М.Бадамсүрэн: “Петро чайна дачин тамсаг” компани танай улсын Засгийн газартай гэрээтэй гэдэг ганцхан өгүүлбэрээр хаацайлж орон нутгийн саналыг үл ойшоодог байсан

Хуучирсан мэдээ: 2019.06.28-нд нийтлэгдсэн

М.Бадамсүрэн: “Петро чайна дачин тамсаг” компани танай улсын Засгийн газартай гэрээтэй гэдэг ганцхан өгүүлбэрээр хаацайлж орон нутгийн саналыг үл ойшоодог байсан

М.Бадамсүрэн: “Петро чайна дачин тамсаг” компани танай улсын Засгийн газартай гэрээтэй гэдэг ганцхан өгүүлбэрээр хаацайлж орон нутгийн саналыг үл ойшоодог байсан

“Дорнод” сонин аймгийн Засаг даргатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Өнгөрсөн жил аймгийн Засаг дарга газрын тосны үйл ажиллагаа явуулдаг “Петро чайна дачин тамсаг” компанийн асуудлаар хатуу байр суурьтай хандаж, түүн дээрээ шийдэмгий зогссон. Үүний үр дүнд анх удаа туслан гүйцэтгэгч шалгаруулах нээлттэй тендер зарласан л даа. Энэ талаар тодруулъя?

-“Петро чайна дачин тамсаг” компани 14 жил газрын тосны үйл ажиллагаа явуулахдаа анх удаа зам арчлалт болон байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр нээлттэй тендер зарлалаа. Зам арчлалтын тендерт Дорнод аймгийн “Авто агро” компани шалгарч, Газрын тосны 19-р талбайгаас Баянхошуу боомт хүртэлх 156 км зам засвар, арчлалтын ажлыг гүйцэтгэхээр болсон. Өөрөөр хэлбэл тухайн замын хэвтээ босоо тэмдэг тэмдэглэгээг шинэчлэн засварлах, хашлагыг арчлах шугам зураас татах гэхчлэн зам арчлалтын ажил юм. Зөвхөн зам арчлалтын нэг жилийн өртөг нь тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй. Өмнө нь бидэнд мэдээлэл хаалттай байсан болохоор ийм ажил байдаг үгүйг, хэн авч, хэрхэн гүйцэтгэдэгийг мэддэггүй байсан. Одоо бол нээлттэй болсон. Дорнодынхон бид шалгуурт нь тэнцдэг юм байна, тэрбумаар хэмжигдэх төсөвтэй ажлыг Дорнодын компани хийж болдог юм гэдгийг бизнес эрхлэгчид ч харж байгаа байх. Байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр 12 төрлийн мөн л тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй ажлын тендер зарлагдсан. Тендерийн зарыг Дорнодмедиа.мн, “Дорнод” телевизээр иргэдэд мэдээлсэн. Уг тендерийн шалгаруулалтад аймгийн ЗДТГ хяналт тавьж ажиллана. “Петро чайна дачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэх ажил өмнө нь хаалттай байсныг бид ийн нээлттэй болголоо. Харин одоо энэ нээлттэй ажилд өрсөлдөх, гүйцэтгэх эрх авах нь бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, иргэдээс ихээхэн хамаарах болж байна.

-“Петро чайна дачин тамсаг” компанийн асуудлуудын нээлттэй болоход орон нутгийн шийдвэр нөлөөлжээ гэж ойлголоо зөв үү?

-БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро чайна дачин тамсаг” компани 2005 оноос Дорнод аймгийн Халхгол, Матад сум 19-р талбайд газрын тосны үйл ажиллагаагаа явуулж байна. Тэр цагаас л “Газрын тосны үр өгөөж Монголчуудад мэдрэгдэхгүй байна. Байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулж байна. Нутгийн иргэд байгалийн баялгийнхаа ашиг шимийг хүртэхгүй байна” гэдэг яриа хэл тасрахгүй үргэлжилсээр өнөөг хүрсэн. Үүнийг тодруулж хэлбэл, газрын тосны талбайгаас хилийн боомт хүртэл хатуу хучилттай зам тавиагүйгээс олон салаа зам бий болж малын бэлчээр талхлалт, цөлжилт үүсэх нөхцөл шалтгаан бий болсон. Ийнхүү газрын тосны үйл ажиллагаа нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж ирлээ. Тиймээс бид 2017 онд газрын тосны тээвэрлэлтийг зогсоосон. Үүний дараа Ашигт малтмал газрын тосны газар, “Петро чайна дачин тамсаг” компани, Дорнод аймгийн Засаг дарга гурав гэрээ хийсэн боловч гэрээнд тусгагдсан үүргээ тус компани биелүүлээгүй. 2018 онд дахин газрын тосны тээвэрлэлт ба гүний ус ашиглахыг зогсоосон. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нэг байр суурьтай байсан.  Яг 37 хоног “Петро чайна дачин тамсаг” компанийн газрын тосны тээвэрлэлт, гүний ус ашиглалт зогссон юм.  Энэ үед Уул уурхай хүнд  үйлдвэрийн Яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголд суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам, үйлдвэрчний эвлэлийн хорооноос олон бичиг тоот ирүүлж байлаа. Бид гаргасан шийдвэртээ хатуу зогсож 2018 оны 10 дугаар сард Ашигт малтмал газрын тосны газар,  Дорнод аймгийн Засаг дарга, “Петро чайна дачин тамсаг” компани гурван талт хэлэлцээрийн ширээний ард дахин суусан. Хэлцэл олон өдөр үргэлжилж амаргүй байсан. “Петро чайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагааг зогсоосны дараа удирдлагууд нь 100 хувь өөрчлөгдөж шинэчлэгдсэн юм билээ. Хэлэлцээрийн үр дүнд тус компани газрын тосны үйл ажиллагаа явуулахдаа Дорнод аймгаас тавьж буй шаардлагуудыг хангаж ажиллахаа илэрхийлсэн.

-Дээрх гурван талт хэлцэлд орон нутгаас ямар саналуудыг тусгасан бэ?

-Хэлцэлд орон нутагт үр өгөөжөө өгөх давуу эрхтэй олон заалт бий. Тус компани байгаль орчныг хамгаалах тухайн жилийн менежментийн төлөвлөгөөндөө орон нутгийн саналыг тусгаж байхаар болсон. Бидний эрх бол хязгаарлагдмал шүү дээ. “Петро чайна дачин тамсаг” компани байгаль орчны жилийн ажлын төлөвлөгөөндөө өмнө нь бидний саналыг тусгадаггүй байсан. “Петро чайна дачин тамсаг” компани тухайн жилд хийх ажлын төсөв төлөвлөгөөгөө Ашигт малтмал, газрын тосны газарт өргөн барьж, Ашигт малтмал, газрын тосны газар Монгол улсын Засгийн газрыг төлөөлөн баталдаг. “Петро чайна дачин тамсаг” компанийн төсөв төлөвлөгөөнд санал оруулах, шаардах, батлахгүй байх онцгой эрх  Ашигт малтмал газрын тосны газарт бий. Одоо энэ төлөвлөгөөнд нутаг усаа гэсэн иргэд бидний санал санаачлага тусгагдахаар боллоо. Хоёрт, бид хэлцэлд тус компанийг ил тод нээлттэй туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж байхыг тусгасан. Бүр тодорхой яривал туслан гүйцэтгэгч компани сонгохдоо шалгуураа хангаж байгаа нөхцөлд орон нутгийн компаниуд давуу эрхтэй оролцоно гэдгийг онцолсон.  Монгол улсаас жилдээ нэг сая тонн түүхий нефть экспортод гарч байна  Ийм их хэмжээний мөнгөний урсгал явж байхад яагаад орон нутгийн иргэд хүртэхгүй байна вэ? Орон нутгийн бизнес эрхлэгчид яагаад “Петро чайна дачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж болохгүй гэж. Олон улсад гадаадын хөрөнгө оруулалт гэж хөрөнгөө оруулаад ашгаа аваад буцахыг хэлдэг. Монгол хүний хийж чадах ажилд өөрсдийн хүмүүсийг авчирч хийлгэж, Монгол компаниудын гүйцэтгэх ажлыг өөрсдөө гүйцэтгэхийг хөрөнгө оруулалт гэхгүй. Энэ бол хөрөнгө оруулалт биш цөлмөх үйл ажиллагаа. Гадаадын хөрөнгө оруулалттай гэхээр гадаад хүмүүс ажиллана гэсэн ойлголт огт биш. Монгол улс Газрын тосны инженер бэлтгэж эхлээд 20 гаруй жил болж байна. Дорнод аймгийн Политехникийн коллежид газрын тосны операторч бэлддэг, энэ жил Дорнод Их сургууль газрын тосны анхны инженерүүдээ төгсгөлөө. Бидэнд боловсон хүчний нөөц байна шүү дээ. Тиймээс бид хэлцэлд гадаад ажилчдын тоог цөөлөх тухай тусгаж тус компани одоогоор 150 гаруй гадаад ажилчныг нутаг буцаагаад байна. Харин эргээд Монгол ажилчдын тоог төдий хэмжээгээр нэмэгдүүлэх ёстой. Социализмын үед манай улсад Орос мэргэжилтнүүд гээд цөөн тооны хүн байдаг байсан. Түүнээс биш Монголын бүтээн байгуулалтад олноороо оросууд ажиллаж байгаагүй шүү дээ. Харин Монголчууд бүх ажлыг хийж байсан.  “Петро чайна дачин тамсаг” компанид гадаадын нарийн технологийн цөөн тооны мэргэжилтэн инженер, зөвлөхүүд ажиллаж болно.

-Үүнээс гадна газрын тосонд ажиллаж байгаа ажилчдын ажиллах нөхцөл байдал тэдний цалин хөлсний талаар байнга асуудал дагалддаг. Яг үүнийг зохицуулах заалт хэлцэлд тусгагдсан уу?

-Газрын тосонд ажилладаг ажилтан ажиллагсдын нийгмийн асуудлыг гурван талт хэлэлцээрт хамгийн эхэнд тусгасан. Нэгд, бид тэнд ажиллаж байгаа ажиллагсдын орчин нөхцлийг сайжруулах ёстой. Эрдэнэт үйлдвэр, Багануур хотыг бид харж байна. Уул уурхайгаа түшиглэж ажилчдынхаа нийгмийн асуудлыг хангасан. Гэр бүл хамт байх орчин нөхцлийг бүрдүүлж орон сууц, сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагыг барьж байгуулсан. Гэтэл “Петро чайна дачин тамсаг” компанийн ажилчдын одоогийн нөхцөл хээрийн геологийн анги шиг л байна. Түр зуур ашиглаад хэзээ мөдгүй явах гэж байгаа юм шиг сендвичин барилгатай. Ажилчид гэр бүлээсээ хол 21 хоног ажилладаг.  Анхнаасаа Монгол улс Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тосны үйл ажиллагаа эхлэхэд л тус компанийг замаа тавь, ажилчдын орон сууц, нийгэм, соёлын үйлчилгээний барилга байгууламжаа барь гэдэг шаардлага тавиад гүйцэтгэснийх нь дараа гэрээ хэлцэл дээрээ гарын үсэг зурах байсан юм. Буруу барьсан байшинг засахад хэцүү. Бараг л шинээр барьсан нь дээр байдаг шиг асуудлууд ар араасаа ужгарсан байна. Гэхдээ бид үүнийг засч залруулахын төлөө бүх чадлаа дайчилна.

-Өнгөрсөн жил Дорнод аймгийн Засаг дарга “Петро чайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагааг хаах шийдвэр гаргахад олон нийт талархаж хүлээж авсан. Яагаад гэвэл бидэнд “Петро чайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагааг зогсоох хүртэл эрх байдгийг бид харсан. “Петро чайна дачин тамсаг” компанийн тухайд олон жилийн өмнөөс МУ-ын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээтэй, орон нутагт хамаагүй л гэдэг байсан. Газрын тосны асуудал бол биднээс давсан төвшинд яригддаг юм байна гэсэн ойлголттой байлаа шүү дээ?

-“Петро чайна дачин тамсаг” компани танай улсын Засгийн газартай гэрээтэй гэдэг ганцхан өгүүлбэрээр хаацайлж орон нутгийн саналыг огт ойшоодоггүй байсан. Гэтэл бидэнд байгаль орчны тухай хууль, бусад хууль тогтоомжоор олгогдсон эрх байна. Шуудхан хэлэхэд хуулиар олгогдсон тэр эрхийг хэрэгжүүлэх сонирхол тухайн албан тушаалтанд байна уу үгүй юу гэдгээс л шалтгаалж ирсэн. Бид нийтийн албан тушаалтан. Олон нийтийн эрх ашгийг дээдэлнэ. Тиймээс нийтийн эрх ашгийн төлөө хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Хууль бус дутагдалтай эвлэрэхгүй ээ. Өнгөрсөн жил “Петро чайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагааг хаасны төлөө улсын төсвийг хэдэн арван тэрбумаар тасалдууллаа, том толгойллоо гэж улс даяар цоллуулсан. Бид нийтийн эрх ашгийн төлөө тийм шийдвэр гаргасан болохоор буруудаагүй ээ. Ард түмний төлөө ажиллах ёстой болохоос биш албан тушаалтны төлөө ажиллаж таарахгүй гэдэг зарчим барьж л ажиллаж байна.

-Та бүрэн эрхийнхээ хугацаанд энэ байр суурин дээрээ баттай зогсож чадах уу?

-Чадна. Би энэ нутгийн унаган хүүхэд. Нутгийнхаа ахан дүүст амлалт өгч сонгогдсон. Бид дуугарахгүй бол өөр хэн миний нутгийн төлөө санаа тавих юм бэ. Цаашид хариуцлагатай уул уурхайг л ажиллуулах зарчмыг барина. Хариуцлагагүй уул уурхайд үгүй гэж эрс хэлнэ.

-Таныхаар хэний эрх ашиг түрүүнд нь байх ёстой вэ? Монгол улс, хоёр улсын хамтын ажиллагааны эрх ашгийг нэгд тавих ёстой юм уу? Орон нутаг, олон нийтийн эрх ашгийг дээдлэх ёстой юу?

-Хэнд ч ойлгомжтой. Монгол улсын эрх ашиг нэгд байна. Түүн дотроо өвөг дээдсээсээ үе удмаараа энэ хязгаар нутагт амьдарч ирсэн иргэдийн эрх ашгийг дээдэлж байх ёстой. Газрын тос олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанаас болж орон нутаг сөрөг нөлөөлөлд өртөж байна. Малчин малаа бэлчээх газаргүй, ундны усгүй болбол амьжиргааг нь хэн залгуулах вэ? Иргэдэд өгөөжтэй, байгальд ээлтэй уул уурхай байх ёстой.  Байгаль орчинд ээлгүй ард иргэдэд ач тусаа өгөхгүй уул уурхайг хөгжүүлэх шаардлагагүй.  Өөр нэг асуудал гэвэл Дорнод аймаг Хятадуудаар дүүрсэн гэдэг мэдээлэл байдаг. Дорнод аймагт гадаадын хөрөнгө оруулалттай хоёр том компани үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын Засгийн газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны гэрээлэгч компани дулааны улиралд 1000 гаруй, бусад үед хэдэн зуугаар тоологдох гадаад ажилчид ажилладаг. Түүнээс биш Дорнод аймаг бие даан шийдвэр гаргаад гадаад ажилчид хэдэн зуугаар нь оруулж ирдэг юм биш. Энэ ялгаа заагийг орон нутгийн иргэд маань ойлгодог. Харин энд ирж үзээгүй, бодит байдалтай танилцаагүй хүмүүст өөрөөр бодогддог байхыг үгүйсгэхгүй.

-“Оюу толгой”, “Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулбал газрын тосноос жилд манай улсад хичнээн төгрөгийн хөрөнгө мөнгө ордог вэ?

-Газрын тосноос Монгол улсад жилдээ 300 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрч байна. Энэ нь “Оюу толгой” “Эрдэнэт” үйлдвэрийн дараа орохуйц хөрөнгө юм. Зөвхөн газрын тосны 21-р талбайгаас байгалийн нөөц ашигласны төлбөрт жил бүр 40 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг. Газрын тосны тухай хуулинд байгалийн нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл бид аймгийнхаа орон нутгийн хөгжлийн санд 40 тэрбумын 30 хувь буюу 12 тэрбум төгрөгийг авч чадахгүй байна. Учир нь Сангийн яамнаас тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд гэж заасан гээд хуульд заасан “тухайн” гэдэг үгийг  хүлээж авахгүй байна. Манай аймаг Халхгол, Матад суманд ногдох учиртай 12 тэрбум төгрөгийг 21 аймаг болон нийслэлд дунджаар 500 орчим сая төгрөгийг хувааж хуваарилдаг. Гэтэл энэ 12 тэрбум төгрөг нь Газрын тосны тухай хууль болон Бүтээгдэхүүн хуваах гэрээнд зааснаар газрын тосны олборлолт явагдаж буй зөвхөн тухайн аймаг суманд хуваарилагдах учиртай юм. Хэрвээ байгалийн нөөц ашиглуулсны 30 хувийг манай аймагт хуваарилдаг бол жилдээ нэг сумын төвийг шинээр байгуулж чадна. Мөн  нэ оноос эхлэн аймгийн төвд баригдаж буй 5,5 км замтай ижил 4 урсгал бүхий 5-6 км замыг жил бүр тавих хөрөнгө гэсэн үг шүү дээ. Ингэж бодохоор газрын тосны ашиг шим, өгөөж тухайн орон нутагт хангалтгүй байгаа нь харагдаж байгаа биз дээ. Цаашид газрын тос, Уул уурхайн талаарх хууль тогтоомж, бодлого шийдвэрийг шинэчилж олборлолт явагдаж буй тухайн баг, сум, аймгийн ард иргэдэд өгөөжтэй болгох нэн шаардлагатай байна.

-Баярлалаа Танд 

Б.ОДМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж