Дархан-Уул аймагт болж буй буудлага спортын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өчигдөр болсон хийн гар бууны дасгалын эрэгтэйчүүдийн ангилалд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваахүү 585 оноогоор алтан медаль хүртэхдээ улсын рекордыг зургаан оноогоор шинэчилжээ. Энэ дасгалд Э.Бадамгарав (“Хүч”), В.Ганцоож (“Алдар”) нар мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.
2015 оны насанд хүрэгчдийн УАШТ-д 15 байгууллагын 150 гаруй тамирчид оролцож байгаа бөгөөд тэмцээний үлдсэн дасгалууд өнөөдөр, маргааш болж аваргууд тодорно. Тэмцээний хаалтын ажиллагаа маргааш буюу зургадугаар сарын 23-ны өдрийн 16.30 цагт болох юм.
2014 оны оюутны ДАШТ-ий хос хүрэл медальт Э.Даваахүү улсын рекордыг шинэчлэв. Фото, 2014 оны Х сар. АНЭУ–Аль Айн хот.
Сануулахад, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Алдар” спортын хороо, “АПУ” ХК-ий тамирчин ОУХМ Энхтайваны Даваахүү 2014 оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хос хүрэл медалийг хүртсэн билээ. Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сарын 8-12-ны өдрүүдэд АНЭУ-ын Аль Айн хотноо тус тэмцээнд хийн гар бууны эрэгтэйчүүдийн дасгалд нийт 30 буудагчаас БНСУ-ын Пак Даехун түрүүлж, Чехийн Дубов Жиндвич, ОУХМ Э.Даваахүү удаалсан. Мөн энэ дасгалд Монголын баг(спортын мастер О.Төгөлдөр, Н.Цэрэнтогтох) Польш, Румыны багийн ард гуравдугаар байрт жагссан юм.
Ч.БОЛОР