С.Бямбацогт: Өрөөрөө өрөө төлдөг болсон

Хуучирсан мэдээ: 2015.06.22-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: Өрөөрөө өрөө төлдөг болсон

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Засгийн газрын тайлан, Өмч хувьчлал, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн саналаа нэгтгэжээ.

2014 оны нэгдсэн тайланд нэгдсэн төсөв 870 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Энэ нь ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэж буй аж. Мөн татварын орлого нэг их наяд төгрөгөөр тасарсан ч хүү торгуулийн орлого 154 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Орлогуудаас ихэнх нь тасарч ганц давуулан биелүүлсэн нь хүү торуулийн орлого аж. Энэ нь төрийн байгууллагын дарамт шахалт ямар байгааг илэрхийлсэн үзүүлэлт гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тодотголоо.

Мөн тэрээр цалин, тэтгэврийн зардал 2012 оныхоос 400 орчим тэрбум төгрөгөөр их атлаа цалинг 6-12 хувиар нэмэгдүүлсэн нь төрийн албан хаагчдын тоо нэмэгдсэний илэрхийлэл. 2012 онд зээлийн үйлчилгээний төлбөрт 34 тэрбум төгрөг төлж байсан бол 2014 онд 500 тэрбум төлсөн. Хүүгийн зардалд нэг их наяд төгрөг төлсөн байна. Өрөөрөө өрөө төлдөг болсон. Цаашдаа өрийн дарамт улам нэмэгдэнэ.

Төсөв ерөнхийлөн захирагч, сайд, дарга нарын гадаад зардал хоёр дахин хэтэрсэн байна. Энэ асуудлаар МАН-ын бүлэг дэд дарга Д.Хаянхярваагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан.

Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөх асуудлыг энэ долоо хоногт УИХ-аар батална. МАН-ын бүлэг нийгмийн салбарт хийх хувьчлал, өөрчлөн байгуулалт гэсэн заалтыг дэмжихгүй гэсэн байр суурь барьжээ. Монголын хөрөнгийн бирж, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мэдээлэл харилцаа холбооны сүлжээ компани гэсэн суурь дэд бүтцүүдийг хувьчлахгүй байх ёстой гэж үзсэн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.

МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслөөр завсарлага авсан шалтгаанаа үйлчилгээний орчны стандарттай холбож тайлбарласан юм. Энэ тухай тэрээр “Хууль санаачлагч эмэгтэй гишүүд хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүртээмжийн тухай яриад байх юм. Мөн түр зуурын арга хэмжээ авах ёстой гэсэн өнгө аястай зүйл яриад байна. Түр зуурын үйл ажиллагаа байж болохгүй. Хэрвээ үйл ажиллагааг нь явуулах юм бол нэлээн чанга стандарт хангасан байх ёстой” гэлээ.

Засгийн газар 2016 онд дээрх хуулийн үйлчлэлийн хүрээнд 60.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргах боломжгүй гэдгээ албан бичгээр илэрхийлсэн байна. Тиймээс энэ бүхнийг судална гэлээ. 

Дээрх мэдээллийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгсөн юм.

-Эрчим хүчний компанийг хувьчлах жагсаалт орж ирсэн гэж байгаа. Энэ асуудалд МАН-ын бүлэг ямар байр суурь барьж байна вэ?

-Тогтоолын хүрээнд 20 орчим хуулийн этгээдийг хувьчлах асуудал орж ирсэн. Монгол Улсын  төсвийн орлого бүрдүүлэх, хувийн хэвшлээ дэмжих үүднээс хувьчилж болно. Гэхдээ Монголын төрийн мэдэлд зайлшгүй байх шаардлагатай нийгмийн салбарын хувьчлалыг хийж болохгүй. Эмнэлэг, сургууль, дэд бүтцийн компаниудаа хувьчлах нь буруу. Эрчим хүчний компаниуд дотор эрчим хүч үйлдвэрлэдэг, дамжуулдаг, түгээдэг компаниуд байна. Түгээх компаниудыг хувьчилж болно. Дамжуулдаг, үйлдвэрлэдэг компаниудыг хувьчилж болохгүй.

-УИХ наадмын дараа ээлжит бус хурал зарлаж магадгүй гэх. Энэ талаар тодорхой мэдээлэл байна уу?

-Ээлжит бус чуулган зарлах асуудлыг даргын зөвлөлийн хурлаар яриагүй байна. 

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард иргэдээс санал асуулга авах хэрэгтэй гэж байсан. Ямар байдлаар энэ асуулгыг явуулах бол?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж амжихгүй. Ирэх намрын чуулганаар хэлэлцэж магадгүй. Зун ажлын хэсэг ажиллах байх. Санал асуулга явуулах нь томоохон арга хэмжээ болно. Тиймээс энэ зун хэлэлцүүлэг явуулах болов уу.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж