олон хүнд байсан байхаа. Тийм хүлээлттэй хүмүүсийн нэг нь би байлаа. Харамсалтай нь, миний тохиолдол дээр энэ хүлээлт худлаа байж.

Би болсон явдал бүр дээрээсээ зохион байгуулалттай байсан гэж бодож  сууна. Учир нь намайг “..албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдэхийг завдсан үндэслэлтэй хэрэгт шалгаж байгаа ба гэрч С.Эрдэнэ, Н.Батаа, Т.Ням-Осор нар нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж шууд зааж байх тул ..шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсугай” гэсэн мөрдөгчийн тогтоолыг гаргахдаа эдгээр хүмүүсийг “Цензургүй яриа”-ны гол баатар болгож, намайг баахан новшилсон юм байна лээ. Би тоож үзээгүй л дээ.

Гэхдээ худал хэрэг зохиож, худал гэрчүүдээр “шууд заагаад” баривчилдаг болчихвол Монгол маань юутай буруу болох вэ.

Өөрсдийгөө гэрч гэж байгаа хүмүүс гэрээний төслийг уншиж ойлгохгүй, тийм чадамж тэдэнд байхгүй гэдэгт итгэлтэй байна. Бодоод үзээрэй. Хэн нь хэний жүжигчид вэ гэдгийг бүгдээрээ мэддэг болсон цаг шүү дээ. Тэр үедээ анзаараагүй боловч тогтоол нь дугаар үгүй, хянасан прокурорын огноо байхгүй байж.

Шүүх хууль зөрчснийг тогтоож, мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосноор миний 461-р хорих ангид өнгөрүүлсэн хугацаа 24 цаг байлаа. Шүүгч Ерөнхийлөгчийн хүслийг биелүүлээгүй хууль ёсны талд байсан тул манай шүүхэд гялтайх зүйл байна аа гэсэн юм. Шүүх улс төрчдөөс хараат биш, өөрийн итгэл үнэмшилтэй, аливаа  шийдвэрээ хууль ёсоор гаргах нь ямар чухал вэ гэдгийг харуулсан. Ийм шүүгчид маш олон байгаасай гэж хүсч байна.

-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол үндсэндээ огт зурагдаагүй, зурахын даваан дээр улстөрөө даалгүй унасан төсөл биз дээ?

-Харин тийм. Ямар ч хамаагүй үнээр намайг буруутгахын тулд “завдсан” гэсэн нэр томьёотойгоор хууль ёсыг умартаж байна. Гэхдээ би ардчилсан тогтолцоо тэгтлээ дампуурчихаагүй байгаа гэдэгт найдаж байна.

-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах үүргийг Монголын Засгийн газраас танд хүлээлгэсэн. Хөрөнгө оруулалтын тендерийг хэзээ, яаж шалгаруулсан, шалгаруулалт хэр шударга явагдсан бэ. Учир нь, Тавантолгойн гэрээний талаар асар буруу ойлголт нийгэмд байгаа болохоор дөрөв, таван жилийн өмнөх үйл явдлыг товчхон дурдсан нь дээр болов уу?

-Энэ талаар жаахан амьсгаа авч байгаад сэтгүүлчид, олон түмэн рүү хандсан мэдээлэл өргөнөөр өгье гэсэн бодолтой байна. Шалгагдаж байгаа хэргээр элдэв юм яриад яахав гэж бодож суусан маань алдаа байж. АТГ-д компьютераа хураалгачихсан байгаа. Аваад мэдээлэл илүү өгөх бололцоо олдоно биз ээ. Дараа дэлгэрэнгүй ярина аа.

-Хөрөнгө оруулагчдад Монгол Улс тухайн үед ямар нөхцөл тавьж байсан бэ. Яагаад заавал “Энержи ресурс”-ийг шалгаруулсан юм бол. “Энержи ресурс”-ийг шалгаруулсанд зарим хүний “харшил” одоо ч хөдөлдөг юм шиг байна?

-Над руу нэг эрхэм утсаар залгаж байна. Таныг буруутгах замаар Тавантолгойг өөртөө өмчлөх гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн зорилготой ажиллагаа гэж байна лээ гэж. Нээрээ л тийм байх. Бие биедээ атаархах харшил өвчин туссан бол өөрийгөө л эмчлэх хэрэгтэй ш дээ. Бусдаас нэгийг булааж болно, дараачийнхыг мөн булаана, шунал тачаал хязгаарлагдахгүй. Замд нь Монгол хохирно. Дарангуйлагчтай болно. Тэглээ гээд амьдрал сайжирахгүй. Уг нь ийм явдал гаргуулахгүй гэж төр байдаг учиртайсан.

-Та мега төсөл шил мэт хэврэгхэн болохыг аль эртнээс хэлж, сануулж байсан. Харамсалтай нь, үнэхээр хэн нэгэн сайн эр чулуу шидэх төдийд Тавантолгойн төсөл шил мэт бутран унасан даа. Энэ төсөл тухайн үед зурагдаад явсан бол Монголын эдийн засагт ямар үр нөлөө үзүүлэх байсан бол. Миний санаж байгаагаар гэрээ зурагдсаны дараа, 4 тэрбум ам.долларын шууд хөрөнгө орж ирэхээр байсан шүү дээ?

-Намайг буруутгахдаа шинжээчдийн гэх гэрэлтэй, сүүдэртэй холион бантан дүгнэлтийг хэрэглэсэн байдаг.

Тэдний дүгнэлтэд Тавантолгойн төсөл хэрэгжсэн бол сүүлийн  гурван жилд  2 их наяд 475 тэрбум төгрөг улсад орох байж гэсэн байна лээ. Одоогийн “Эрдэнэс Тавантолгой”-н цэвэр ашигтай  харьцуулбал бараг тав дахин их орлого.

Цагаан дээр хараар бичсэн дүгнэлт. Мега төсөл амархан хагарч унадгийн жишээг үзэхээрээ нэг боллоо. Гэвч, бас болоогүй л байна. Мега төсөл хийж сурах хүртэл бидэнд нэлээд хугацаа байна даа. Эрчимтэй суралцмаар байна. Ингэхгүйгээр хурдан, түргэн хөгжилд хүрнэ гэж бодох хэрэггүй.

ДЭЛГЭРЭНГҮЙ 


"2020 оны сонгуулиа бодоод У.Хүрэлсүх юу ч хийхгүй байна"

УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөртэй ярилцлаа.


-УИХ-ын гишүүд тойргийн иргэддээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагыг та хэрхэн харж байна вэ? 

-Монголчуудын үндэсний эрх ашгийг хамгаалсан хамгийн том баримт бичиг бол Үндсэн хууль. Сүүлийн хэдэн парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ярьж ирсэн. Монголчуудын үндэсний эрх ашгийг хамгаалсан баримт бичиг учраас гар хүрэхэд тун хүнд. Тухайлбал, энэ бичиг баримт өөрчлөгдсөнөөр дарангуйлагч төрөх вий гэсэн болгоомжлол хамгийн эхэнд бий. Хоёр дахь болгоомжлол нь Үндсэн хууль өөрчлөгдсөнөөр захиргаадалтын системд шилжих вий, гурав дахь нь эдийн засгийн өсөлт үгүй болж, чөлөөт өрсөлдөөн алагдагдах вий гэсэн болгоомжлол байсаар ирсэн. Шинэ Үндсэн хуулиар монголчуудын олж авсан хамгийн том ололт нь дарангуйллаас салсан явдал. Захиргаадалт, дарангуйллаас салахын тулд хэн нь хэн бэ гэдгийг маш тодорхой хэлж өгсөн. Хэн нь ямар хариуцлагатай, хэн нь ямар үүрэгтэй, хэн нь ямар эрхтэй байх вэ гэдгийг шинэ Үндсэн хуульд маш тодорхой заасан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл бий. Цаг хугацаа өнгөрөх хэрээр нийгэм болон хүн дагаад хувьсан өөрчлөгдөж байна. Нөгөө талаар нийгэмд хамгийн их яригддаг шүүмжлэл бол хүнд суртал, авлига хээл хахууль, хүний нөөцийн бодлогын алдаа, улс төрийн тогтворгүй байдал, мөн хариуцлагагүй сөргөлдөөн зэргийг нэрлэж болно. Энэ бүхэн ард иргэдийн санаа бодлыг чилээж байгаа нь үнэн. Ялангуяа хүний нөөцийн бодлого алдагдаж, төрийн алба тогтворгүй байгааг сүүлийн 10 жил ярилаа. Мөн Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын ажилд хэт оролцож байгаад олон нийт асар их шүүмжлэлтэй хандаж байна. Энэ бүх алдааг засахаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхээр оролдож байгааг би сайшааж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг аль болох баталчихаасай гэж  хувьдаа хүсч байна.

Нөгөө талд коммунист угшилтай хүмүүс социализмыг асар ихээр санагалзаж байна. Энэ тогтолцоог санагалзаж, буцааж сэргээхийг оролдож байгаа хэсэг ч бий.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг МАН дангаараа хийх гэж байгаа нь улс төр талаасаа хүмүүст таалагдахгүй байгаа боловч хуулийн төсөлд тусгагдсан санал санаачилгуудын хувьд аль ч улс төрийн намаас асуухад дэмжих заалтууд цөөнгүй тусгагдсан байна. Тухайлбал, “давхар дээл”-ийг халъя, Засгийн газраа Ерөнхий сайд нь өөрөө байгуулъя, төсөвтэй холбоотой асуудалд Засгийн газарт эрх мэдлийг нь шилжүүлье зэрэг заалтуудыг дэмжинэ гэж харж байна. Өнөөдөр сумын төвийн 1000 иргэн хоорондоо намчирхахаар тэнд хүний нөөцийн бодлого бүрэн алдагддаг. Үнэндээ эрх чөлөөний төлөөх сонгууль нь эсрэгээрээ ад үзэгдэх үр дагавар авчирч байгаа учраас улстөржилтөөс зайлсхийе, сум орон нутагт эрх мэдлийг нь шилжүүлье гэсэн саналууд ч дэмжигдэнэ. Сүүлийн 10 гаруй жилийн улс төрийн амьдралыг харж байгаа хүний хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд орхигдуулсан ямар асуудлууд байна вэ?

-Нэг заалт, нөгөөгөөсөө шууд хамааралтай байдаг учраас хуулийн төслийн заалтуудад үг, үсэг ярихад их төвөгтэй. Тэгээд ч хүн бүхний хүссэн санаа бүрийг нэмэрлэхэд ч хэцүү. Тиймээс миний хувьд санал гаргахаас эмзэглэж байна. Болдогдсон бол сонгуулийнхаа тогтолцоог Үндсэн хуульдаа тодорхой тусгах хэрэгтэй. Тогтолцоог нь тодорхой заагаагүйгээс сонгууль болохын өмнө сонгуулийн дүрмээ өөрчилдөг нь улс төрд бэлтгэгдэж байгаа залууст боломж гарахгүй байх тал бий. Сонгуулийн хуулиа 20 жилдээ тогтвортой байлгахын тулд Үндсэн хуульд тогтолцоог нь маш тодорхой тусгаад өгвөл сайн.

-Сонгуулийн тогтолцоо гэж ярьсных, МАН Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж буй. Сонгуулийн тогтолцоог Улс нэг тойрог байх санал ч гарсан. Уг тогтолцоо манайд хэр зохистой вэ?

-Уг нь бол онол, логик хоёроо харахад боломжтой хувилбар. Жалга довны үзлээсээ салъя гэдэг нь зөв. Улс нэг тойргоор сонгуулийг явуулбал улс төрийн  ченжүүдээс сална гэсэн үг л дээ. “Надад 100 санал байна, Нутгийн зөвлөл, холбоо надад байна” гэдэг улс төрийн ченжүүдээс салах гарц нь мөн үү гэвэл мөн. Харин практик талаасаа асуудал тулгарна. Санал хураалтын тооллогоо хийж чадахгүй, мөн сонгогчид саналаа өгөхөд маш бэрхшээлтэй. Жишээ нь, 1000 гаруй нэр дэвшигч дундаас Доржийн, Батын нэрийг олоход төвөгтэй. Саналаа өгөх нэр дэвшигчээ урт жагсаалт дундаас олоход хэдэн минут зарцуулах вэ гээд аваад үзвэл үндсэндээ долоо хоног санал хураалт явагдана гэсэн үг. Хурднаар явууллаа гэхэд технологи шаардагдана. Жишээлбэл, тухайн нэр дэвшигчийн овог, нэрийг хэлээд саналаа өглөө гэхэд нууц байдал алдагдана. Тэгэхээр МАН бүтэшгүй тогтолцоо гаргаж тавиад, томсгосон тойргийн системийг санал болгох байх гэсэн  төсөөлөлтэй байна.

-УИХ-дахь АН-ын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хууль, журмын дагуу хэлэлцүүлэхийг шаардаж, чуулганы хурлыг орхин гарч, хуулийн төсөлд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Гэсэн ч олонх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжсэн. Ерөнхийдөө цөөнхийн дуу хоолой хүчгүй байх шиг?

-Бид өнөөдөр сөрөг хүчин боловч бидэнд өөрийн гэсэн үзэл баримтлал бий. Энэ үзэл баримтлал, бидний хүсэл зориг ажил хэрэг болж л байвал хэн нь Үндсэн хуулийг дэмжиж, гарын үсгээ зурах нь мянга дахь асуудал. Ялаад хийхийг хүсч байгаа зүйлээ сөрөг хүчин байхдаа хийлгэж чадаж л байвал болж байна шүү дээ. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд УИХ дахь АН-ын зөвлөл болон Ардчилсан намынхны саналыг тусгах, ажил хэргийн уулзалт зохион байгуулах шаардлага эрх баригчдад бий. Ингэхгүйгээр олноороо түрээд явна гэж бодож байгааг үгүйсгэхгүй. Хуулийн төслийг ард түмнээсээ асууж, мөн улс төрийн намуудтайгаа тодорхой заалтууд дээр нь ойлголцох нь чухал. Нэгдсэн шийдэлд хүрч, бусад намуудынхаа оролцоог бий болгож байж батлагддаг ийм онцлогтой хууль. Үндсэн хууль өөрчлөгдсөнөөр бүх зүйл сайн, сайхан болно гэж рекламдах нь нэг хэрэг. УИХ-д 65 суудал авсан эрх баригчид гурван жилийн хугацаанд Монголыг яаж будлиулж, улс төрийн үймээн самуунд хүргэж, хэрхэн олон нийтийн улс төрд итгэх итгэлийг бууруулав гэдгийг эрх баригчид өөрсдөө дүгнэж харах хэрэгтэй. Үндсэн хууль өөрчлөгдөөд хүмүүс нь хэвээрээ байх юм бол Монгол Улс өөрчлөгдөхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаад Засгийн газар нь сахилга баттай, тогтвортой, төрийн алба нь мэргэшсэн зэрэг давуу талууд илэрснээр магадгүй 10 жилийн дараа Үндсэн хуулийн өөрчлөлт зөв байж гэж дүгнэнэ.

ДЭЛГЭРЭНГҮЙ 


"Төсвийн хомсдолоос шалтгаалан шүүхийн хараат бус байдал алдагдаж байна"

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатартай ярилцлаа.


-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, шинэ гишүүдийг сонгох сонгууль боллоо. Одоо Ерөнхийлөгчийн томилгоо хүлээж байх шиг байна. Энэ хугацаанд шүүхийн хараат бус байдлын асуудал ч багагүй хөндөгдөж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагаа хийгдэж дуусаад байна. Энэ сардаа багтаад Улсын дээд шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагаа явагдаж дуусах байх гэсэн хүлээлттэй байна.

Шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаална гэдэг шүүгчдийн зөв, шударга ажиллах эрх зүй, эдийн засгийн баталгааг бүрдүүлэх асуудал юм. Шүүхийн хараат бус байдлыг хангах талаар дэлхийн улс гүрнүүд олон сорилт бэрхшээлийг туулж байна. Манай улс ч хараат бус, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэхэд багагүй саад бэрхшээлтэй нүүр тулж байна.

-Манай улсад шүүхийн хараат бус байдлыг хангахад ямар асуудал тулгарч байна вэ. Яаж шийдэх бол?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн хараат бус байдлыг хангах, хариуцлагатай, иргэдийн итгэлийг хүлээсэн шүүхийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Ерөнхийлөгчийн тамгын газраас энэ оны тавдугаар сард “Төрөөс шүүхийн хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн. Тус бодлогын баримт бичигт, шүүхийн хараат бус байдлыг хангахад тулгамдаж буй асуудлууд болоод үүнийг шийдвэрлэх бодлогыг тодорхой тусгасан.

Мөн шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах талаар НҮБ, дэлхий улс орнууд олон янзын үзэл санаа, зарчмыг дэвшүүлж, зөвлөмж, бодлогын баримт бичгүүд гаргаж байна. Эдгээр үзэл санаа, зарчим, зөвлөмжүүдийг манай улс сайтар судалж, өөрийн улсын онцлогт нийцүүлэн нутагшуулах нь шүүх эрх мэдлийн хөгжлийг дэлхийн жишигт нийцүүлэх, иргэд шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад бодитой алхам болох юм.

Эдгээр олон улсын эрх зүйн зөвлөмж, баримт бичгүүдэд туссан гол нийтлэг, чухалчилж байгаа асуудал нь шүүхийн төсөв. Ойрын жишээ дурдвал, саяхан манай байгууллагаас шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах асуудлаар гаргасан Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжийг эх хэлнээ хөрвүүлэн олон нийтийн хүртээл болгоод байна. Уг зөвлөмжид шүүх хангалттай төсөвтэй байх нь хараат бус ажиллах тулгуур гэдгийг тэмдэглэж, төсвийн хомсдол шүүхийн шийдвэрийн чанарт нөлөөлдөг болохыг онцолсон байна.

Гэвч манай улсад энэ байдал эсрэгээрээ явж байна гэхэд хилсдэхгүй байх гэж бодож байна. Ганц жишээ дурдахад, Монгол Улсын шүүх сүүлийн таван жил хөрөнгө оруулалтын нэг ч төгрөгийн төсөвгүй ажиллалаа.

Түрээсийн байранд, мэргэжлийн байгууллагаас хэзээ мөдгүй нурах дүгнэлт гарчихсан байранд үйл ажиллагаа явуулж байгаа шүүхүүд ч байна. УИХ-аас шүүхэд сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын нэг ч төгрөгийн төсөв батлаагүйгээс байр, машин, техник тоног төхөөрөмжөөр гал алдах дээрээ тулчихаад байгаа.

Үүнээс гадна шүүхээр шийдэгдэж байгаа хэрэг маргааны төрөл жил ирэх тусам өсөж байна. Улсын хэмжээнд 2014 онд 48.5 мянган хэрэг шүүхээр шийдвэрлэж байсан бол 2018 онд 73 мянган хэрэг шийдвэрлэж, хэргийн тоо 50.5 хувиар өссөн байна. Эвлэрүүлэн зуучлалаар жил бүр 8 мянган хэрэг шийдэгддэг бөгөөд үүнийг дээрх тоон үзүүлэлтэд оруулаагүй. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ачаалал нэмэгдэж байгааг дагаад үйл ажиллагааны зардал бодитой өссөөр байгаа. Тэгтэл 2014 онтой харьцуулахад урсгал зардлын төсөв 42 хувиар буурсан. Өөрөөр хэлбэл, төсвийн хомсдолоор шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх түвшинд хүрч байна. Энэ нь маш хор уршигтай зүйл. Шүүхийн захиргааны байгууллагаас шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс арга буюу төсвийн эрх мэдэл бүхий этгээдүүдээс төсөв, хөрөнгө, орон байр, машин техник гуйх нь эргээд тухайн этгээдүүдийн барьцаанд орох, цаана нь иргэдийн эрх зөрчигдөхөд ч хүргэж болзошгүй эрсдэлийг дагуулж байгаа юм.

-Шүүхийн дэд бүтэц ийм хүндрэлтэй байгааг УИХ-ын гишүүд мэддэг биз дээ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 3-т “Шүүх улсын төсвөөс санхүүжнэ. Шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж заасан. Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс төсвийн төсөлд саналаа өгдөг ч, төсвийг УИХ-д өргөн барих болон төсөв хэлэлцэх үед хасагдчихдаг. Үүнээс болоод Үндсэн хууль болон бусад хууль зөрчигдөж байгаа юм.

Шүүхийн тухай хуульд шүүх өөрийн байртай байна гээд тодорхой заачихсан. Гэтэл одоогоор 8 шүүх түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Бүр гадаад улсын эзэмшлийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа шүүх ч байна. Монгол Улсын шүүхийн сан хөмрөг болсон шүүхийн архив гэхэд л нэгэн Дээд сургуулийн байрны нэгхэн хэсэгт, зориулалтын бус орчинд хадгалагдаж байгаа нь өнөөгийн шүүхийн төсвийн бодит төрх.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж манай улсын төсөв, эдийн засаг тэлж байна. Үүнийг дагаад олон арван сургууль, цэцэрлэгийн төдийгүй аймаг, нийслэл, дүүргийн захиргааны байгууллагуудын барилгууд баригдаж шинээр ашиглалтад орсон. Энэ онд л гэхэд Улсын мөрдөн байцаах газар, Тагнуулын газар, Нийслэлийн засаг даргын тамгын газрын барилгууд төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байна. Үүнтэй харьцуулаад жишээ татахад, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхүүд гэхэд л Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ашиглахаа больсон, чанар, аюулгүй байдал хангахгүй хуучин байранд үйл ажиллагаа явуулж байна шүү дээ.

-Шүүхэд хуучин байраа үлдээсэн Сүхбаатар, Хан-Уул дүүрэг, мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар нийслэлд ховор өнгө үзэмжтэй, том ордонд орсон. Шүүх ганц байр барьчихаж болдоггүй юм уу?

-Шүүхүүдийн байрны хангамжийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Хан-Уул дүүрэгт “Шүүхийн цогцолбор” барилгын ажлыг 2013 онд эхлүүлж 5 тэрбум төгрөгөөр зоорийн давхрын барилга угсралтын ажлыг хийсэн. Үүнээс хойш хөрөнгө оруулалтын төсөвгүйгээс барилга угсралтын ажил гацсан байдалтай байна. Өнөөх барилгын суурийн хэсэг элэгдэж 5 тэрбум төгрөгийн төрийн өмч, хөрөнгө үрэгдэх байдалд хүрээд байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ


"Соёлын өвөө анхаарахгүй орхивол маш том асуудал үүснэ"

БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн Аюулгүй ажиллагаа, гамшгаас сэргийлэх хэлтсийн дарга,  профессор Ким Дог Мүүнтэй ярилцлаа.

-БНСУ соёлын өвийн  түүхэн дурсгалт барилга байгууламжийн хадгалалт, сэргээн засварлалтад хэрхэн анхаарч ажилладаг вэ. Энэ тухай туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Улсын хамгаалалттай барилга архитектурын дурсгал ойролцоогоор 100 мянга орчим бий.  БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгээс таван жилд нэг удаа улс, аймгийн хамгаалалттай дурсгалт барилга байгууламжид хяналт тавих судалгаа явуулдаг л даа. Энэ нь соёлын өвийг хамгаалах чиглэлээр ажилладаг холбогдох байгууллагуудаас ажлын хэсэг томилогдож, хяналтын судалгаа хийж, сэргээн засварлах зайлшгүй барилга байгууламжийг Засгийн газарт танилцуулж төсөв авч  ажилладаг. Хадгалалт хамгаалалтыг  судалгааны хүрээлэн болон их дээд сургуулиуд хамтран хариуцна. Соёлын өвийн барилга архитектурын дурсгалт барилга байгууламж хазайлт суулт өгөх8 үер ус, газар хөдлөлтөд өртөхөд Соёлын өвийн судалгааны хүрээлэн дангаараа ажиллаж хүчирдэггүй учраас их дээд сургуулиудтай хамтардаг.  Бид бүхэн соёлын өвийн барилга архитектурын түүхэн дурсгалт барилга байгууламжаа ард иргэдийнхээ тусламжтай хадгалж,  хамгаалсаар ирсэн.

Ард иргэдийн оролцоотой гэхээр олон нийт соёлын өвийн дурсгалт барилга байгууламжаа хадгалж хамгаалахад ямар үүрэгтэй оролцдог гэсэн үг вэ?

-Өмнөд Солонгост бурхны шашны барилга архитектур их байдаг. Сүм хийдийн дурсгалт зүйлсийн барилга байгууламжийг лам нар хамгаалж, соёлын өвийн дурсгалт зүйлсдээ маш их анхаарал хандуулдаг. Мөн оршин суугчдын барилга бий. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн учраас түүнийгээ амь шигээ хамгаалдаг. Түүнчлэн эзэн хааны ордон музейнүүд бий. Тэдгээрийг улсаас хамгаалалтад авч, сэргээн засварлах шаардлагатай зүйлсийг Засгийн газраас цаг алдалгүй төсөв гаргаж, хадгалалт хамгаалалтын асуудлыг нь шийддэг юм.

Монголын түүхэнд холбогдох соёлын өвийн дурсгалт зүйлс хэр байдаг вэ?

-Өмнөд Солонгост  Монгол Улстай харилцаа холбоо тогтоосон сурвалж бичиг их  бий. Солонгосын буддын шашин гэхэд XIII зууны үед Юань улсаас дамжин түгэн дэлгэрсэн байх бололцоотой. Энэ утгаараа Солонгосын томоохон сүм хийдийн дурсгалын хажууд байрлах чулуун суваргын оройд бэлгэдлийн тэмдэг, Монголын эзэнт гүрний үеийн төлөөлөл болсон дурсгал их.   Эдгээрээс онцолход XIII зуун Чингис хааны үед байгуулагдсан  Монголын эзэнт гүрний үлдээсэн дурсгалт барилга худгийн ул мөр Масан гэх газарт үлдсэн байдаг.

-Монголын эртний түүхэн дурсгалт барилга байгууламжийн сэргээн засварлалт хадгалалт хамгаалалтын ажлын хүрээнд хамтран ажиллах явцад эртний сүм хийдүүдийг дижитал зурагт буулгаж байгаа гэж сонслоо. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

-Бид Монгол Улстай 2014 оноос эхлэн соёлын өвийн дурсгалт эртний барилга байгууламжийн хадгалалт хамгаалалтын асуудлаар хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд нэн түрүүнд хийх шаардлагатай ажил нь Монголын соёлын өвийн дурсгал, эртний уран барилга сүм хийдийг 3D дижитал хэлбэрээр бүртгэн баримтжуулах байсан. Дараа нь дата дээр тулгуурлан хэмжээс хийж, Монголд өмнө нь сэргээн засварласан дурсгалт барилгуудтай харьцуулсан судалгаа хийвэл цаашид сэргээн засварлах ажил үр дүнтэй байх боломжтой. Жишээ нь, Архангай аймгийн Өөлдбээсийн хүрээ, Зая гэгээний хүрээний Цогчин дугана,  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Үнстийн хийд болон Чойжин ламын сүм музейд тус тус ажиллалаа.

– Эртний дурсгалт түүхэн дөрвөн сүм хийд дээр ажилласан юм байна. Устаж үгүй болох эрсдэлтэй барилга байгууламж байсан уу?

-Монголд ажиллах хугацаанд Архангай аймгийн Өлзийт сумын Өөлд бээсийн хүрээг  нэн түрүүнд сэргээн засварлах шаардлагатай гэж үзсэн. Энэхүү түүхэн дурсгалт барилга байгууламж нь аймгийн хамгаалалтад байдаг ч яаралтай сэргээн засварлахгүй бол устаж үгүй болох эрсдэл  100 хувь байгаа юм.

ДЭЛГЭРЭНГҮЙ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж